sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /The Times of India/. Африкийн холбоо “Хорийн бүлэг”-ийн (G20) байнгын гишүүн болж байгааг Энэтхэгийн Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ариндам Багчи мэдэгджээ.
"Африкийн холбоо “G20”-ийн байнгын гишүүн болно. Энэ бол дээд хэмжээний уулзалтын гол үр дүн юм" гэж тэрбээр “X” (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна. 
 
 
 
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нийслэл хотод нь өнөөдөр эхэлсэн G20”-ийн дээд хэмжээний уулзалтын эхний хуралдаанд үг хэлэхдээ, гишүүнээр элсэж байгаад Африкийн холбоонд баяр хүргэсэн байна. "Африкийн холбоог “G20”-ийн байнгын гишүүн болгох Энэтхэг улсаас тавьсан саналыг гишүүд бүгд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхний дэмжлэгтэйгээр би Африкийн холбоог “G20”-д нэгдэхийг урьж байна” гэж Н.Моди  мэдэгджээ.
 
 
 
Африкийн холбоо нь тивийн 55 улсыг эгнээндээ нэгтгэдэг засгийн газар хоорондын байгууллага юм. Тус холбооны дээд байгууллага нь төр, засгийн тэргүүн нар эсвэл тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс бүрддэг Ассамблей ажээ.
Н.Моди Африкийн холбоог бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх саналыг "G20"-ийн удирдагчдад зургаадугаар сард тавьж байсан талаар "The Times of India" сонинд албан ёсны эх сурвалжийг эш татан мэдээлж байв.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг