Гучаад жилийн тэртээх, эдүгээ ЦДБЭЧ-ын Гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Дашдамдингийн Дорждэрэмийн тухай бичсэн хөрөг найрууллын эх ноорог хадгалагдсаар байдаг юм. Тус чуулга үүсэн байгуулагдсаныхаа 90 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Энэ найрууллыг чуулгын 60 жилийнх нь өмнөхөн бичсэн сэн. Үг, үсгийн бага зэрэг засвар оруулсныг эс тооцвол, яг тэр он жилүүдийнх нь дурсамжаар тэрлүүлсэн хөргөө 90 жилийнх нь ойд зориулан толилуулж байна. Өнөөгийн залуу уран бүтээлчид ийм нэг дуучин байсныг бараг мэдэхгүй л болов уу. Тэгээд ч алтан үеэ дурсаж байх нь хүн чанарын илэрхийлэл билээ.
Дөчөөд жилийн тэртээ Н.Дашдамдин гуайнд нэгэн шинэ хүн мэндлэхэд хайгуулчны алхыг минь өвлөх хүү байгаасай гэж залбирч байсан нь лавтай. Үнэхээр ч хүү төрсөнд хөл нь хөнгөрөн хөөрцөглөсөн тэр бээр хэзээний дуртай “Ар цармын бялзуухай”-гаа аялсаар аймгийн эмнэлэг рүү харайлгаж явсан гэдэг... Хүний төөрөг тавилан, явах зам мөр нь багаасаа илэрдэг хойно, Д.Дорждэрэм хүү хайгуулчин болох нь битгий хэл, хайгуулчны алхыг ч сонирхох янзгүй.
Харин ээжийнхээ оёдлын машины тагийг толгойдоо углаж байгаад өдөржин хашхирч гарна. Л.Түдэв гуай хааяа “Байг, миний хүү. Чихний чинь хэнгэрэг хагарна” гэж сургамжлах авч бяцхан хүү дуулсаар л. Битүү таг яг л микрофон шиг санагдана. Түүндээ урамшина. Н.Дашдамдин гуай өөрөө дуу хуурт дуртай. “Далан худалч”, “Учиртай гурван толгой” зэрэг цөөнгүй жүжиг шийд тоглож шаггүй уран сайханч гэж нутаг усандаа алдаршсан нэгэн. “Далан худалч”-ийн данжаадад тоглож “Цоохор” хочтой болсон тэр бээр хүүгийнхээ урлагийн авьяасад урамших. Төмөр замын долоон жилийн сургуульд дуулдаг, бүжиглэдэг сүрхий шар банди гэж яригдсаар хэдэн хавар улиран одов. Сайншандын Соёлын ордныхон ч битүүхэн тандах болж, урлаг уран сайханд авьяастай Д.Дорждэрэмийг дагалдан бүжигчнээр авчээ. Энэ нь 1965 он байв. Том ордны тайзан дээр бас том том жүжигчидтэй арван зургаахан настай “Бацаан” зиндаархана гэдэг бас ч тэр бүр хүнд тохиогоод байдаггүй ховорхон тавилан! Тийн байхдаа Д.Жагдалын хөгжим “Тал нутгийнхны дуу”-г том ордны тайзнаа анх удаа дуулж, өргөн олон үзэгчдээс нижигнэсэн алга ташилтаар мялаалгаж, бас энэ дуугаа радиод анх удаа бичүүлсэндээ ихэд урамшиж, улмаар цээж жаахан түхгэр явах болжээ. Тэр зав зай л гарвал муу “Север” хүлээн авагчаа чихэндээ наагаад суучихна. Арга ч үгүй биз.
Гавьяат жүжигчин Б.Зангад, дуучин Төмөр, Даваажанцан, Гина гээд л урлагийн соруудын уянгалаг сайхан дуу хоолойг тэр жижигхэн “Север”-ээсээ сонсож, эдэн шиг дуучин болох юм сан гэж өдөр нь бодолд, шөнө нь зүүдэнд умбаж байсан цаг. Тэр үед ах Б.Чулуунбаатар нь Цэргийн Үлгэр жишээ хөгжимд нарийн бүрээ үлээдэг байж. Ахаас нь тийм, тийм газар тэгж тоглолоо гэсэн захидал байнга ирнэ. Мөнөөх “Север”-ээсээ Үлгэр жишээ хөгжмийн тоглолтыг сонсох бүрийд хурдхан шиг цэрэгт явах юм сан гэдэг бодол бие сэтгэлийг нь гижигдэж эхэлжээ.
Тэгээд насаа нэмэн байж арайхийн цэргийн албанд тэнцэж, Барилгын цэргийн бага даргын сургуульд хуваарилагдаж дээ. Түүнд Цэргийн ансамбльд дуучин болох хүсэл л юу юунаас чухал байлаа. “Эр хүн санасандаа, эмээлт морь харайсандаа” гэдэг. Ямар ч байсан шалгуулах болж, нэг жижигхэн ахмад (УГЗ П.Хаянхярваа) шалгалт авч дээ. Мань хүн Д.Мяасүрэнгийн хөгжим “Буурал аав”-ыг авч өгчээ.
Нөгөө ахмад: “За хүү минь, чи анхны жилийн цэрэг байна. Жаахан эр хүн болчхоод хүрээд ир. Тэр цагт авъя” гэжээ. Ёстой л гал дээр ус асгачих шиг болов. Тэр жилээ барилгын амаргүй хөдөлмөрт цаг нартай уралдан зүтгэж, эр бие ч жигдрэх шинжтэй. Тэгж байтал түүнийг азын тэнгэр ивээж Болгар Улсын Бургас Тьрговище хотод барилгын дунд мэргэжилтэн бэлтгэх нэг жилийн сургуульд явуулах нь тэр. Хэзээний дуулах дуртай тэр бээр нэг л мэдэхэд “Сын сьн у вах”, “Хэй балкан” зэрэг дуунуудыг эх хэлээс нь ялгагдахааргүй дуулах болсонд дарга нар нь ихэд баярлаж, дагаад л уянгалуулчихдаг байж. Ийнхүү харь улсын хэлээр дуулах дадлага энэ хотод урган төлжжээ. Төгсөлтийн цайллага “Суходовский” цэргийн хотхонд болж “Хэй балкан”, “Балалайка” зэрэг дуунуудаа өргөхөд тэнд цугларагсад хөгжин хөөрцгөөж, сургуулийн захирал, дэд хурандаа Комейтов түүнийг тэврэн баяр хүргэсэн нь юунаас ч үнэтэй шагнал байлаа. Мянга есөн зуун далан онд Д.Дорждэрэм нөхдийн хамт сургуулиа амжилттай дүүргэн эх орондоо буцаж ирэв. Харин ээж нь ирчихсэн хүүгээ халуулж авна гэж Д.Бавуу генерал дээр авч ороход: -Чи сайхан дуулдаг залуу. Чамайг цэргийн ансамбльд өгнө гээд шууд л утас цохижээ. Цаад хүн нь ихэд уриалгахан байгаа бололтой.
Д.Бавуу генерал: -За чи одоо шууд цэргийн ансамбль руу яваад оч гэв. Дуучин болох хүсэлтэй түүнд үүнээс илүү сайхан үг гэж юу байх билээ. Хөл нь газар хүрэхгүй шахам дэгдсээр, нэг л мэдэхэд цэргийн ансамбль дээр ирчихсэн байв. Балдангийн шүлэг, Лхашидын хөгжим “Буянт гол”-ыг дуулав. Ингэж амархан тэнцдэг юм байхдаа гэж бодогдоо биз. Д.Мяасүрэн багш найрал дууны групп дээрээ түүнийг дагуулан ирж “Калинка”-гаа амилуулах сайн хүү олоод ирлээ гэж хэлсэн бэлгэтэй сайхан үг нь одоо ч сэтгэл зүрхэнд нь уяатай. Мянга есөн зуун далан хоёр онд маршал А.Гричков манай оронд зочлоход Хүндэтгэлийн концертод Д.Дорждэрэм “Калинка”-гаа өргөж сэтгэл нь хөдөлсөн зочдын өмнө хэд дахин заларчээ. Сайхан дууг сайн дуучин дуулна гэдэг хүний зүрх сэтгэлд хүрдгээс хойш дахиулахаас өөр яах вэ дээ. Энэчлэн хэчнээн удаа дуулж, хэчнээн мянган үзэгчийн өмнө заларсныг тоолохын аргагүй. Мянга есөн зуун ерэн гурван онд Читийн цэргийн тойргийн урилгаар Улсын гавьяат жүжигчин Г. Тэрбишийн хамт очиж ая дуугаа өргөв. Тус чуулгын уран сайхны удирдаач нь тэр хоёрыг манайд ирж ажиллаач гэж урилга гардуулсан тохиолдол ч бий. Энэ нь чадварлаг хүний авьяасыг хаа холын гүрэн ийнхүү үнэлсэн нь бас л тэр бүр хүнд тохиогоод байдаг зүйл биш билээ.
Хорь гаруй жил армитай амьдралаа холбож, цэргийн сэдэвтэй 400 гаруй дуу дуулсан тэр бээр Р.Ганбатын үг, ая “Баярын жагсаал”-аараа 1992 онд Цэргийн дуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн бол тэртээ мянга есөн зуун далан онд орос дуу дуулаачдын уралдаанд Пахмутовын “Түгшүүрт үеийн залуус” дуугаараа медальт байрт орж, анх удаа энгэрээ цоолуулсан дурсамж бий.
Түүнээс хойш ёстой л задгайрсан гэж хэлж болно. Саяхан “Атан тэмээ-93” наадмын тэргүүн шагнал авчээ. Миний уран бүтээлийн нэлээд нь Р.Ганбаттай салшгүй холбоотой. Бид хоёр дууныхаа хөгжим найруулгыг зөвшилцөж байж хийдэг. Юмыг хүлээж авахдаа тун сүрхий нийцтэй залуу гэж магтаж байсан. Манай Д.Дорждэрэм багш гадаадын дууг ёстой нэг амилуулж өгдөг хүн. Төрийн томоохон ёслол, хүндэтгэлд өмнөө барьдагчуудын нэг дээ гэж түүний шавь Ганболд ярьсан. Тийм ээ! Энэтхэг, Солонгос, Лаос, Герман, Польш, Унгар, Болгар, Орос, Англи, Хятад зэрэг арав гаруй улсын хэл дээр ая дуугаа өргөсөн энэ дуучинд Хятадын Батлан хамгаалах яамны сайд босож ирэн халуун талархлаа дэвшүүлж байсан нь хэдхэн жилийн өмнө. Гадаадын олон оронд зочлон тоглосон ч энэ оронд хөл тавьж чадаагүй нь харамсалтай. Уул нь боломж байсан л байх. Дуучин маань, за яах вэ, энд байхдаа амжихгүй ч аль нэг пүүс, компанийн ивээлээр явах боломж олдох байх гэдэгт найддаг гэж өгүүлсэн. Урлагийн ямар нэг сургууль, курс төгсөөгүй ч байгалиас заяасан унаган авьяасаараа тэжээгдэж яваа энэ хүн зөвхөн дуучин биш, бас ая зохиогч, яруу найрагч, кино жүжигчин, киноны дуун хөрвүүлэгч гээд аль олон элдэвтэйг хэлж барахав. Яруу найрагч А.Даваасамбуугийн “Адуучин”, С.Базарсадын “Эмчийн сэтгэл”, Д.Төмөртогоогийн “Багшийн тухай дуу”, Төрийн шагналт С.Удвалын “Эргэн хоргодох сэтгэл”, Ч.Дагвадоржийн “Тийм л цэнхэр далай”, “Хожуу ухаарлын дуу” зэрэг олон шүлгэд ая хийж, өөрөө ч, өрөөлөөр ч зон олондоо хүргэжээ. “Ээж минь”, “Отгонтэнгэр”, “Хүү чинь очиж явна” зэрэг хэд хэдэн дууны шүлэг бичиж, Н.Нагнайдоржийн найруулсан “Байлдааны даалгавар” киноны гол дүр цэрэг ах, “Мандах нарны туяа”, “Чи нэг нь” зэрэг хэд хэдэн уран сайхны киноны туслах дүрд тоглосон байна.
Ийм элдэвтэй хүнд хэзээ нэгэн цагт гавьяа шагнал хүртээлгүй яах вэ. Ансамблийн 60 жилийн ойгоор “Гавьяат”-д тодорхойлсон. Тэгээд чимээгүй өнгөрсөн гэж түүний нэг шавь ярьж байсан. Зүгээр, авьяас байсан цагт алдар хүнд аяндаа хүрээд ирдэг шүү дээ...
Бид саяхан л Ансамблийн босгыг алхаж байсан сан. Гэтэл одоо ахмад жүжигчид болчихсон явж байдаг. Г.Тэрбиш, Г.Жанчив, Барамбай хэдүүлээ галаа манаж үлдэх шив дээ! Энэ нөхдөдөө л баярлаж явах юм даа. Гавьяат жүжигчин Г.Тэрбиш бид хоёр олон ч жил үерхлээ. Түүнтэй хамт хийх “Алтай” нутгийн сэдэвтэй бүхэл бүтэн концертын материал байна. Даанч хөрөнгө мөнгөнөөс болж санаа байвч сачий... гэдэг л болоод байна. Ер нь ард түмэнтэйгээ танил байх шиг том шагнал, том жаргал гэж юу байх билээ. Насаараа цэргийн тухай дуу дууллаа. Дуулсаар яваад л пенсендээ гардаг байх даа. Манайхан арайхийн хөл дээр тогтсон юмаа ийм, тийм гэж ярьж байгаад л бутаргачих юм. Аль ч чуулгад гоцлол дуучин гэж гарцаагүй байх ёстой. Гоцлол дуучин нь аливаа зүйлийг онцгойлон гаргадгаараа бусдаас ялгарч байх ёстой. Нэг дарга ирээд л нэгийг өөрчилнө. Тэгээд хүнээ таньж амжаагүй байхдаа л тэтгэвэрт гараад явчихна. Тэгэхээр ажил яаж өөдрөг байх вэ дээ гэж дуучны өгүүлснийг тэмдэглэлтэй. Сайн дуучинд шавь орж багш шавийн барилдлага тогтооё гэх нь цөөнгүй. Сайн багшид шавь орсон хүн сайн дуучин байх ёстой. Тийм ч учраас өнөөдөр Архангай аймгийн театрын гоцлол дуучин Сандаг-Очир, ДБЭТ-ын гоцлол дуучин Дамдинсүрэн, “Мандухай” чуулгын гоцлол дуучин Я.Дашзэвэг, МАЦДБЧ-ын дуучин Ганболд нарын олон хүмүүс багшийнхаа нэрийг өндөрт өргөсөөр явна. Я.Дашзэвэг нь дэлхийн олон орноор нэг жил гаруй аялан тоглож ая дууныхаа дээжийг өргөөд иржээ. Д.Дорждэрэм ийм л шавь нарыг өсгөн бойжуулжээ.
Тэр бээр саяхан
Энэрэл хайрын дээдээр
Энэ л хорвоог уяраасан
Нартай сартай дэлхийдээ
Намайгаа төрүүлсэн ээжий минь... гэсэн “Хатан тэнгэр ээж” уянгын дуугаа зохиожээ. Энэхүү тэмдэглэлийн эцсийн учгийг шаглаж суутал “Солонгос дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд Д.Дорждэрэм маань тэргүүн байр эзэлж, БНАСАУ-д болох “Хаврын баяр”-ын арга хэмжээнд оролцох урилга, “Шүүдэр тахисан цайн дээж” дууны найрт “Хатан тэнгэр ээж минь” дуугаараа шалгаран дэд суудал эзэлсэн давхар давхар баяр тохиосныг уншигч олондоо уламжилъюу. Сайхан хүү, сайн дуучин төрүүлсэн Н.Дашдамдин, Л.Түдэв гуай нар эдүгээ Дорноговь аймгийн төвд энх тунх амьдран сууж байна. Хорвоо дэлхийг дуугаараа уяраасан, хосгүй сайхан авьяастай Дашдамдингийн Дорждэрэм гэж ийм нэг эгэл даруухан дуучин цэргийн дуу дуулан цэх шулуун зогссоор авай. Түүний урын сан дундаршгүй, урлах авьяас хязгааргүй.
МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч Гомбын БААТАРНУМ
Эх сурвалж: "Соёмбо"сонин
Сэтгэгдэл0
What is mean tthe Kalinka in Mongolian?