sonin.mn
 
МУГЖ С.Жавхлангийн дүү С. Тэргэл монгол үндэсний хувцасны “Нуман донж” хэмээх урлантай болжээ. Тэрээр урлангийнхаа дотоод тохижилтыг монгол гэрийн загвараар тун өвөрмөц хийсэн байна лээ. Түүний урлангаар зочилж, ярилцсанаа хүргэе.
 
-Хятадад нэлээд хэдэн жил суралцаж байгаад ирсэн гэж сонссон. Ямар мэргэжил эзэмшээд ирэв ээ?
 
-Аялал жуулчлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалчихаад ирсэн. Харамсалтай нь манайд энэ чиглэлээр ажиллах боломж жаахан тааруу санагдсан. Улирлын чанартай болоод ч тэр үү. Ингээд л үндэсний хувцас руу орлоо доо. Монголд ирээд гадныхан яг юу үзэх билээ гэж л хамгийн түрүүнд бодсон. Бид юугаа тэдэнд харуулах ёстой билээ. Гудамжаар явахад хятад, солонгосоос ялгагдахгүй л харагдах болж. Тийм учраас монголчууд монгол хувцсаа өмсье л дөө. Гадаадынхан биднийг хараг. Тэр үүднээс л энэ чиглэл рүү орсон. Одоо бараг жил гаруйн хугацаа өнгөрч байна даа.
 
-Энэ төрлийн урлан байгуулах шийдвэрийг хэр удаан хугацаанд бодож байж гаргав. Эртнээс бодож, төлөвлөж байв уу?
 
-Үгүй ээ. Би ерөөсөө энэ зам руу орно гэж бодож ч байгаагүй.
 
-Тэгэхээр санамсаргүй сонголт байсан байх нь ээ?
 
-Харин тийм. Сургуулиа төгсч ирээд ‘‘Хөх нуруут” зоогийн газартаа бас хэсэг хугацаанд ажилласан юм. Тэр надад тохирох ажил биш байсан л даа. Тэр үед өөртөө нэг дээл оёсон юм. Дахиад оёсон ч болох юм шиг санагдаад л. Жавхаа ахынхаа, бэрийнхээ өмсч байгаа хувцас хэрэглэлийг хараад “Би яагаад энэ төрлөөр оёж болохгүй гэж" гэж бодсон л доо. Ингэж л оёж эхэлсэн дээ. 
 
-Өөртөө дээл оёсон гэхээр угаасаа л оёчихдог байсан байна шүү дээ?
 
-Багадаа дээл оёж сурсан юм. Ээж маань надад материал өгөөд дээл оёулдаг байлаа. Эсгэчихээд л ээждээ харуулдаг байлаа. Хамгийн анхны дээлнийхээ сугыг арай их ухчихсан байж билээ. Тэрэн дээр алдаа гаргаснаа мартдаггүй юм. Тэрнээс хойш л оёж байна.
 
-Урлангийнх нь “Нуман донж” гэдэг нэр их сонин сонсогдож байна. Энэ нэрээ тайлбарлаж өгөхгүй юү?
 
-Манай урлангаас гарч байгаа дээлнүүд зөвхөн нуман захтай хийгддэг гэдгээрээ онцлог. Монголчууд эрт дээр үеэс нум сумыг өөрсдийн зэр зэвсэг болгон хэрэглэж ирсэн. Тэрийгээ бэлгэдэл болгож дээлнийхээ захыг нуман захтайгаар хийж өмсч ирсэн юм билээ. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн дээлийн загвар сэргэж, манж захтай дээлээс ялгарч байна шүү дээ. Тэр утгаар бэлгэдэж “Нуман донж” гэж нэрлэсэн дээ.
 
-Ийм нуман захтай дээлийг хүмүүс Хүннү дээл гэж нэрлээд байдаг шүү дээ?
 
-Нэг л ойлголт шүү дээ. Хүннү ч гэж нэрлэнэ. Бид бол нуман зах гэж нэрлэж байна. Зарим хүмүүс Мөөрөлжин, лам зах гэж ч нэрлэдэг юм байна лээ.
 
-Аливаа урлан, загвар зохион бүтээгч бүр өөр өөрийн онцлогтой. Танайхаас гарч байгаа бүтээгдэхүүнүүд зөвхөн энэ нуман захаас гадна өөр ямар онцлогийг шингээсэн байдаг бол?
 
-Спорт хувцас өмсөхөд биед их эвтэйхэн байдаг шүү дээ. Биед сайн сууж өгдөг, хөдөлгөөн хязгаарладаггүй. Бид үндэсний хувцсыг яг тийм байдлаар хийж хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог. Дээл заавал урт байх албагүй. Богино цамц маягтай болгоё. Өмднийх нь суудлыг арай уужуу болгож байна. Энэ нь ямар ч нөхцөлд өмссөн хүний биед эвтэйхэн байна. Хамгийн гол нь эрүүл мэнд талаасаа хүний биед эерэг нөлөө үзүүлж байх ёстой. Салхи нэвтрүүлэх үү, хөлөргөх үү гэх зэрэг зүйлсийг давхар бодолцож байна. Мөн хамгийн наад зах нь угааж арчлахад яаж амар болгох вэ гэдэг дээр ч анхаарч байна. Үндэсний хувцас их чамин байдаг болохоор угааж цэвэрлэхэд саатай эмжээр нь сэмэрчих гээд байдаг. Энэ бүхнийг аль болох амар хялбар болгож шийдэж байгаа юм. Угаалгын машинд хийгээд угаачихаж болохуйц тийм загваруудыг хийж байна. Яг өнөөдөр манайд эрэгтэй гурван загвар, эмэгтэй нэлээд олон загвараар дээл урлаж байна даа. Монгол дээлнийхээ ерөнхий загварыг хэт эвдэхийг хүсэхгүй байна.
 
-Тэгэхээр материал сонголтондоо ач холбогдол их өгч байгаа юм байна шүү дээ?
 
-Тийм шүү. Маш их анхаарч байна. 
 
-Материалаа хаанаас авч байгаа вэ. Ямар төрлийн материал түлхүү хэрэглэж байна?
 
-Дотоодоосоо материалаа авч байгаа. Янз бүр шүү дээ. Өдөр тутмын хэрэглээ талаасаа бодож хийж байгаа болохоор аль болох биед эвтэйхэн даавуун материал түлхүү сонгож байгаа.
 
-Сүүлийн үед гадуур хувцсыг үндэсний хэв маягтай хийж байгаа газрууд мэр сэр харагдах болж. Танайх энэ төрлийн хувцас урлаж байгаа юу?
 
-Хийгдэж байгаа. Би өөрөө үндэсний хувцсыг өдөр тутмын хэрэглээ байгаасай гэж боддог хүн. Манайхан баяр ёслолоор л үндэсний хувцсаа өмсдөг. Үүнийг л өөрчлөх зорилготой. Гадуур хүрмийг ч үндэсний хэв шинж агуулсан хувцсаар орлуулж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Сүүлийн үед залуучууд харьцангуй үндэсний хувцсаа сонирхох болж. Жирийн хүрэм өмсөөд явах биш, үндэсний хээ хуар орсон, монгол захтай тийм хувцсыг сонирхож, захиалж байна.
 
-Таныг дуучин, МУГЖ Жавхлангийн төрсөн дүү гэдгийг уншигчид тэр бүр мэдэхгүй байх. Танд яг энэ үзэл бодол төлөвшихөд ахынх нь нөлөө байв уу?
 
-Байлгүй яахав. Манай аав, ээж их шударга, хөдөлмөрч хүмүүс байсан. Бидний өссөн орчин ч нөлөөлдөг байх.
 
-Ахынхаа тоглолтын болоод өдөр тутмын хувцсыг урлаж байна уу?
 
-Урлаж байгаа шүү. Надаар өдөр тутмынхаа хувцсыг байнга хийлгэдэг. Хариг яг тоглолтын хувцаснуудаг нь Н.Урнаа гэж эгч оёдог. Хэн, хаана, юу оёж байгааг харж байгаад л хийлгэдэг юм. Би санасанд нь хүртэл оёж чадахгүй бол надаар хийлгэхгүй шүү дээ. Бас ахдаа таалагдах аятайхан юм хийчих гээд л суралцаж байна даа /инээв/.
 
-Таныг үндэсний хувцасны урлан байгуулах шийдвэрийг гаргахад ах тань хэрхэн хүлээж авсан бол?
 
-Шууд дэмжсэн шүү. Би нэг сар гаруйг хугацаанд гэртээ сууж 60 гаруй загвараар үндэсний дээл, цамц оёсон юм. Намайг тийм юм хийгээд гэртээ суугаад байгааг ах мэдээгүй л дээ. Хийж дууссаныхаа дараа нэг том гахайнд хийгээд л Жавхаа ахынд авч очоод үзүүлсэн. “Би ийм юм хийчихлээ. Одоо өөрийн гэсэн урлантай болмоор байна’’ гээд л хэлчихсэн. Ах ч намайг их урамшуулсан. Манай урлан байгаа байранд өмнө нь өөр үйл ажиллагаа явагдаж байсан л даа. Тэрийгээ суллаж аваад л орсон. Эхэндээ ганцаараа оёдог байлаа. Өөрөө мэргэжлийн хүн биш болохоор гаднаа хаяг хадахаас ч ичдэг байлаа. Зүгшрээд, утга учраа олж авах гэж хичээгээд л явж байна даа. Явцын дундаа ажилчид нэмж авсан. Манай ах дүү, найз нөхөд эхэндээ их гайхаж хүлээж авсан л даа. “Чи чинь ямар мэргэжилтэй, яаж сурсан хүн билээ. Олон жил гадаадад сурч ирчихээд юм оёод сууж байх даа яадаг юм” гээд л. Одоо бол бүгд хүлээн зөвшөөрсөн /инээв/.
 
-Үйлчлүүлэгчдийн хандлага хэр байдаг вэ. Захиалга өгөхөөр ирж байгаа хүмүүс дуучин С.Жавхлангийн дүү гэдэг үүднээс харьцах тохиолдол гарч байна уу. Янз бүрийн л хандлага гардаг байх?
 
-Тийм шүү. Янз бүр. Гэхдээ Жавхлангийн дүү гэдгийг мэдэх хүн цөөхөн л дөө. Мэдээллийн сайтуудаас харсан зарим нэг хүмүүс таньдаг л юм. Ихэнх нь танихгүй дээ.
 
-“Нуман донж”-ийг зорих гэж байгаа хүмүүс үнэ өртгийн талаар сонирхож байгаа байх. Дан дээл, цамц гэх мэтчилэн загварууд дунджаар хэдэн төгрөгөөр бүтэж байгаа вэ?
 
-Материал, ажлын хөлсөө оролцуулаад монгол эрэгтэй цамц 100-120 мянга, эмэгтэй цамц арай ажиллагаа ихтэй учраас 120-195 мянган төгрөгийн хооронд л бүтнэ дээ. Харин урт дээл дунджаар 250 мянга. Тухайн захиалгын ажиллагаанаас шалтгаалаад үнэ нэмэгдэнэ л дээ. Хүмүүс материалаа аваад ирвэл арай хямдарна. Гэхдээ хүмүүс тэр бүр материалаа сайн мэдэхгүй учраас агшиж сунадаг, будаг гардаг, муу юм аваад ирдэг. Тийм болохоор гаднаас бараг материал авах шаардлагагүй дээ. Апь болох гадуур худалдаанд байгаа хувцаснаас хямд байлгах гэж хичээж байна. Тэгэж байж хүмүүс сонирхоно шүү дээ. Харин манайх манж захтай дээл хийдэггүй. Хүмүүс тийм дээлэндээ их дасчихжээ. Настай хүмүүс их ирж асуудаг юм.
 
-МУГЖ С.Жавхлан тоглолт, клипэндээ дүүгийнхээ урласан хувцсаар гангарч байв уу?
 
-Сая өнгөрсөн зун хийгдсэн “Таван Тэсийн уянга” нэртэй дууныхаа клипэнд миний урласан цамцыг өмссөн. Яг одоо бас миний оёсон хурган дотортой, бор дээл өмсч байгаа. Өмднүүдээ дандаа надаар хийлгэдэг. Уг нь надаар малгай хийлгэнэ гээд байдаг юм. Харамсалтай нь би одоохондоо арай чадахгүй байх гээд хойш тавиад байна. Ах маань өөрөө чамирхаад, гангалаад байдаг хүн биш. Их энгийн хувцас өмсдөг хүн шүү дээ. 
 
-“Нуман донж” урлангийн дотоод засал их сонирхолтой санагдлаа. Яг л монгол гэрт сууж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна?
 
-Аль болох булан тохойгүй байлгах гэж хичээсэн юм. Ямарваа муу зүйл булан тохойд л хоргоддог гэдэг шүү дээ. Харин монгол гэрт тийм хоргодох орон зай байхгүй. Тэр утгаар нь бэлгэдэж дотор заслаа хийсэн.
 
-Энэ санааг хэн гаргав?
 
-Жавхаа ахын санаа. Ер нь манайхаас гарч байгаа хувцасны ихэнх нь ахын санаа шүү дээ. “Өмд нь ийм баймаар байна. Торгоны хэрэглээг багасгаарай” гэх мэтээр санаа хэлнэ шүү.
 
-Өөрөө өдөр тутамдаа өмсдөг учраас илүү сайн мэддэг байх. Тэр утгаараа зөвлөгөө, санаа өгдөг байх л даа?
 
-Тийм шүү. Аль болох ахынхаа хэлсэн санаануудыг хэрэгжүүлэхийг л хичээдэг дээ.
 
-Европ хувцсыг захиалгаар хийлгэхэд хэд хэдэн удаа өмсч, хэмжээ авахуулдаг. Харин үндэсний хувцасны эсгүүр, оёх техник нь өөр байдаг байх?
 
-Бас ялгаагүй өмсүүлж хэмжээ авна л даа. Уг нь монгол дээлний эсгүүр, хэмжээ авалт өөр. Гэхдээ бид монгол оруулгатай эмэгтэй цамц зэрэг хувцас хийж байгаа болохоор нарийн хэмжээ авахаас өөр аргагүй.
 
-Ахынхаа хувцсыг урлаад гаршиж байгаа байх. Одоо биенээс нь хэмжээ ч авахаа больчихсон байх даа?
 
-Нээрээ л тийм шүү. Бүр мэддэг болчихсон. Гэхдээ би өөрөө жаахан гял цал юманд дурлаад байдаг юм. Харин ах тиймэрхүү тод өнгөтэй, хатгамал, хээр хуартай юм өмсөхөөс ичээд байдаг тал бий /инээв/.
 
-Та өөрөө өдөр тутамдаа үндэсний хувцсаа өмсч байна уу?
 
-Сүүлийн жил шахам байнга өдөр тутамдаа үндэсний хувцас өмсч байна.
 
-Үндэсний хувцсаа өдөр тутамдаа өмсөхөд хүмүүс хэрхэн хүлээн авч байна вэ. Ойлгох нь ч бий, ойлгохгүй нэг нь ч бий шүү дээ? 
 
-Ихэнх нь гайхаж хүлээж авдаг. Намайг харахад хөдөөний хүн үү гэхээр үгүй, настай хүн үү гэхээр бас биш. Зарим нэг нь сонирхоод "Хаана хийлгэсэн юм бэ” гээд асуудаг. Гэхдээ сүүлийн үед хүмүүсийн хандлага илт өөрчлөгдөж байгаа.
 
-Жил шахам үндэсний хувцас өмсч байна гэлээ. Өмнө нь өмсч байсан европ хувцсаа үгүйлж байна уу?
 
-Би европ хувцаснуудаа шатаачихсан. Өмнө нь ах дүү, хамаатан садандаа өгчихдөг л байсан. Гэхдээ хүн өөрийнхөө энерги шингэсэн зүйлийг цэвэр хадгалах ёстой юм билээ.
 
-Багадаа үндэсний хувцас хэр өмсч өсөв?
 
-Манай ээж бидэнд дан өөрийнхөө оёсон хувцсыг өмсгөдөг байлаа. Буриад гутал, малгай, дээл гээд л миний ээжид оёдоггүй, чаддаггүй зүйл байдаггүй л байсан даа.
 
-Монгол үндэсний хувцас зөвхөн дээл, хантаазаар хязгаарлагдахгүй. Монгол гутал, бүс, малгай гээд зүйлүүд бас бий. Танайх эдгээрийг урлаж байна уу?
 
-Бүс бол хийнэ. Харин малгай, гутлыг бол хийхгүй ээ. Би тийм олон юм руу зэрэг орохгүй. Хувцсаараа л дагнана.
 
-Сүүлийн үед бөс бараа, материалууд бараг урлагийн бүтээл шахуу болж. Тиймэрхүү хээ хуартай, зургийн элемент агуулсан хувцас урлах бодол байгаа юу?
 
-Зуны загварууд яг энэ төрлийнх байна. Гоё гоё материалууд бэлдчихсэн байгаа.
 
-Өмнө нь өмсч байсан дээлэндээ засвар хийлгэх тохиолдол гардаг. Ийм тохиолдолд танайд хандах боломжтой юу?
 
-Би шинэ хувцсан дээр л ажилладаг. Хүний энерги шингэчихсэн, хуучин хувцсан дээр ажиллах дургүй.
 
-Таны ах зөвхөн хувцаслалт төдийгүй их үндсэрхэг үзэлтэй хүн. Харин таны үзэл бодол ямар байдаг бол?
 
-Би ч их үндсэрхэг үзэлтэй хүн. Сүүлийн үед телевизээр мэдээ үзэхээр их бухимддаг болоод байна шүү. Бараг л талбай руу гүйж оччих гээд л байна /инээв/. Манай монголчууд ерөөсөө нэгдэхгүй байна. Их хүлцэнгүй хүмүүс юм. Өлсч байна, зээл өрөндөө баригдаж байна. Тэгсэн атлаа тэсээд л, гүрийгээд л яваад байна. Уг нь бол бүгд тэмцэх ёстой л юм.
 
-МУГЖ С.Жавхлангийн дүү гэхээр хүмүүс сонирхож байж болох юм. Хэр урлагийн авьяастай хүн бэ?
 
-Надад тийм айхтар хоолой заяагаагүй ээ. Гэхдээ аянаасаа зөрчихгүйхэн шиг эвийг нь олоод дуулчихна. Хүүхэд байхдаа бүжиглэх их дуртай байсан.
 
-Ахтайгаа их адилхан юм. Адилхан гэдэг үгийг олон хүнээс сонсч байв уу?
 
-Адилхан л гэдэг юм. Манай том эгч бас надтай нэлээд адилхан. Дууны өнгө хүртэл адилхан гэдэг юм. 
 
А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс"