sonin.mn

 

Цагаан сар  дөхөөд ирэхээр өтгөс бууралтайгаа хамт амьдарч буяныг нь хүртэж сургаалийг нь сонсон суудаг хувьтай бид нарт нэг том ажил гардаг. Энэ бол бэлэг бэлтгэх юм. Бид буурлын минь тохойг түшиж амар мэндийг мэдэхээр зорин ирдэг ах дүү нарынхаа гарыг авч болохгүй хаяж болохгүй юмаар цайлгахгүй гэсэн сэтгэлээр нарийн ханддаг.
 
 
Үүний тулд ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө жагсаалтыг гаргаж хэнийд ямар хүүхэд нэмэгдсэн. Хүргэн бэртэй болсон эсэх. Тэд нь ямар ажил эрхэлдэг, бараг л ямар хоббитойг нь мэдэхийг хичээнэ. Бэлэг их багадаа биш, хүний хэрэгцээг бүрэн хангахдаа ч биш. Бэлэг дэмбэрлийг бодсон, жижигхэн ч гэсэн сэтгэлд
нь нийцсэн, дурсгалтай байгаасай гэж боддог.
 
 
Ирсэн гийчин хууч дэлгэж, удам судраа ярилцан, шинээр нэмэгдсэн хүргэн, бэр, хүүхдүүдтэйгээ нүүр хагаран, ерөөлтэй үгээ хэлэлцэн суух сайхан. Ийм үе ажил алба гэж зав чөлөөгүй, цаг нартай уралдах болсон бидэнд жилдээ ганц тохиох юм. Энэ үед сэхээ самбаатай хүн ураг удмаа улам мэдэж, гүнзгийрүүлэн, угийн бичгээ баяжуулах боломж гардаг. Манайн улсын өрх гэрүүдийн чухам хэдэн хувь нь угийн бичиг хөтөлж, баяжуулж явдагийг мэдэхгүй юм.
 
 
Уг нь 1991 оноос монголчууд бид ургийн овгоо сэргээн хэрэглэх болсон. “Хүн амзүйн талаар баримтлах үндсэн чиглэл”-ийг тогтоон батлаж, “ургийн бичиг”- ийг айл өрх бүрт хөтлүүлж хэвшүүлэх, иргэдийн овгийг сэргээн тогтоох явдлыг чухалд тооцно” хэмээн Ерөнхийлөгч зарлиг гаргасан байдаг. /Монгол улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 115 тоот зарлиг/ Мөн Монгол улсын засгийн газар Угийн бичиг хөтлөх журам гаргаж Монгол Улсын иргэн бүр “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-ыг баримтлан өөрийн ург төрлийн хамаатлын хүрээгээ тогтоож, үр удамдаа заавал өвлүүлдэг үүрэг хүлээнэ гэж заасан.
 
Гэтэл миний үе  тэнгийнхэн, найз нөхдөөс угийн бичиг хөтөлдөг хүн цөөхөн. Би хувьдаа өндөр насыг насалж буй буурлынхаа буянаар төрөл садантайгаа ойр байж орж гарсанд нь цайгаа барьж, идээгээ дэлгэж байгаа энэ завшаанаа, нөгөө бэлэг бэлддэг бүртгэлээ ашиглан угийн бичгээ зохиож болох юм гэж бодох болсон. Миний адил бэлэг бэлтгэх жагсаалт гаргадаг айлууд үүнийгээ боловсронгуй болгох замаар угийн бичгийнхээ эхийг тавих боломж байна шүү гэдгийг нэрэлхэлгүй хэлье.
 
 
Өөр бас олон арга мэдээж байгаа. Дээр үеэс угийн бичиг хөтлөхдөө үе залгамжлалыг зургаар дүрслэн үзүүлэх, түүхчилэн бичих хоёр аргыг хэрэглэдэг байсан бөгөөд хослон хэрэглэх тохиолдол ч байсан бололтой. Эхнийхийг нь угийн зураг, дараагийнхыг нь угийн шашдир гэж хүндэтгэлтэй нэрлэдэг байж. Монголчууд угийн бичгээ хөтлөхдөө зөвхөн эцгийн тал буюу ясан төрлийн үе залгамжийг гаргаж бичээд эхийн тал буюу цусан төрлийн залгамж хийгээд охин хүүхдээ орхигдуулдаг дутагдал байсан тул одоо түүнийг эрхбиш залруулах учиртай юм.
 
 
“Угийн зураг”-т эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг адилхан хамран зураглах бөгөөд “Угийн шаштир”-т удам судрынхаа аль аль талын үүх түүхийг аль болохоор дэлгэрэнгүй бичдэг.
 
 
Ураг төрөл холбосон хүмүүсээ худ /хүргэний тал/, худгуй /хүүхний тал/ гэх мэтчилэн нэрлэдэг, ах дүүгийн эхнэрүүд авьсан /нөхрийн ахын эхнэр/, ажин/нөхрийн дүүгийн эхнэр/ хэмээн бие биенээ авгайлдаг, ах дүүгийн хүүхдүүд бие биенээ үеэл хаяал, үеэлд, хаяалд /үеэл хаяалын хүүхдүүд/ гэх юмуу бөл /эгч дүүгийн хүүхдүүд/, бөл зээ /нагац талын эгч, дүүгийн хүүхэд/, бөл ач /бөл ахын болон дүүгийн хүүхдүүд/, бөлөнцөр /эхийн эгч, охин дүүгийн хүүхэд/ гэж нэрлэдэг эрхэм сайхан уламжлал тийм ч олон газар байхгүй байж мэднэ гэж эрдэмтэн судлаачид бичжээ.
 
 
“Удам угсаагаа мэддэггүй хүн бол ойд төрсөн сармагчнаас дор” гэж үг бий. Тэгвэл удам угсаагаа мэдэхийн тулд наад зах нь тэднийг хэрхэн нэрлэдгийг мэдэх хэрэгтэй болно. Бидний зарим нь аав ээж, өвөө эмээ, эмэг ээж... гээд л таг болдог. Рашид-ад- Диний “Судрын чуулган”-д монгол хүн өөрийн биеэс дээш найман үеэ нэрлэдэг.
 
 
Тэд 9 дэх үеэ Элэгдсэн өвөг, 8 дахь үеэ Буденжарь буюу Буданшар (Энэ нь хожим хүний оноосон нэр ч болсон байж магад. /Бодоншар гэх мэт/ Будан, манан уруу татсан ухаарал ч байж болно), 7 дахь үеэ Дутсан хүн, 6 дахь үеэ Юүрхий (зүрх гэж буулгах нь бий) буюу үүрч бутарсан,  5 дахь үеэ Бод үхэр (том үхэр), 4 дэх үеэ Бод тур буюу том тур (Тураг, том гэсэн утгатай. Энэ үгийг голцуу буганд хамаатуулдаг), 3 дахь үеэ Өвөг, 2 дахь үеийг Эцэг хэмээн нэрлэдэг байжээ гэж бичсэн байдаг тухай уншлаа.
 
 
Монголчууд угийн бичгийг “Гэрийн үеийн бичмэл”, “Гэрийн түүх”, “Уг эх", “Гэрийн зураг", “Угийн дараа”, “Язгуурын үүсгэх бичиг”, “Үе залгамжилсан бичиг”, “Төрлийн угийн бичмэл", “Угийн цэс”, "Угийн зураг”, “Угийн түүх бичиг”, “Угийн хэлхээ”, “Үе үеийн явдлын илтгэл” гэх мэтээр олон янзаар нэрлэж ирсэн байна. Энэ бүхнийг ашиглан угийн бичгээ зохиож, буурлуудынхаа ухаанаар баяжуулан боловсронгуй болгож болохоор санагдлаа. Мөн интернетийн орчин, сүлжээ, харилцаа өргөжсөн энэ үед өөрийн гэр бүлийн ургийн модыг бүтээж Fасеbоок энэ тэрээрээ дамжуулан хамаатан садандаа хүргэж тэднээрээ баяжуулуулж болох юм. “Бичиг мэддэг хүний дэргэд ичмээр дамшиг даа” гэдэгчлэн нэрэлхэлгүй санаа бодлоо хуваалцлаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай
 
 
СХД-ийн иргэн Н.Азаа