sonin.mn

 
 

Бүрэнхий болохоор хүмүүс хаа сайгүй бие засаж, Өндөрхаан хот яг л минжүүлсэн талбай болдог. Зүүн захын зүүн хойд талын хашаа, чуулгын ард талын цагаан барилгын орчим, Дөлгөөн хэрлэн радиогийн зүүн урд талын хөндий түүнчлэн цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбай зэрэг олны нүдэнд ил шахам газарт гэгээн цагаан өдрөөр хөнгөрч буй эрчүүд, эмэгтэйчүүд, балчир хүүхдээ хүндээр бие засуулж буй эхчүүд олонтаа тохиолдох боллоо. Дээлийнхээ хормойгоор биеэ ороон сууж хөшсөн, хүрэл баримал мэт хөдөөгийн малчид ч хаа сайгүй үзэгдэж хүн ичээж, золбин нохойн хоол бэлдэж өгч байна.

Сурсан занг сураар боож болдоггүй гэсэн мэргэн үг байдаг. Монгол улсын хүн амын дийлэнх нь суурин иргэншилд шилжээд хагас зуун жил ч болоогүй байна. Иргэншлийн амин чухал асуудал нь хот, хотын
соёл байдаг. Хөдөөгийн цэнгэг хөндий талаа тааваараа бордож нүүдэллэн амьдарсаар ирсэн Монголчуудын хувьд төв суурин газрын бөглүү жижигхэн, өмхий жорлонд нэг л дасаж өгөхгүй нь илхэн. Гэтэл ихэнх улс орны хөгжлийг нийтийн бие засах газраар нь тодорхойлдог болжээ.

Нийслэлийн хувьд хоёр, гуравхан жилийн өмнөөс л үүн дээр анхаарч, гэр хорооллын өрхүүдээ цэвэр бохир шугаманд холбож, боловсон ОО-той болж эхэлсэн. 2011 оны статистикаас үзэхэд Хэнтий аймаг 70,8 мянган хүнтэй, 21,4 мянган өрхтэй гэж тоологдсон аж. Үүнээс орон сууцанд амьдарч буй иргэд нь хэд билээ? Ер нь хүн амьдралынхаа гурваас таван жилийг ариун цэврийн өрөөндөө бие засан сууж өнгөрөөдөг гэсэн судалгаа байдаг. Гэр хорооллын жорлон, гудамж талбайд ил задгай хаясан хог, шээс ялгадасаас болж хөрсний бохирдол үүсч салхи, тоосоор дамжин агаарт дэгдэж халдварт олон өвчин үүсэх эх сурвалж болдог. Нөгөөтэйгүүр гэр хорооллын иргэд жорлонгийн бохир усыг гүний худгаар дамжуулан ууж хордож байгааг үгүйсгэхгүй. Эмнэлгийн шинжилгээгээр шээс нь эрдэс бодис, хортой бүтээгдэхүүнүүд, даавар, бодисын солилцооны задралын бүтээгдэхүүн агуулдаг. Ялгаруулах эрхтэнээр дамжин гарсан хэрэгцээгүй бодисууд агаарт дэгдэн олон тооны өвчин үүсгэгч нян бактериуд бий болгож амьсгалын замын болон халдварт өвчнүүдийг үүсгэдэг гэнэ. Тухайлбал томуу болон томуу төст өвчин ханиад, сүрьеэ, уушгины болон амьсгалын замын халдварт өвчнүүд нь иргэдийн ил задгай шээс, хаясан шүлс,
цэрнээс үүддэг байна. Тэгэхээр хотоо яаж нус, цэр, шээснээс аврах нь чухал, тулгамдсан асуудал юм. Төвөөр явж буй иргэд Нэгдүгээр сургууль, Тэмүүжин цогцолборын хашаан доторхи сурагчдад зориулж барьсан ОО-ийг барааддаг. Харин эдгээр бие засах газрыг мэдэхгүй хүмүүс давсагаа чинэрээж биеэ зовоохгүйн тулд булан тохой рүү чиглэлээ өөрчлөнө. Хот тохижилт ОНӨААТҮГазрын мэргэжилтэн
З.Ууганбаяраас Өндөрхаан хотод нийтийн бие засах газар хэд байдаг тухай асуухад тэрбээр

“Баянмөнхөд нийтийн бие засах газрыг өнгөрсөн намар шийдэх талаар асуудал яригдаж, намар орой болж газар хөлдсөн учраас шийдэж чадаагүй. Харин энэ зун шинэчлээд газрыг нь ухаад барьж байна. Тэрнээс бол бусад цэцэрлэгт хүрээлэн болон нийтийн эзэмшлийн зам талбайд бие засах газар байхгүй. Өнгөрсөн зун тавдугаар багийн нутаг, муурын байшин буюу таван баамын барилгын орчимд блокоор нийтийн бие засах газар барьж өгсөн. Үүнийгээ 2011 оны 8-р сарын хоринд хүлээлгэж өгсөн байгаа. Ерөнхийдөө нийтийн эзэмшлийн зам талбай цэцэрлэгт хүрээлэнд манайхаас болон бусад байгууллагуудаас барих боловсон бие засах газар, хогийн савны асуудал хүндрэлтэй байна. Газар зөвшөөрөл гээд л эхэлдэг. Тийм учраас амрагчид хүүхэд залуучууд уусан ундааны хуванцар сав болон бусад хог хаягдалаа ил задгай хаячихаар манай ажилчидад цэвэрлэхэд хүндрэл учирдаг” гэсэн хариу өгсөн юм. Тэгэхээр нийт Өндөрхаан хотын хэмжээнд нийтдээ “Хоёрхон” нийтийн эзэмшлийн ОО байдаг аж. Тэр нь хотын захдаа. Төвдөө бие засах гэхээр орох газар олддоггүй. Нохой шувууны ялгадас дээр хүний бохир “бордоог” нэмчихээр хот гэж хогийн жорлонгоос ялгаагүй болж байна. Холбогдох, шийдвэр гаргах эрхмүүд, хувь хүн ер нь хэн ч үүнд хяналт тавихаар болжээ.

Иймээс шийдвэр гаргагч, төр захиргааны байгууллагын удирдлагууд санаачилга гаргаж, эхний ээлжинд төв гудамж, томоохон зургаан цэцэрлэгт хүрээлэндээ нийтийн бие засах газруудыг барих хэрэгтэй байна. Тэгэхдээ боловсон, цэвэр бохиртоо холбогдсон бие засах газрыг байгуулах ёстой. Зөөврийн, тохилог, төлбөр авч төсөв бүрдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх хотын өнгө үзэмжид нэмэр болох ОО Өндөрхаанд илүүдэхгүй болов уу

С.Ган-Эрдэнэ  

Эх сурвалж: "Хэнтийн мэдээ"