sonin.mn
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 болон 12 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны ээлж хүлээлцүүлж, эрх шилжүүлэх ёслолын ажиллагааг энэ сарын 13-ны өдөр “Хубилай” баазад зохион байгууллаа.
 
Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын  Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын комиссын бүрэлдэхүүн, “Юнити” секторын командлагч бригадын генерал Купер Майк Мужуний, секторын орлогч дарга хурандаа Аммар Ашража, Гана улсын мотобуудлагын захирагч дэд хурандаа Мандо, Гана улсын зэвсэглэсэн цагдаагийн дарга хурандаа Далий Марксан, Вьетнам улсын хээрийн хоёрдугаар шатлалын эмнэлгийн дарга дэд хурандаа Мийг Дуаиг, Пакистан улсын инженерийн ротын орлогч дарга хошууч Вакас.М болон бусад албаны хүмүүс оролцлоо. 
 
Эрх шилжүүлэх ажиллагааны үеэр ажил хүлээлцэх комиссын дарга бригадын генерал Ж.Болдбаатар хэлсэн үгэндээ “Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад ирээд 3 секторын командлагч, НҮБ-ын мужийн зохицуулагч болон хамтран үүрэг гүйцэтгэж буй бусад улсын цэргийн багийн бүрэлдэхүүнтэй уулзлаа.
 
Энэ үеэр уулзсан хэн бүхэн монгол  цэргийн сахилга бат, ажил хэрэгч байдал, үүргээ өндөр сонор сэрэмж, хариуцлагатайгаар гүйцэтгэдэг байдлыг ямагт үнэлдэг бөгөөд ямар нэгэн асуудал тулгарахад Монгол цэрэгт хамгийн ихээр итгэдэг хэмээсэн магтаалын олон сайхан үг сонслоо. Тиймээс Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж яваа цэргийн алба хаагчид болон тэр дундаа хурандаа О.Заяат захирагчтай мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд чин сэтгэлээсээ баярлаж, бахархаж байлаа.
 
Мөн ажиллагааны газар оронтой биечлэн танилцаж явахад дотоодын дүрвэгсдийн хуарангийн орон нутгийн иргэдийн зүгээс “Монгол цэрэг байгаа болохоор би өнөөдөр амьд байна” гэж олонтоо ярихтай таарч байлаа. Цаашид энэхүү өндөр хариуцлагатай албыг үргэлжлүүлэн гүйцэтгэх хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай батальоны нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсье” гэдгийг онцлов.
 
Юнити мужийн сектор командлагч бригадын генерал Купер Майк Мужуни хэлсэн үгэндээ “Би монгол цэргүүдэд маш их итгэдэг. Тэд хамгийн хариуцлагатай, шийдэмгий байдаг. Монгол цэргүүдтэй хамтарч ажиллахад хүндрэл байдаггүй, аливаа үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, сайн хамтрагч байж чаддаг. Хурандаа О.Заяатын хувьд цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг тун чадварлаг удирдсан хэмээн би дүгнэж байна. Энэ мөчид ээлж хүлээн авч буй мотобуудлагын батальоны захирагч үргэлжлүүлэн бидэнтэй хамтарч, олон ажлыг хийнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
 
Мөн энэ үеэр мотобуудлагын батальоны захирагч хурандаа О.Заяат хэлсэн үгэндээ “Бид ажиллагааны газар оронд үүргээ амжилттай дуусгаж, өнөөдөр албан ёсоор эрх, үүргээ шилжүүлж байна. Манай цэргийн баг үер,  усны  нөхцөл байдал үүссэн хүнд цагт мөн цар тахлын үед үүрэг гүйцэтгэсэн нь онцлог байлаа. Олон бүтээлч ажлыг хийж цэргийн дээд удирдлагаас өгсөн үүргийг нэр төртэй гүйцэтгэлээ. Энэ бол хамтран үүрэг гүйцэтгэсэн офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч та бүхий хичээл, зүтгэл, хамтын хүч юм. Та бүхэндээ баярлалаа. Энэхүү баярт мөчид удирдлагаар хангаж, хамтран ажилласан секторын командлагч, штабын хамт олондоо баярлалаа” гэлээ. Ийнхүү БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын ээлж солих ёслолын ажиллагаа зохион байгуулалтын өндөр түвшинд болж өндөрлөсөн юм.
 
Ахлах дэслэгч П.БАЯЛАГМАА