сонин mn
Намайг О.Баасанхүүг дэргэдээ зогсоочихоод, адилхан МАХН-д байсан “фенгшүй” хэмээх С.Ганбаатарыг АН-д орох гэхээр нь "ад үзлээ” гэж олон хүн гайхдаг. Нэг бичье гэж бодоод явсан юм. 
Нарийн бичгийн дарга Баасанхүүгийн тухайд 1994 онд Зориг агсанаас намын батлах авч байсан юм билээ. Айхавтар идэвхтэй биш ч, гишүүн явж байгаад, МАН салж хоёр хуваагдах үед МАХН-ыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ажлыг хуульч хүний хувьд гардан гүйцэтгэсэн. Ингэснээр МАН-ы санал хуваагдаж, 2012 онд сөрөг хүчний АН-МАХН эвсэл ялахад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Түүгээрээ ч МАХН-аас жагсаалтаар УИХ-д гишүүн болсон. Мань хүн намайг бодвол зүүн талдаа. АН дотор бас үзэл санааны бага зэргийн ялгаралтай хүмүүс бий. Бид хоёр бодлогын асуудлаар ширүүхэн маргаж ч байсан. Гэхдээ зарчмын халуун маргаан өрнүүлнэ гэдэг эрүүл бөгөөд түүгээр дамжуулж хурцлагдаад, суралцаад явдаг зүйл. Өөрийн итгэл үнэмшил, зарчмын байр суурин дээрээ бат зогсдог, сайн хуульч төдийгүй сайн улс төрч гэж миний хувьд үнэлж явдаг. Аа тийм, хуульч хүний хувьд АН-ын гол дэмжих сегмент болох бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж бодитой ажиллаж ирсэн гэдгийг дурьдууштай. 
 
 
За Фенгшүй Ганбаатар гэж хэн бэ? Энэ хүний замнал ямар байв? Энэ хүн бол овжин зальтай, худалч хүн. Энэ хүнд хатуу итгэл үнэмшил, зарчим байхгүй.
 
 
 
Монголын бараг бүх намыг дамжсан. Хятад тариачдын мухар сүсэг болох Фенгшүйг Монголд дэлгэрүүлж анх нийгэмд танигдсан. Дараа нь социалист Үйлдвэрчний эвлэлээр дамжиж том улс төр рүү орж ирсэн. Ард түмэнд, сонгогчдод юу таалагдах, яаж яривал уяараахыг соргог мэдэрч чаддаг нь энэ хүний давуу тал.
 
 
Тиймээс ч Оюутолгой гэдэг том сэдвийг барьж авсан. Нэг ийм сэдэв зуурчихсан байхад тэгээд л бат шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр солонгосчуудаас авилга авч байгаа бичлэг задрах үед ч, Англид банкинд ажиллаж байсан нь худал болох үед ч, эзэмшсэн боловсрол, авсан дипломынх нь булхай илрэх үед ч, нэг л хэлдэг үгтэй. "ОТ-н асуудлын хажууд миний сургууль төгсөж чадаагүй нь том асуудал уу?" гэж нөгөө сэдвийн ард нуугддаг. 
 
 
2012, 13 оноос зэсийн үнэ унаж, Рио Тинто далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа хойшлуулах шалтаг хайж байхад хэрэг болсон хүн бол харин ч эсрэгээрээ Фенгшүй. Уул нь манай Засгийн газар гэрээ ёсоор далд уурхайн ажлаа эхлүүлэхийг ОТ-н менежментийн багаас шаардаад явах байсан юм. Гэтэл Фенгшүй мэтийн худалч популистууд, дээр нь ашиг хонжоо хайсан их хурлын өлөн гишүүдийн солиорлоос болж Рио Тинто Монголын Засгийн газар болон монголчуудад бурууг өгч, дэлхийн хэвлэл мэдээллээр “баялгийн национализм ажил хийлгэхгүй байна” гэж зарлаад, төлөвлөгөөт ажлаа хойшлуулсан.  Мэдээж АН-д хэн ч элсэн орох нь нээлттэй. Олон ургальч үзэл, их биш тодорхой түвшинд ялгаралтай, олон янзын хүнээс нам бүрдэнэ. Харин намаас төрийн сонгуульд нэр дэвших, намыг олон нийтэд төлөөлөх, УИХ дахь бүлгийн гишүүний хувиар хууль тогтоох байгууллагад ажиллах бол өөр. Энд үзэл баримтлалын хатуу шүүлтүүр тавигдах учиртай.
Үзэл баримтлалаас гадна, ёс зүйн хувьд ч, ийм зарчимгүй, төгссөн сургуулиас авахуулаад амьдралынх нь зам мөр ийш тийш олз хайсан, худал хуурмагаар дүүрсэн бүтэхгүй амьтнаар АН нүүр царайгаа хийж, бузарлагдахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй!
Ялгаа гэвэл ийм бөлгөө...
 
 
 
Майнбаярын Тулгат