sonin.mn
Өнөөдөр АТГ-ын гадаа трансжендер Соко буюу Б.Солонго олон нийтэд мэдээлэл хийлээ. Тэрээр өөрийн оролцож байсан “Мисс юнивэрс 2018” тэмцээний ялагчийг хахуулиар шалгарсан байж болзошгүй гэж үзэн, АТГ-т шалгуулахаар хандаж байгаа юм байна.
 
Тэрээр хэлэхдээ:
 
“Юуны өмнө ямар нэгэн улстөрийн сенсаацыг дарахаар ийм мэдэгдэл хийж байгаа юм биш шүү. Ер нь мисс хүн бол тухайн улс орондоо маш том нөлөөллийн ажлыг хийдэг. Гэтэл Монголд мисс гэсэн сэтэр зүүсэн хүмүүс хүмүүнлэгийн, буяны ажил нэртэй аахар, шаахар, хүүхдүүдийн амыг хуурсан чипс тараадаг ажил хийдэг. Дэлхийд Доналд Трампын гэдгээрээ алдартай, нэр хүндээрээ 2-т ордог “Мисс юнивэрс” тэмцээнд би 2018 онд орсон. Шударга шүүлттэй тэмцээнд орлоо гэж бодоод тэргүүн миссээр шалгарсан хүнийг хүлээн зөвшөөрөөд өнгөрсөн.
 
 
Гэтэл саяхан надад тус тэмцээнийг зохион байгуулагчдын дундаас 50-60 сая төгрөгийн хахууль өгч тэмцээний ялагч нь тодорсон шүү дээ гэдэг мэдээллийг өгсөн. Тэгээд би иргэний үүргээ биелүүлээд авлига гэдэг зүйл зөвхөн улстөрч, төрийн албанд байдаг бус миссийн бөгсөнд хүртэл байдаг болчихсон юм байна гэдгийг хэлэх гэж сэтгүүлчид болон АТГ-т хандаж байгаа юм.
 
 
Хэдийгээр Монгол улс авлигаараа дэлхийд өндөрт ордог ч гэсэн арай ч бас миссийн тэмцээн хүртэл авлигад автаагүй байгаасаа гэдэг үүднээс энэ баримтыг шалгуулах гэж байна” гэв. 
 
Мөн “Танд ямар баримт байна” гэсэн сэтгүүлчийн асуултанд: 
 
“Нэрийг нь нууцалья. Тэмцээнийг зохион байгуулагчийн зүгээс надтай уулзаж, ярилцсан зүйл байгаа. 2018 оны тэмцээнээс гадна 2019 оны тэмцээний ялагч хүртэл ийм аргаар шалгарсан. Би тэр хүнийг нь олж өгсөн гэдэг зүйлийг бас надад ярьсан. Гэтэл жинхэнэ миссүүд нь өнөөдөр багш, эмч, сэтгүүлч хийгээд явж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ийм явдал гарсанд үнэхээр харамсаж байна. Би 2018 онд дэлхийн хэмжээний “Miss international queen” гээд тэмцээнд орж шударга шүүгчдээр шүүлгүүлээд “Шилдэг 10” трансжендэр мисст шалгарч байсан.
 
Монголд болдог тэмцээнийг МҮОНРТ-д харьяалагдах, төрийн албан хаагч н.Анхбаяр гээд хөтлөгч залуу зохион байгуулдаг. Энэ тэмцээн бол натурал хүмүүсээс гадна трансжендер хүмүүс орж болдог дэлхийн цор ганц миссийн тэмцээн. Намайг олонд таниулж өгсөн сайхан тэмцээн боллоо гэж бодож явсан.
 
Мисс болохыг хүсдэг олон охид, бүсгүйчүүд энэ тэмцээний ялагчийг хахуулиар тодруулдгийг мэдвэл ямар байх вэ. Ямар шалгуураар тодорсон нь мэдэгдэхгүй миссүүд дэлхийн тэмцээнд ороод амжилт муутай л байдаг шүү дээ. Гэтэл хүний гоо сайхан гэдэг сэтгэлээсээ ундарч байдаг зүйл. Сэтгэлээс гарч байгаа үнэн илэрхийллийг дэлхий ертөнц шүүгээд гаргаад ирдэг. Та нар санаж байгаа бол “Мисс юнивэрс” тэмцээний “Шилдэг 10” миссийг англи хэлний чадваргүй байна, хахуулиар тодруулсан байж болзошгүй гээд шуугиж байсан шүү дээ. Үүнийг Б.Солонгоо ч ярьж байгаа юм биш. Асуултаа цээжилсэн байна, тавилттай байна гэдэг сэтгэгдэлүүд интернэтээр дүүрэн байсан шүү дээ. Тухайн үед би за яахав хүмүүсийн л үзэл бодол гэж бодож байсан ч зохион байгуулалцаж байсан хүн нь өөрөө ийм мэдээлэл өгснийг би баримт л гэж үзэж байна” гэж хариуллаа.
 
 
Ч.Явуу