sonin.mn

Олон жил сайхан ярьж байна. Одоо ч тэр. 2020 он гэхэд Улаанбаатар хотод Зуны Олимп зохионо л гэнэ. Мөн урдахь хогоо арилгаагүй, утаанаасаа салаагүй байж Улаанбаатарыг Вашигтон шиг болгоно л гэнэ. Төрийн албан байгууллагуудыг хотоос нүүлгэнэ л гэнэ. Уг нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2005 онд Ерөнхий сайд байхдаа Хархоринд нийслэлээ байгуулья гэж ярьж байсан.

 

Биелсэн бол, үгүй ядах нь ээ Э.Бат-Үүл даргын өнөөдөр яриад байгаа шиг нийслэлийн захын дүүрэгт байрлуулахаар хотын төвөөсөө "зайлуулчихвал" энэ нь төвлөрөл саарах нэг арга болно. Даан ч манайхан хэрэгжүүлдэггүй... Монголоос өөр газар, Монголоос өөр хүн бол хийчихдэг. Хамгийн ойрын жишээ, Алма-Атыгаа нүүлгэж Астана болгосон Казахстаныг хар л даа.

 

Швейцарын Женев гэх жижигхэн хот яагаад дэлхийд алдартай, нэр нь байнга гарч, хүний хөл татардаггүй нь хаа байгаа Нью-Йоркт төв штаб нь байрладаг НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын байгууллагууд энд таран байрлаж ажилладагтай холбоотой. Гэтэл манайхан энэ тал дээр нэг ч алхам хийгээгүй байж ярьсаар...

 

Удаалаад манай эрх бүхий нөхөд нүүрснээс шингэн түлш гаргаж авна, шатдаг занараа боловсруулна гэж мөн ч их олон жил ярьж байна даа. Өнөө биелэгдсэн нь үгүй. Дарга нар хэрэгжүүлж, ажил хэрэг болгохгүй бол яах гэж ингэж хошигруулдаг юм болоо.... Өлөн, зэлмүүн иргэдийнхээ сэтгэлийг цатгадаг юм байх даа, зайлуул...

 

Эх сурвалж: "Бизнес таймс"