sonin.mn
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний Xll ээлжийн цэргийн баг эмэгтэй цэргийн алба хаагчидтай энэ сарын 19-20-ны өдрүүдэд хоногийн сургуулийг зохин байгууллаа. Уг сургуулийг “Цувааны хамгаалалтыг зохион байгуулж, мэдээлэл цуглуулах” сэдвийн хүрээнд “Бентью” суурин дахь Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа тэргүүний ажиллагааны баазын харуулын хяналтын секторт дотоодын дүрвэгсдийн хуаранд түр ажиллагааны бааз байгуулан зохион байгуулсан юм. 
 
Хоногийн сургуулиар үндсэн болон тусгай үүрэг гүйцэтгэх үед эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэх, холын эргүүлд үүрэг гүйцэтгэх дадлага туршлагыг нэмэгдүүлэх, цагийн байдлын ямар ч нөхцөлд бие даан үүрэг гүйцэтгэх зорилгыг дэвшүүлэн ажилласан. Энэхүү хоногийн сургууль нь секторын хэмжээнд анх удаа эмэгтэй цэргийн алба хаагчдыг мотобуудлагын салааны орон тоонд томилгоожуулан үүрэг гүйцэтгүүлснээрээ онцлог байлаа.
 
Удирдлага, штаб, салбаруудаас нийт 31 цэргийн алба хаагчийг томилгоожуулан, үүрэг гүйцэтгүүлсэн энэхүү хоногийн сургуулийг батальоны ажиллагааны удирдлагын тасгаас удирдан явуулж, дундын хянагч, эсрэг дүрүүдийг томилгоожуулан, үүрэг гүйцэтгүүлэв.
 
Хоногийн сургуулийг зохион байгуулснаар эмэгтэй цэргийн алба хаагчид явган эргүүлийн үүргийг заагдсан чиглэлд гүйцэтгэх, шөнийн цагаар эргүүл хийх, орон нутгийн иргэдээс мэдээлэл цуглуулах, цувааны хамгаалалтыг зохион байгуулах, түр ажиллагааны бааз байгуулан хоноглолт зохион байгуулж, харуулын үүрэг гүйцэтгэх, болзошгүй цагийн байдал үүссэн үед бие даан шийдвэр гарган үүрэг гүйцэтгэх, дадлага чадварыг нэмэгдүүлсэн ач холбогдолтой сургалт болсон юм.
 
Мөн секторын командлагч энэхүү сургуулийн илтгэлийн хариуг ирүүлэхдээ Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, тэр дундаа эмэгтэй цэргийн алба хаагчдын идэвх оролцоо, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн юм.
 
 
 
Ахлах дэслэгч Л.ТҮМЭНДЭЛГЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин