sonin.mn
Хичээлийн шинэ жилийн нээлт эхлэхэд 20 гаруйхан хоног үлдээд байна. 
 
Есдүгээр сарын нэгнийг хүлээсэн хүүхэд багачууд баяр хөөр дүүрэн суугаа. Үүнтэй зэрэгцэн бүхнийг шинээр эхэл гэж байгаа мэт сурах бичиг, дүрэмт хувцас жил бүр л шинэчлэгдэж байдаг. 
 
Хэзээний эцэг эхчүүдийн толгойны өвчин болсон дүрэмт хувцас энэ жилээс шинэчлэгдэн, орон даяар жигдрэн сурагч бүр өмсөх аж. Энэ талаар элдэв худал үнэн яриа чих дэлсэх болсон. Үүний тухай сурвалжиллаа. 
 
Ойрын өдрүүдэд сурагчийн дүрэмт хувцсыг тойрсон элдэв шуугиан дэгдэж, үнэн зөв мэдээлэл хэрэглэгчдэд хүрэхгүй байгаа нь иргэд олон нийтийг бухимдуулж байна. МУ-ын хэмжээнд нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 70 хувь нь дүрэмт хувцас өмсдөг байсан бол энэ хичээлийн жилээс сурагчийн дүрэмт хувцсыг орон даяар шинэчилж жигдрүүлэх журам гарсан.
 
Энэ ажлын хүрээнд оёдлын 75, сүлжмэлийн 44, самнах найм, эрээх зургаа буюу нийт 130 гаруй үйлдвэрт сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэж буй аж. Энэ ажлын хүрээнд БШУЯ, ШУТИС, ҮХААЯ, Хувцас судлалын төв, Монгол оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо хамтран үнэ, чанар, материал, онцлог, ажлын явц зэрэгтэй танилцахаар “Өүлэн мэнч” компанийг зорилоо.Үүдээр нь ороход толгойгоо өргөх завгүй оёдолчидажиллаж байсан юм. 
 
Хүүхдийн дүрэмт хувцсыг өндөр чанартай монгол хонины ноосоор үйлдвэрлэсэн материалаар оёж буй гэнэ. Харин үнэ өртөгийн хувьд өмнө нь 31000-85000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол энэ жил 37300-99739 төгрөг болж нэмэгджээ. 
 
Гэхдээ үүнийг үйлдвэрлэл эрхлэгчид “өмнө нь сурагчийн дүрэмт хувцас гурван иж бүрдлээс бүрддэг байсан. Харин одоо таван иж бүрдлээс бүрддэг болсон. Тиймээс иж бүрдэл тус бүрээр нь авбал үнэ нь өмнөхөөсөө өндөр биш” гэж байсан. Тэгэхээр сурагчдын дүрэмт хувцасны үнийг бууруулах асуудал байхгүй бололтой. 
 
Боловсролын яамнаас гаргасан графикийн дагуу энэ сарын 25-нд 1-3-р ангийн хүүхдийн хувцас бэлэн болж байгаа бол ирэх сарын 15-нд дунд ангийнх, түүнээс хойш ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцас бэлэн болох нь. 
 
Дүүрэг бүрт 3-4 борлуулалтын цэг нээж байгаа бөгөөд сурагчид харъяалагдах борлуулалтын цэгээс худалдан авах гэнэ. Дүрэмт хувцасны үнэ хэтэрхий өндөр байна гэж зарим эцэг эхчүүд үзэж байгаа. 
 
Тэд энэ талаар эсэргүүцэж хэвлэлийн хурал хүртэл хийсэн. Тиймээс гадуур сурагчийн дүрэмт хувцсыг авахгүй байж болно гэх яриа гадуур тархаж байгаа юм. Энэ үнэн эсэх талаар “Өүлэн мэнч” компаний ерөнхий захирал, Монголын оёдлын нэгдсэн холбооны ТУЗ-ийн гишүүн Ч.Буянбаатараас тодрууллаа. 
 
- Дүрэмт хувцасыг заавал авах шаардлагагүй гэх яриа гарах юм? 
-Тиймээ ийм яриа удаа дараа гарч байгаа. Ер нь бүх сурагчид нэгдсэн жигд хувцастай байх нь хүүхдийн хүмүүжилд хэрэгтэй биз дээ. Бид боловсролын газруудтай болон сургуулийн захирлуудтай хийсэн гэрээний дагуу бүх сурагчид авна гэсэн тооцоогоор үйлдвэрлэж байгаа. 
 
Эцэг, эхчүүд нэг юмыг ойлгох хэрэгтэй. Урьд нь хүүхдүүд цагаан цамц өмсдөг байхад долоо хоногт дөрвөн удаа угаадаг байсан. Харин шинэ дүрэмт хувцасны цамц бол цагаан цэнхэр өнгөтэй цэвэр хөвөн даавуун материалаар хийгдсэн. Бидний тооцоолсноор долоо хоногт хоёр удаа угаахад хангалттай гэж үзэж байгаа. 
 
Энэ нь ээж нарын ажлыг хөнгөвчилж, цаг хэмнэж байгаа юм. Таван иж бүрдэл хувцасыг улсаас 3000 төгрөгөөр үнэлэн оёулж байгаад оёдлын үйлдвэрүүд ихэд бухимдаж байгаа юм. Нэг оёдлын үйлдвэрийн цаана дор хаяж тавь, жаран оёдолчин ажилладаг. 
 
Тэдгээрийг цалинжуулахад энэ мөнгө хангалттай биш, ажилчдын хөлс хүчээ урсган, цаг заваа зарцуулсан бүтээл өөрт нь ямар ч ашиг авчрахгүй цагийн гарз гэнэ. Иймээс оёдлын үйлдвэрүүд иж бүрдэл болох таван хувцасны нэгийг, доод тал нь 8000 төгрөгөөр оёно гэж тогтвол аль аль зардлаа нөхөх боломжтой гэж үзэж байгаа аж. Үүнийг нэг биш нэлээн хэдэн үйлдвэрүүд эсэргүүцэн шаардлага тавьж байна. Энэ бүхнийг учир мэдэх дээд байгууллага шийдэж өгөхгүй бол хичээлийн шинэ жил ойртсоор л.
 
 
Д.Номинчулуун
 
Эх сурвалж: