sonin.mn

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүлч" дээд сургуулийн 10-н жилийн ой энэ онд болж байна. Тус сургуулийн онцлог нь дадлага давамгайлсан аргаар оюутнуудаа сургадаг. Тус сургуулийн 3 дугаар курсын оюутнуудын А.Оюунгэрэл багшаар удирдуулсан "Цахим сэтгүүлзүй" хичээлийн явцад хийсэн сурвалжилгаас цувралаар нийтэлж байна.

Лавлахын цонхноос хаалга хүртэлх таван метр зайд гучаад хүн дараалан зогсчээ. Ажлын цаг эхлэхээс өмнө яаравчлан ирсэн тэдгээр хүмүүс эмчид үзүүлэх цаг авах гэж зогсоо нь энэ. Хоёр бүртгэгчийн нэг эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх ойрын хоёр хоногийн цаг дууссан тул ирэх долоо хоногт ир гэж мэдэгдээд "Хурдал хурдал, ямар удаан юм" гэж уцаарлангуй хэлэхэд үйлчлүүлэгч эмэгтэй "Танайх улсын байгууллага байж хүнтэй ч олигтойхон харьцаж чадахгүй юм аа" гэх сонсогдоно.

Өглөөний 9 цаг 30 минут болж байхад гадаах хорин машины зогсоол нь ч аль хэдийнэ дүүрчихсэн байсан юм. Дараалалд зогссон дээрх гучаад хүний тэн хагас нь л 10 цаг 30 минут гэхэд дугаар авч чадсан байв. Угаасаа өглөөний есөн цагаас дугаарлаж эхзлсэн хүмүүсийн эхний зуу нь л эмчид үзүүлэх цаг авч, үлдсэн нь дараагийн өдрүүдийг хүлээдэг байна.

Баянзүрх дүүргийн эмнэлэг өдөр бүр ийм дүр төрхтэй. Тус дүүрэгт 300 гаруй мянган иргэд амьдардаг бөгөөд Зөвлөх поликлиник болон хоёр амбулаториар өдөртөө 400 гаруй хүнд еглөө есөн цагаас үдийн 15 цаг 30 минут хүртэл үйлчилдэгч хүсэлтэй, шаардлагатай болгоныг нь цаг тухайд нь хүлээн авч чаддаггүй ажээ.

Эмнэлэгт ирэгсдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхэд, шүд, чих хамар хоолой, дотор, рентгэний тасгийг зорьж ирэх тул тэдгээр нь хамгийн их ачаалалтай ажилладаг.

10 дугаар хорооны иргэн Э.Энхжаргал:
-Дугаар авах гэж их зогспоо. Би дотрын эмчид үзүүлэх гэж ирсэн. Миний ходоод хэсгээр хоёр хоног хөндүүрлэжбайна. Намайг 11 цагийн үед ирэхэд дараалал нь дууссан байна. Хоёр хоногийн дараа үзүүлэх цаг авлаа. Эмнэлгийн ачаалал их байгаа нь үйлчлүүлэгчдэд их чирэгдэл учруулж байна гэв. Амбулториор нийт үйлчлүүлэгсэд 2014 оны эхний улирлын үзүүлэлтээр 190 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн улирлынхаас 19 мянгаар нэмэгдсэн тоо ажээ.

-Улирлын шинжээс хамаараад хүүхдийн өвчлөлийн ачаалал болоод үзлэг шалтгаалдаг. Өнөөдөр ачаалал их байгаа боловч өвлийн улирлыг бодвол харьцангуй гайгүй. Үдийн үед гучин хүүхэд үзээд байна гэлээ.

Энэ онд Баянзүрх дүүрэгт Японы Засгийн газрын тусламжийн байгууллага ЖАЙКА-ийн 25 сая ам.долларын санхүүжилтээр ЭМШУИС-ийн жишиг эмнэлэг барихаар болсон ба шинэ эмнэлэгт төрөх, мэс засал, дотор, хүүхэд, мэдрэл, сэтгэц, халдварт, гэмтэл зэрэг үндсэн үйлчилгээнээс гадна бөөр, чихрийн шижин гэх мэт нарийн мэргэжлийн тасгуудад үйлчилгээ үзүүлэх юм байна.

Чанарын албаны лавлагаа мэдээллийн ажилтан Х.Байгаль:
-Ачаалал маш их байна. Иргэд нэг бүртэй ажиллахад бэрхшээлтэй. Бид ачаалалтай холбоотой ажлуудыг эхнээс нь цэгцлэхийн тулд олон төлөвлөгөөт ажлуудыг хийж байна. Өрхийнэмнэлгийнажлыг өргөжүүлэх, ахмад настангууд болоод нялхас руу хандсан үйлчилгээг илүү хийхэд тэдгээрт туслалцаа үзүүлж, эмчийн цаг дугаарыг өрхийн эмнэлгээр тараах ажлууд хийгдэж байна.

Сайн дурын ажилтнуудыг эмнэлэгтээ ажиллуулж хүмүүст эмнэлэг дотор үйлчлүүлэх соёл, дугаар авах, эмчид үзүүлэх, эмчийн өрөө зааж өгөхөөс эхлүүлээд олон тал дээр хамтран ажиллаж байна. Мөн шинэ эмнэлэг баригдах талаар эмнэлгийн удирдах ажилтнуудтай хурлаар ярилцсан. Тус эмнэлэг нь үйлчлүүлэгчдийн ачааллыг одоогийн байдлаар хорин хувиар багасгах төлөвлөгөөтэй байна гэсэн юм.

Тэд одоогийн байдлаар нийт хороогоо эмнэлгүүддээ тэнцүү хувааж үйлчлүүлэгчээ хүлээн авдаг. Харин шинэ эмнэлэг баригдсанаар дахин төлөвлөлт хийж нийт хороондоо хуваахад л одоогийн байгаа ачааллыг хорин хувиар буулгаж чадна гэж тооцоолж байгаа юм байна.

Оюутан Б.Энхзул

Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин