sonin.mn
Тал бүрийн авъяастай, тайз дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн залуу уран бүтээлчдийн нэг бол жүжигчин Э. Ууганбаяр. Тэрбээр “Хувьсал продакшн”-аас урлагийн замналаа эхэлж, бүхий л төрлөөр авъяас чадвараа олонд харуулсан гэхэд болно. Үзэгчид түүний сэргэлэн цовоо, эрч хүчтэй төлөвизийн хөтлөлт болон хөнгөмсөг, шалиг залуугийн дүрээр нь мэднэ. Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
 
-Ярилцлагаа шинэ уран бүтээлийн сонин хачнаас хуваалцаж эхэлье. Хамгийн сүүлд өнгөрсөн намар “Эх орон дуудаж байна” хэмээх дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны киногоор үзэгчидтэйгээ уулзсан байх аа?
 
-“Эх орон дуудаж байна" гэж сайхан уран бүтээлд ажилласан. Тэрнээс хойш “Саарал хүн" кинонд тоглосон. Саяхан найруулагч Б.Тамирын дараагийн уран бүтээл болох “247 градус” нэртэй бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны киноны зураг авалтыг дуусгалаа. Ирэх сард нээлтээ хийх байх. Өмнө нь “Аз жаргалын шок", “Миний ах атаман” зэрэг кинонуудыг хийсэн өсч яваа залуу уран бүтээлч хамт олонтой хамтарч ажиллалаа. Сүүлийн үед ер нь голдуу рекламанд л их тоглож байна даа /инээв/.
 
-“Эх орон дуудаж байна” кино таны ажилласан хамгийн хүнд зураг авалттай кино байв уу. Их хүйтэн үеэр зураг авалт үргэлжилсэн?
 
-Саяхан олон улсын фестивальд явах бас нэг кинонд ажилласан юм байна. Тэр л их хүнд зураг авалттай байсан даа. “Эх орон дуудаж байна”-д адилхан залуу уран бүтээлчидтэйгээ ажилласан. Өмнө нь томоохон хэмжээний кино хийж байсан туршлагатай найруулагч, зураглаачтай ажилласан болохоор нэг их хүнд санагдаагүй. Их сонирхолтой л байсан.
 
-Их олон өдөр гадаа хүйтэнд хөл нүцгэн гүйж зураг авахуулсан байх аа?
 
-Харин тиймээ. Тэр их төвөгтэй байсан. Найруулагчаасаа гутлаа өмсчихье л дөө гээд гуйж үзсэн, уурлаж үзсэн. Даанч зөвшөөрөөгүй л дээ. Яахав жүжигчин хүний үзэх ёстой, давах ёстой л ажил. Тухайн үедээ хэцүү байсан ч одоо бодоход их дурсамжтай зураг авалт байлаа. Хөл нүцгэн гүйхээр хөлөнд өргөс ороод л. Ядаж байхад минийхэд яасан их өргөс ордог юм /инээв/. Харин тэр фестивальд явах кинонд төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУСТА Ц.Төмөрхуяг ах нартай хамт ажилласан. Үүндээ их олзуурхаж байгаа.
 
-Түүхэн сэдэвт кинонд хараахан ажиллаж үзээгүй байгаа байх. Энэ төрлийн кинонд дүрээ үлдээх юмсан гэсэн бодол байдаг л биз дээ?
 
-Хараахан ажиллаж үзээгүй байна. Үнэнийг хэлэхэд тийм санал ч ирж байгаагүй юм байна. Саяхан МУСГЗ, Оросын холбооны Буриад улсын УГЗ Д.Ухнаа гуайтай юм ярьж суулаа. Тэгэхэд “Би нэг л кинонд тоглож байсан юм. Тэр киноныхоо нээлтэнд жигтэйхэн гоёод очиж байлаа. Тэгсэн чинь харамсалтай нь ганцхан араас нь авсан дүрс л гарсан. Өөрөө европ маягийн хувцаслалттай, дээл хувцас өмсч зурганд тэр болгон орж байгаагүй болохоор тэр биз” гээд инээж байна лээ. Би ч тэрэнтэй л адил байх.
 
-Тайзны уран бүтээлд сүүлийн үед ажилласангүй?
 
-Энэ төрлийн уран бүтээл завсарлачихаад байна. Тайзны уран бүтээл тогтсон театрт хийгдэхгүй бол энэ цаг үед их хэцүү болсон юм шиг санагдах юм. Уг нь дэлгэцийн уран бүтээлтэй адилхан хэмжээний хөрөнгө, цаг хугацаа шаардагддаг. Манай хошин урлагийн ах нар их мундаг тайз дүүргэж байна шүү дээ. Үзэгчдэд энэ төрлийн сэтгэл ханамжийг нь хангалттай өгчихөж байгаа. Уг нь манай хүн бид хоёр жилдээ нэг тайзны юмуу дэлгэцийн уран бүтээл хийчих бодолтой л байдаг юм. Гэхдээ тэр бүр санаснаар болохгүй юм.
 
-Жүжигчин Ууганаагийн эхнэрийг бас жүжигчин мэргэжилтэй Б.Уянга гэж бүсгүй байдгийг уншигчид мэдэх байх. Анх хэрхэн “панаалдаж” байв?
 
-Ахын дүү гэж байгаад л аваад суучихсан даа /инээв/. Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг л тэр байх.
 
-Эхнэрийг таны их сайн менежер гэж ярьдаг юм билээ?
 
-Миний арын албыг бүрэн хариуцаж аваа хүн шүү дээ. Надад ямарваа уран бүтээл, ажлын санал ирэхэд хамгийн түрүүнд эхнэртэйгээ зөвлөдөг. Хамтарч шийдвэр гаргадаг юм. Тийм болохоор л тэгэж боддог байх л даа.
 
-Мэргэжил нэгтэй эхнэртэй юм чинь гэр бүлийн продакшн байгуулчихаж болдоггүй юм уу?
 
-“Найзууд” театр гээд бид хоёрын нэр дээр нэг театр байдаг л даа. 2009 онд “Амьдралын амт” гээд киног ангийнхантайгаа хамтран хийж байлаа. Яг байнгын тогтсон уран бүтээлч авалгүйгээр тухайн уран бүтээлдээ тохирох уран бүтээлчтэй гэрээтэйгээр хамтран ажилладаг юм. Тэр нь амар ч юм шиг.
 
-Ингэхэд Ууганбаярынх гэдэг айл хэдэн хүүхэдтэй вэ?
 
-Хоёр хүүтэй. Том нь арав, бага нь таван настай. Хүмүүс нь гурван хүүхэдтэй гэж ойлгодог юм шиг байна лээ. Манай эхнэрийн дүүгийн хүүхэд бид хоёр дээр өсч байгаа юм. Ой гарантай байхдаа бид хоёр дээр ирсэн. Одоо гурван ой гарантай охин бий. Тэгэхээр бараг гурван хүүхэдтэй гэхэд ч болох юмуу даа.
 
-Өөрийнхөө үеийн залуу уран бүтээлчдээс дотроо барьцаж ажилладаг, үнэлж явдаг уран бүтээлчээ нэрлээч гэвэл хэнийг нэрлэх бол?
 
-Би нэг их бусадтай барьцаад, шаралхаад байдаг хүн биш. Бид ганц монголынхоо зах зээлд биш гадагшаа тэлж ажиллах ёстой. Залуу уран бүтээлчдээ улам л сайн ажиллаасай гэж хүсдэг. Харин ахмад уран бүтээлчдээсээ суралцах зүйл бишгүй бий.
 
-Б.Тамир, Г.Анхбаяр гэх мэт залуу жүжигчид найруулагчийн ажил руу хөл тавиад эхэллээ. Харин та энэ төрлийн ажил руу хэзээ хөл тавих вэ?
 
-Би ихэвчлэн тоглолт, арга хэмжээ, тайзны уран бүтээлүүд дээр л найруулагчаар ажиллаж байна. Тэрэнд дурлаж, тэрний амтыг мэдэрсэн хүмүүсийн л хийх ажил. Түүнээс биш найруулах гэдэг хүнд ажил. Хүн болгоны арга эвииг олно, урд хойно нь гарч аргадна. Ямарваа уран бүтээл найрууллаа гэж бодоход тэр нь сайн болбол сайн гэж магтуулна, муу боллоо гэхэд тэрэн шиг муу хүн байхгүй болоод үлдэнэ. Залуу уран бүтээлчид маань сайн байгаа. Тэд нараараа бахархаж байна. Гэхдээ болоогүй. Дөнгөж эхэлж байна.
 
-Ингэхэд гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн байдаг уу?
 
-Байхгүй ээ. Манай аавын талынхан Дундговийнхон. Аавын талын хоёр дуучин бол бий. Дуу хууртай нутгийн хүн шүү дээ.
 
-Танайх уран бүтээлчдийн гэр бүл шүү дээ. Урлагийн хүмүүсийн амьдралын нарийн ширийнийг дэндүү сайн мэдэж байгаа байх. Хүүхдүүд нь том болоод урлагийн мэргэжил сонговол хэрхэн хүлээж авах бол?
 
-Манай том хүү болж магадгүй шүү. Сургуулийнхаа хамаг юманд нь л оролцож явдаг юм. Хоёр хүү минь яаж амьдрахаа өөрсдөө л сонгох байх даа. Сонголтыг нь хүлээж авна даа.
 
-Саяхан инээдмийн төрлийн кинонд тоглосон гэлээ. Энэ удаагийн ажилласан дүр нь ямар онцлогтой дүр байв. Э.Ууганбаярыг арай өөр өнцгөөс харуулсан дүр байж чадав уу?
 
-Бас л адилхан. Надтай хамтарч “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг тоглосон. Олон залуу уран бүтээлчид хамтран ажиллалаа. Хүнийг битгий гадна, өнгөн талаас нь дүгнэж байгаасай гэсэн мэссежийг үзэгчдэд хүргэхийн тулд энэ дүр дээр ажиллалаа. Үзэгчид үзээд дүгнэх байх. Манайд кино урлаг хүчээ авч байна шүү дээ.
 
-Хүчээ авах гэснээс дандаа л ашгийн төлөө гэсэн кассовый кино хийгдээд байгаа юм биш үү?
 
-Энэ ч өөрөө хөгжил шүү дээ. Юу ч хийхгүй том яриад сууж байснаас дээр. Ашгийн төлөө гээд байгаа боловч үзэгчдийн дур сонирхльг хөдөлгөж чадаад, үзүүлж чадаж байна шүү дээ. Үнэхээр муу кино бол хүмүүс мөнгөө төлж үзэхгүй. Тэгэхээр үзүүштэй юм байгаа болоод л үзэж байгаа.
 
-Тэгэхээр үзэгчдийн сэтгэхүйд тохируулж кино хийгээд байна гэсэн үг үү?
 
-Урлагийн хүмүүс тухайн цаг үеэ хамгийн сайн мэдэрч чаддаг гэж би боддог. Ямар нэгэн байдлаар өнөөдөр хэн ч үзэхгүй, хэн ч сонирхохгүй төрөл жанраар кино хийж яах юм бэ. Манайд голдуу инээдмийн жанрын кино хийгдэж байгаа нь үнэн. Гэхдээ тэр хэрээрээ үзэгчид амьдралдаа инээд байлгахыг, инээхийг, хүсч байна гэсэн үг шүү дээ. Би аливааг эерэг талаас нь бодох дуртай хүн.
 
-Ингэхэд танд яагаад найруулагчид голдуу хүүхэмсэгдүү эрийн дүр оноогоод байдаг юм бэ?
 
-Уг нь бол миний ажилласан дүрүүдийн гуч орчим хувь нь л иймэрхүү характертай дүр байдаг. Гэтэл хүмүүс тэр талаар нь илүү мэдээд байгаа юм. Тэгэхээр бас ч гэж гайгүй ажилласан болоод тэр юмуу гэж боддог шүү дээ. Ер нь эмэгтэй хүн гэдэг чинь маш эмзэг, мэдрэмтгий, яг л цэцэг шиг. Тэгэхээр тийм нандин зүйлийг ойлгож чаддаг эрийн дүрд яагаад тоглоод байж болохгүй гэж /инээв/.
 
-Оны өмнө Америк явсан гэсэн. Ямар ажлаар явчихаад ирэв?
 
-“Харанга" хамтлаг, рэппер Gее, жүжигчин Ө.Ихбаяр буюу Чапи, дуучин Б.Баярцэцэг бид хэд Америкийн таван хотод очиж тоглолт хийчихээд ирсэн. Тэр далимд нь тэнд амьдарч байгаа удаан уулзаагүй найз нөхөдтэйгөө уулзлаа. Манай ангийг төгссөн "А Capellа" хамтлагийн гишүүн, жүжигчин Б.Одбаяр маань Нью-Иоркод байгаа. Найзтайгаа очиж уулзсан. Сайхан аялаад ирлээ.
 
-Гадаадад амьдарч байгаа монголчууд маань монголынхоо соёл урлагийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
 
-Сайн байна лээ. Хүний нутагт байгаа болохоор ч тэр үү ойр ойрхон уулзалддаг гэсэн. Тэгээд ч одоо цаг үе нь ямар байгаа билээ. Мэдээллийг хаанаас ч маш түргэн шуурхай авч чадаж байна шүү дээ.
 
-Танд гадагшаа явж амьдрах бодол бий юу?
 
-Байхгүй ээ. Явбал 10,14 хоногийн аялал маягаар л явдаг юм. Түүнээс биш удаан хугацаагаар амьдрах бодол алга.
 
А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс"