сонин mn
Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцыг хувьчлах шийдвэр гаргасан. Энэ асуудлыг ямар журмаар, хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тус үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа. 
 
-Эрдэнэт үйлдвэрийн “фондны” орон сууцыг хувьчлах ажил ямар шатанд явна вэ? 
 
-Эрдэнэт үйлдвэрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцыг хувьчлах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар миний бие ажиллаж байна. Бид бүтэн жил гаруйн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын орон сууцны судалгаа хийсэн. Мөн орон сууц хувьчлах түр журам баталсан. Энэ журмаар Эрдэнэт үйлдвэрт 20 буюу түүнээс дээш жил ажилласан, Эрдэнэт үйлдвэрт одоо ажиллаж байгаа, Эрдэнэт үйлдвэрийн “фондны” байранд буюу үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцанд амьдарч байгаа, өмнө нь Эрдэнэт үйлдвэрээс байр хувьчилж аваагүй, орон сууцны мөнгөн дэмжлэг авч байгаагүй ажилчдадаа байрыг нь эхний ээлжинд хувьчилна. Энэ болзлыг хангаж байгаа нийтдээ 20 гаруй хүн бий. Эдгээр ажилтанд мэдэгдэл хүргүүлсэн. 
 
-Ажилчид байраа хувьчилж авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
 
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт гарсан. Хувь хүний өргөдөл, ажилласан жилийн тодорхойлолт, Улсын бүртгэлийн газраас орон сууц хувьчилж авч байсан эсэх лавлагаа, Нотариатаар батлуулсан иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хорооны хаягийн тодохойлолт, хоёр хувь цээж зураг, “фондны” байранд амьдарч байгаа гэрээ зэргийг бүрдүүлж ирнэ. Мөн тухайн ажилтны ажил байдлын тодорхойлолтыг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас авч хавсаргана. 
 
-Ажилчдын дунд орон сууц хувьчлалын талаар зөрүүтэй ойлголт байна. Эрдэнэт үйлдвэрт 10-15 жил ажиллаж байгаа, мөн тэтгэвэрт гарсан хүмүүс байраа хувьчилж авах асуудал тавьдаг. Энэ талаар...? 
 
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй түр журмаар бол эдгээр ажилчид хамрагдахгүй. Эрдэнэт үйлдвэрт 20 буюу түүнээс дээш жил ажилласан, Эрдэнэт үйлдвэрт одоо ажиллаж байгаа хүмүүс байраа хувьчилж авах боломжтой.  
 
-Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн “фондны” байранд амьдарч байгаа хичнээн ажилтан байгаа вэ? 
 
-Эрдэнэт үйлдвэрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 375 орон сууц бий. Үүн дотор Говилын нийтийн байр, хамгийн сүүлд ашиглалтад орсон VI бичил хорооллын 17 байр багтдаг.
 
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.   
 
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс