sonin.mn
Сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан иргэний  нисэхийн салбарын үйл ажиллагааг мушгин гуйвуулж, байгууллага, түүний удирдлагын ажил хэргийн нэр хүнд, нэр төрд халдсан, салбарын хэвийн үйл ажиллагаа, хөгжилд саад учруулсан, албан тушаал, эрх мэдлийн төлөө хувийн ашиг сонирхлоор хандаж, иргэний нисэхийн хөгжилд хамт олны оруулсан хичээл зүтгэл, хийж бүтээсэн бүгдийг харлуулж, байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ доголдсон мэт ташаа ойлголтыг олон нийтэд санаатай түгээх зорилготойгоор нэг сэдэв тойрсон асуудлыг удаа дараа, хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр зохион байгуулалттай түгээх явдал газар авах боллоо.  
 
Иргэний нисэхийн тухай, Шилэн дансны тухай, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг баримтлан байгууллагын цахим хуудаст ил тод, нээлттэй тавьсан мэдээллүүдийг ноцтой баримт мэтээр ашиглан байгууллагын нэр хүндэд халдаж байна. 
 
 
Энэхүү үйлдлүүд нь албан тушаал, эрх мэдэлд санаархагчийн санаатай үйлдэл гэдэг нь ч харагдаж байна. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тухай бүрт шинээр томилогдсон сайд, дарга нарт байгууллагын үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын үүднээс буруугаар ойлгуулан өөрөө албан тушаалд томилогдож, эрх мэдэлд хүрэх гэсэн явуургүй санаархагч үеийн үед байсаар ирсэн билээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай хүнд цаг үед нислэгийн аюулгүй ажиллагааг хангуулан нислэг үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн ажиллагаа, бэлэн байдлыг хангах,  хямралд өртсөн салбарыг  дахин сэргээх, ажиллагсдынхаа нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зэргээр нэлээдгүй хүч хөдөлмөр гарган бүх нөөц бололцоогоо  дайчлан ажиллаж байхад хэсэг бүлэг хүмүүс хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр хийсэн болгоныг санаатайгаар үгүйсгэж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад тээг болсоор байгаа нь харамсалтай  байна. 
 
Хууль, хяналт шалгалтын байгууллагууд бидний үйл ажиллагаа, гаргасан шийдвэрт хяналт, шалгалт хийж, гэм буруугүйг тогтоож байгаа ч санаархагчдын явуургүй, хортой үйлдлийн үр дагавар нь Төрийн онцгой чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөн нислэгийн аюулгүй байдлыг хангахад хор уршиг учруулж болзошгүй байна.
 
Тиймээс цагдаагийн байгууллагад хандан худал мэдээлэл санаатай түгээж, байгууллага, хамт олны нэр хүндэд халдсан, эрх мэдэл, албан тушаалд санаарчхагчийг  олж тогтоолгох, олон нийтэд баталгаа нотолгоогүй, нэг эх сурвалжаас авсан мэдээллийг түгээж байгаа нэр бүхий  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шалгуулах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдэж байна.  
 
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ