sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицеруудын чуулган” есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа билээ. Чуулганд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон харьяа нэгтгэл, ангиудаас төлөөлж оролцохоор сонгогдсон бүрэлдэхүүнийг 9 дүгээр сарын 5-ны өдөр Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө. 
 
Тэрээр залуу офицеруудад нэгтгэл, ангиасаа шалгаран оролцож байгаад баяр хүргээд энэ чуулганаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бусад нөхдөөсөө суралцах, өөрийгөө дүгнэх нь чухал болохыг хамгийн эхэнд онцлов. Үргэлжлүүлэн Хуурай замын цэрэг хэмээх малгай дор алба хааж байгаа хэн ч даалгасан ажилд хариуцлагатай байж, харилцаа хандлагаараа төлөвшсөн байхыг сануулаад офицер хүн гурван зарчмыг үргэлж баримталж явах ёстой. Үүнд нэгдүгээрт, өөрийгөө бие сэтгэлээр бэлтгэх буюу заасан хугацаанд бэлэн байх чанар. Хоёрдугаарт, ур чадвар, үүрэг гүйцэтгэлт өндөр бөгөөд сурч мэргэшихийн төлөөх хичээл чармайлт дүүрэн. Гуравдугаарт, сэтгэл зүйгээ бэлтгэж, цэрэг хүний онцлог шинж чанарыг өөртөө шингээсэн байхад ажил, амьдралынхаа туршид анхаарахыг захиад удахгүй болох чуулганд өндөр ач холбогдол өгч оролцохыг уриаллаа. 
 
Ялангуяа чуулганы үеэр Хуурай замын цэргийн офицер гэдэг эрхэм алдрыг өндөрт өргөж, зохион байгуулагдсан уралдаан тэмцээн бүрт нь идэвх чармайлттай оролцож, хөдөлмөр аюулгүй байдлаа сахихыг онцлов. Үүний дараа ХЗЦК болон харьяа нэгтгэл, ангиудын залуу офицерууд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийг түшиглэсэн, Төв аймгийн нутаг дэвсгэрт 19 жилийн дараа явагдаж байгаа дайчилгаатай болон орон нутгийн хамгаалалтын хамтарсан сургуулийн явцтай танилцсан юм. Мөн энэ өдөр чуулганд оролцох бүрэлдэхүүнд командлалын Хүний нөөцийн хэлтсийн ахлах офицер, хошууч З.Дөлгөөн, Сургалт бэлтгэлийн хэлтсийн ахлах офицер дэд хурандаа Э.Энх-Отгон нар чуулганы дэс дараалал, төлөвлөгөөний талаар мэдээлэл хүргэж, жигдрэлт, хувийн зохион байгуулалтыг хэрхэн хангах талаар чиглэл өглөө.