sonin.mn
-Энэ талаархи мэдлэг дутуугаас өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа юм байна-
 
Эмэгтэйчүүдийн эрх ашиг, эрүүл мэндийн талаар хэвлэл мэдээлэл олон улсын байгууллагууд үргэлж ярьдаг хэрнээ эрчүүдийн нийгмийн нөхцөл байдал, эрүүл мэндийн асуудпыг төдийлөн хөнддөггүй шүү дээ. Түүнчлэн манай улсад эрэгтэйчүүдийн эмнэлэг тоотой хэдхэн байдаг хэдий ч эрчүүд тэр бүр үзүүлээд байдаггүй байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар “эрэгтэйчүүдийн” гэх тодотголтой найман эмнэлэг албан ёсоор үйл ажиллагаа явуулан тусламж, үйлчилгээг үзүүлдэг юм байна. 
 
Эрүүл мэндийн анхан болон дунд шатлалын эмнэлэгүүдэд эрэгтэйчүүдийн кабинет хэмээн төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаггүй учраас эрчүүд улсын эмнэлэгийн элэг, зүрх судас, мэс заслын эмч нараар үйлчлүүлэн эмчилгээ, сувилгаагаа авдаг. Түүнчлэн эрчүүд эрүүл мэндээ төдийлөн ойшоодоггүй учраас өвчнөө хүндрүүлж, эцсийн шатанд орох үед нь л эмнэлэгт хандах тохиолдол их байдаг аж.
 
Анхны эрэгтэйчүүдийн эмнэлэг 1996 онд байгуулагджээ
 
Монгол Улсад анхны эрэгтэйчүүдийн эмнэлгийг “Цэ-Пү" нэртэйгээр 1996 онд Хүний гавьяат эмч, клиникийн профессор Ч.Цэдэн-Иш санаачлан үүсгэн байгуулснаас хойш 19 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Бид тус эмнэлгээр орлоо. Уг эмнэлэг Сүхбаатар дүүргийн II хороонд буюу Улсын циркийн зүүн талд байрладаг аж. Нэг жилд дунджаар 15000 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдзг гэнэ. 
 
Үүсгэн байгуулагдсанаас хойшхи 19 жилийн хугацаанд 250 мянга гаруй эрчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Энд амбулаторийн үзлэг оношлогоо, өдрийн эмчилгээний кабинет гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн шээсний ерөнхий шинжилгээ, түрүү булчирхайн шүүдэс, үрийн шингэн, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ, эхогоор бөөр, давсаг, түрүү булчирхайн оношлогоог хийдэг байна. 
 
Эмч нарын хэлснээр ер нь эрэгтэй хүмүүс сардаа биш юмаа гэхэд жилдээ нэг удаа үзлэг шинжилгээ хийлгэж байх ёстой ажээ. Түүнчлэн тус эмнэлэг түрүү булчирхайн хоргүй хавдар, түрүү булчирхайн хурц архаг үрэвслүүд, шээсний сувгийн үрэвсэл, үрийн хүүдийн үрэвсэл, төмсөг, төмсөгний дайврын үрэвсэл, бэлгийн сулрал, эрэгтэйчүүдийн үргүйдэл зарим хэлбэр, бөөр, давсагны үрэвсэл, БЗХӨ зэрэг өвчнүүдийг эмчилж байгаа гэнэ.
 
Түрүү бүлчирхайн архаг үрэвсэл нь 20-50 насны эрчүүдийн 30 хувьд тохиолддог гэнэ
 
Эрчүүдийн санааг зовоодог түрүү булчирхайн цочмог үрэвсэл нь харьцангуй цөөн тохиолддог бол архаг үрэвсэл нь 20-50 насны эрчүүдийн 30 хувьд тохиолддог гэнэ. Түрүү булчирхайн үрэвсэл буюу простатит нь эрэгтэйчүүдийн дунд хамгийн өргөн тархсан бөөр, шээсний замын өвчнүүдийн нэг ажээ. Энэ нь хоёр шалтгаантай байдаг байна. Эхний бүлэгт нь янз бүрийн бактер, вирус, эсвэл мөөгөнцөрт өвчнөөс үүдэлтэй халдварын гаралтай түрүү булчирхайн үрэвслүүд багтдаг. 
 
Хоёрдугаар бүлэгт нь түрүү булчирхайн шүүрэл болон хураагуур судасны цусны эргэлт удаашрахаас үүдсэн түрүү булчирхайн үрэвслүүд багтдаг гэнэ. Харин бэлгийн сулрал нь бэлэг эрхтний хөвчрөлт сулрах буюу хөвчрөхөө болих, эсвэл үрийн шингэнээ түргэн алдах гэсэн үндсэн хоёр хэлбэрээр илэрдэг байна. Эдгээр нь дангаараа юм уу эсвэл нэг нь нөгөөтэйгээ хавсарч тохиолдож болдог. 
 
Мөн бэлгийн сулрал нь сэтгэлийн шалтгаант өвчнүүд болох мэдрэлийн ядаргаа, сэтгэл гутрал, зүрх, бөөрний өвчин, сүрьеэ, чихрийн шижин, шээс бэлгийн замын архаг өвчнүүд, ходоод гэдэсний болон арьс өнгөний зэрэг олон өвчний үед элбэг тохиолдож байгааг мэргэжлийн эмч хэлсэн. Гэхдээ тархи, толгой, нуруу нугасны гэмтэл, бэртэл, нойр алдах, витамин дутагдах, дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүд зэрэг нь бэлгийн сулралыг үүсгэж болдог гэдгийг ч бас хэллээ.
 
Түрүү бүлчирхай, бэлгийн сулралыг уламжлалт аргаар таван цулын эмчилгээтэй хослуулан эмчилж болдог
 
Тус эмнэлгээс холгүйхэн бас нэгэн эрэгтэйчүүдийн эмнэлэг байрладаг аж. Тэр бол Сүхбаатар дүүргийн III хороо буюу бидний сайн мэдэх “Далай ээж" захын урд талд байрлах “Андромед" эмнэлэг. Тус эмнэлэг 2005 онд байгуулагджээ. Энд эрэгтэйчүүдийн түрүү булчирхай, бэлгийн сулралыг уламжлалт аргаар буюу зүү төөнүүр, физик эмчилгээгээр дотор эрхтэнүүд болох таван цулын эмчилгээтэй хослуулан эмчилдгээрээ онцлогтой аж. 
 
Ер нь сүүлийн үед эрчүүд эрүүл мэнддээ анхаарах хандлага нь нэмэгдсэнээр олон эрчүүд ирж үзүүлж эмчлүүлж байгаа гэнэ. Сүүлийн үед ирж байгаа хүмүүсийг ажиглаж байхад 20-с дээш насны залуучууд нэлээд эмчилгээ хийлгэж байна. Харин дараагаар нь 40-с дээш насныхан үзүүлэх хандлагатай болсон аж. Үзүүлж байгаа залуусын дунд дийлэнх нь БЗХӨ, тэр дундаа тэмбүү, заг хүйтэн өвчтэй ирдэг байна. 
 
Харин ахимаг насны эрчүүдийн дунд түрүү  булчирхайн үрэвсэл нэлээд байгаа аж. Мөн сүүлийн үед эрчүүдийн шүдний өвчин болоод байгаа өвчлөл нь бэлгийн сулрал гэнэ. Эрэгтэйчүүдэд энэ талаархи мэдлэг дутмаг байгаагаас эдгээр өвчлөлүүд нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг тус эмнэлгийн эмч хэлж байсан юм. Зүү төөнүүрийн аргаар хийдэг эмчилгээ нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэнэ. Гэхдээ дээд тал нь гурван курс эмчилгээ хийнэ. Тэгээд дундаа 15 хоногийн завсарлагаатай явагддаг аж.
 
Хөвч таслах мэс ажилбарыг зургаагаас дээш насны хүүхдүүдэд хийдэг аж
 
Хүмүүсийн сайн мэдэх “Гарьд манлай” эмнэлгийг зорилоо. Эднийх бууриа сэлгэн Баянгол дүүргийн XVI хороо буюу Гандантэгчилэн хийдийн төв хаалга руу өгсөх замд нүүж очсоныг уншигчид мэдэж байгаа биз ээ. Тус эмнэлэг 1999 онд эрэгтэйчүүдийн өвчин судлалын чиглэлээр амбулаторын үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд 2009 оноос хэвтүүлж эмчлэх 50 ортой эмнэлэг болон өргөжсөн байна. 
 
Одоогоор дотор уламжлалт эмчилгээ, мэс засал, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн өвчинг оношлох, эмчлэх үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Дээр дурьдсан эмнэлгүүдэд хийгддэг эмчилгээнүүдийг мөн хийдэг. Харин нэг онцлог нь янз бүрийн шээс хаагдах өвчин, эр бэлэг эрхтний шамрах, хөвч таслах мэс ажилбарыг бас хийдэг гэнэ. 
 
Хөвч таслах мэс ажилбарыг зургаагаас дээш насны хүүхдүүдэд хийдэг аж. Түүнчлэн бэлэг эрхтэн томруулах хүсэлтэй эрчүүдэд зориулалтын суулгац хийж өгдөг байна.
 
Эмчийн үзлэг оролгүйгээр эм аваад үучихвал эдгэнэ гэдэг том төөрөгдөл
 
Манай улсад эрэгтэйчүүдийн эмнэлгийн орон тоо цөөн, улсын болон дүүргийн эмнэлгүүдэд энэ орон тоо байдаггүй. Гэвч олзуурхууштай нь Анагаах ухааны эмч нарын дараахь академи буюу сургалтад эрэгтэйчүүдийн эмч бэлтгэдэг болоод арваад жил болж байна. Энэ чиглэлээр эмч нар бэлтгэгдээд байдаг гэтэл тэдэнд ажлын байр байдаггүй, хэдэн хувийн эмнэлэг л байгаа гэнэ. 
 
Уг нь бол гадны жишигт эрэгтэйчүүдтэй холбоотой зүйлийг урологи, мэс засал, бэлгийн замын эмч нар болон сэтгэл зүйчид хавсран хийж байна. Түүнээс биш бусад гадны орон шиг эрэгтэйчүүдийн тасаг манай улсын эмнэлгүүдэд алга. Манай эрчүүд эмчийн үзлэгт оролгүйгээр өөртөө онош тавиад эм аваад уучихдаг, тэгээд л эдгэчихнэ мэтээр боддог гэнэ. 
 
Энэ бол том төөрөгдөл аж. Эмч заавал лабораторын шинжилгээ хийлгэж, үзлэг хийж байж дараа нь онош тавиад, түүнээсээ үүдээд эмчилгээ заадаг. Эмчийн заасан эмчилгээг ягштап дагах ёстой бөгөөд эдгэрсэн гэж эмч үзвэл ахиад лабораторын шинжилгээ хийж магадладаг ёстой. Ингэлгүйгээр шинж тэмдэг арилсан төдийхнийг эдгэрсэн гэж өөрөө оношлоод эмчилгээгээ хаях зэргээр өвчнөө улам архагшуулж, даамжруулах нь цөөнгүй. 
 
Иймд заавал эргэх холбоотой байх ёстой аж. Гэтэл зарим нь Халдвартын эмнэлэг орчмоор олон үзэгдмээргүй байна, ичээд байна, онигоонд орвол яана, хүн харчихвал яана аа гэх мэтийн утгагүй шалтаг заагаад өвчнөө хүндрүүлдэг гэнэ. Харин дэр дурьдсан эмнэлгүүд эрэггэйчүүдийн өвчинг оношлох, эмчлэх тусламж үйлчилгээг тэдний сэтгэл санаа, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд чанартай, аюулгүй үйлчилгээг үзүүлж чадаж байгаа юм. 
 
Түүнчлэн хүний нууцыг чандпан нууцлаж, маш их хүндэтгэдэгучраас ирж байгаа хүмүүс сэтгэл хангалуун байдаг.
 
А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс"