sonin.mn

Хүн амын дунд халдварт бус өвчлөл зонхилж байгаа хэдий ч халдварт өвчин жил бүр дэгдэлт хэлбэрээр гарч, мөн шинэ вирусын халдвар өсөн нэмэгдэж байна. Ер нь халдварт өвчний гаралт, халдварлалтанд хувь хүний дадал, мэдлэг ихээхэн нөлөөлдгийн нэг жишээ бол яах аргагүй бэлгийн замын халдварт өвчин юм.

Манай аймгийн хувьд 2011 онд нийт халдварт өвчний 35,4 хувийг буюу дийлэнх хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж байв. Энэ ч үүднээс халдварт өвчин гарах урьтал үеүүдэд аймгийн Эрүүл мэндийн газраас сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх ажлыг өргөнөөр зохион байгуулдаг. Саяхан гэхэд л хүн ам олноор суурыццаг Бор-Өндөр суманд "Халдварт өвчнөөс сэргийлцгээе" өдөрлөгийг амжилттай зохион байгуулжээ.
Өдөрлөгийн үеэр албан байгууллагуудын дунд "Дэвжээ" тэмцээн зохион байгуулж, нийт 4 байгууллагын төлөөлөл оролцсоноос ЕБС-ийн баг хамт олон тэргүүлсэн байна.Тэмцээнд оролцсон багууд хувь хүний эрсдэлт зан үйлийг шүүмжилж, сэрэмжлүүлсэн утга агуулга бүхий жүжигчилсэн тоглолтыг чадварлаг үзүүлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээж байсан аж. Мөн өдөрлөгийн үеэр Бор-Өндөрийн уурхайн 200-аад ажилчдыг үзлэгт хамруулж, зөвлөгөө өгчээ.

/Хэнтий/
Эх сурвалж: "Хэнтийн мэдээ"