sonin.mn
БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Төв банк өчигдөр буюу пүрэв гарагт бодлогын гол гурван хүүгээ 25 суурь нэгжээр өсгөлөө. Еврогийн бүсийн төв банк хүүгээ 10 дахь удаагаа дараалан өсгөх үү эсвэл өсгөхөө түр зогсоох уу гэдэг дээр шинжээчид санал зөрөлдөж байсан юм.
Гэхдээ тус банк шийдвэрээ танилцуулахдаа инфляцыг тогтоон барихын тулд бодлогын хүүг хангалттай өсгөсөн гэж үзэж байгаагаа дахин илэрхийлсэн нь хүүгийн түвшнийг өсгөхөө удахгүй зогсоож магадгүйг харуулж байна. 
 
 
 
Инфляц хэдийгээр буурах хандлагатай байгаа боловч “хэт өндөр” хэвээр байх төлөвтэй байна гэж тус банкны мэдэгдэлд дурджээ. “Евростат” байгууллагаас гаргасан урьдчилсан тооцоогоор, еврогийн бүсийн инфляцын түвшин наймдугаар сард 5.3 хувьтай хэвээр байсан нь дунд хугацааны зорилтот 2 хувиас давсан хэвээр байгаа юм.
 
 
 
Эрчим хүчний үнэ өсөх хандлагатай байгаатай холбогдуулан Европын Төв банк еврогийн бүсийн инфляцын талаарх таамаглалаа энэ онд 5.6 хувь, ирэх онд 3.2 хувь болгон шинэчилжээ. Харин 2025 оны инфляцын таамаглалыг 2.1 хувь болгон бууруулсан байна.
Түүнчлэн зээлийн өртөг нэмэгдэж байгаагаас шалтгаалан эрэлт буурах, олон улсын худалдаа суларч байгаа зэргийг харгалзан тус банк эдийн засгийн өсөлтийн төсөөллөө мэдэгдэхүйц бууруулахаар шийдсэн байна. Тодруулбал, еврогийн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 0.7 хувь, 2024 онд 1.0 хувь, 2025 онд 1.5 хувиар өснө гэж таамаглажээ. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг