sonin.mn

 

Багваахай цэцгийн дэлбээ шиг хөвсгөр зөөлөн ширхэгтэй цагаахан цас шүхэрлэн буусаар байшин барилга, гудамж талбай, зорчигч олон, бие биеэ түшин сүглийлдэх улиасны мөчрийг нэвсийтэл дарав.
 
 
Гудамжаар өөд сөргөө сүлжилдэх машин тэрэгнүүд яст мэлхийн хурдаар урагшилж, яарч бачимдсан нэг нь дохиогоо бухимдангуй ойр ойрхон дуу гаргана. Хаврын хамгийн сүүлчийнх байж болох энэхүү цас ийнхүү урин цагийн удиртгал болон бүхэл өдөржингөө л орлоо.
 
 
Хүмүүс газрын хөрснөө дөнгөж буумагцаа хайлмагтан өнгөө гээх цасан дээгүүр төвөгшөөнгүй, болгоомжтой алхах ч сэтгэлдээ нэг л гэгээхэн бодлыг тээх мэт. Өдөржин шөнөжин бүүдийж цасан ширхгээр ханатлаа мэлмэрсэн тэнгэр маргаашийн мандахын улаан нарнаар сая цэлмэж, үс зүсээ гоодсон залуухан бүсгүй шиг цэмцийн угтав.
 
 
Өчигдөрхөн мөчир дээрх цасаа дааж ядан бөгтийж асан улиаснууд ч бэлтгэл нь ханaсaн тамирчин эр шиг  нэг л жавхаажсан хaрагданa. Навчаа гээсэн нүцгэн мөчрүүд дээр нь нүдэнд үзэгдэх төдий өхөөрдөм жижигхэн хонгорцогууд бий болж, ургах нарны туяаг өчүүхэн биедээ шингээж, хором бүрээр өсөн томрох ажээ.
 
 
Лавтай нэгэн жарныг элээж, өдгөө өвгөрч өтөлсөн ч хажуудах залуу моддоосоо огтхон ч дутахгүй юм шүү гэх шиг сүрлэгээр хүглийх буурал улиасны нэгэн мөчир дээр өнгөрсөн намрын хүйтэн жихүүн агаар, өвлийн цас, шуургыг яагаад ч юм тэсч үлдсэн ганц шар навч шинэ өглөөний наранд улам бүр алтран, сэр сэр салхинаа үл мэдэг ганхана.
 
 
Нахиалж буй хонгорцгууд өсч өндийн, халиурсан цагаан үс бүхий хэнзхэн дэлбээ цухуйхын хэрээр мөнөөх шар навч уралдах мэт угнаасаа эхлэн ногоорно. Дахин шинэ өглөөтэй мэндэлж, бага үд болохын үест улиаснууд унаганы уруул мэт энхрийн зөөлхөн навчсаар өвч бүрхэгдлээ. Намар өвлийг туулан урин цагтай золгосон мөнөөх ганц навчийг ч ялгаж танихын аргагүй болжээ.
 
Эргэх хорвоогийн эс бүхэн залуужих 
 
Энэ хавар уярлын цэнхэр хавар аа.
 
 
Эх сурвалж: "Ганзам" сонин