sonin.mn
Түүхийн хүрд нар даллан эргэж, төгөлдөр орчлонд нэгэн он солигдлоо. Хүн бүр улиран одсон ондоо хийж бүтээснээ үнэлэн дүгнэж, алдаа оноогоо цэгнэн тунгааж, айлчлан золгох шинэ онд хэрхэх тухайд зорилго зорилтоо тодорхойлж буй эл цаг дор эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж, эх орныхоо баруун, зүүн хязгаарт алба хааж байгаа залуу офицер, ахлагчийн төлөөлөл болсон дараах цэргийн алба хаагчидтай утсаар холбогдон ижил асуултын хүрээнд ярилцаж, 2022 онд бүтээсэн түүхийг нь хуваалцлаа. Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн тагнуулын офицер  ахлах дэслэгч Б.Галбадрах
 
Юуны өмнө таныг уншигчдадаа товч танилцуулъя...  
 
-Би 1990 оны 9 дүгээр сарын 22-нд Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2021 онд тус ангид ЗХЖШ-ын даргын тушаалаар тагнуулын офицер албан тушаалд томилогдон ажиллаж байна.   
 
2022 он таны хувьд ямар үр өгөөжтэй он байв? 
 
-Аз хийморьтой, үр өгөөжтэй, ихийг сурч мэдсэн жил байлаа. Миний хувьд 13 жилийн дараа өөрийнхөө хүсэлтээр аавынхаа уугуул нутагт буцан ирж, Уулын тусгай батальонд алба хааж байгаадаа баяртай байна. Мөн 2022 онд Зэвсэгт хүчний тэргүүний заах арга зүйч офицер шалгаруулах уралдаанд гуравдугаар байр эзэлсэн, албан тушаалын зэрэглэлийн дагуу ахлах дэслэгч цол олгогдсон, ангийнхаа 2022 оны тэргүүний офицероор шалгарсан сайхан жил боллоо.  
 
Ажлын талбарт гаргасан хамгийн том ололт, амжилтаа онцолбол...  
 
-Цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвараа нэмэгдүүллээ. Тухайлбал, АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Лантерн межик” тусгай хүчний хээрийн сургууль, ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Уулын явган цэргийн lV шатны сургууль”, ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Сэлэнгэ-2022” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд тус тус амжилттай оролцож, томилогдсон албан тушаалын үүргээ нэр төртэй биелүүлсэн.
 
Түүнчлэн “Зэвсэгт хүчний ууланд авиралтын заавар” боловсруулах ажлын хэсэгт томилогдож уг зааврыг амжилттай боловсруулан ЗХЖШ-ын даргаар батлуулж, цэргийн сургалт бэлтгэлд ашиглаж байна. Энэ нь маш чухал гарын авлага болсныг онцлоход таатай байна. Үүнээс гадна “Жижиг бүлгийн ажиллагаа”, “Тагнуулын бэлтгэл” хичээлийн гарын авлагыг эмхэтгэн боловсрууллаа.
 
Үндсэн үүргийнхээ хүрээнд Монгол Улсын баруун бүсийн судалгаа, Баян-Өлгий аймгийн стратегийн үнэлгээг шинэчлэн боловсруулсан. Мөн газар орны туршуул, бие бүрэлдэхүүнийг цаг үеийн мэдээллээр хангах ажлуудыг амжилттай зохион байгуулан ажилласны зэрэгцээ ангийн захирагчийн тушаалаар зэвсгийн офицерын албан үүргийг түр орлон гүйцэтгэж зэвсэг, галт хэрэглэл, дуран шилт багаж хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавин, эргэлтийг зохион байгуулан ажиллаж байна. Онцлох ажлын хүрээнд ангийн буудлагын талбайд шинээр практик болон хурдан буудлагын талбайг гардан хийж гүйцэтгэсэн. Буудлагын талбайтай болсноор бие бүрэлдэхүүн ямар ч нөхцөлд ойрын зайд хурдан буудах, мэргэн гал явуулах арга техникээ нэмэгдүүлэх боломжтой болсон.   
 
Албаны хувьд шаггүй ажлыг нугалж, чамгүй амжилтыг үзүүлжээ гэж харж байна. Харин хувийн амьдралд тань тохиосон хамгийн гэгээн үйл явдлын хувьд... 
 
-Манай гэр бүлийн хувьд хоёр дахь хүүхдээ буюу анхны охиноо өлгийдөн авч бүл нэмсэн баяртай сайхан жил боллоо.    
 
Та ирэх оныхоо зорилго, зорилтыг хэрхэн тодорхойлж байна вэ? 
 
-Зэвсэгт хүчний 2022-2023 оны сургуулийн жилийг “Залуу офицеруудын манлайллын жил” болгон зарласантай холбогдуулан албандаа манлайлагч байх, өөрийгөө хөгжүүлж мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх зорилго тавьж байна. Мөн  тусгай хүчний цэрэгт тавигдах шаардлагын дагуу өөрийгөө болон бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулахад анхаарч ажиллана. Бас олон улсын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр төлөвлөн өөрийгөө бэлтгэж байна. 
 
Залуу офицерын хүсэл мөрөөдлийг тодруулж асуумаар санагдлаа... 
 
-Би 2008-2009 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургууль, 2015-2019 онд ХБНГУ-ын Цэргийн дээд сургуулийг төгссөн. Цаашид Зэвсэгт хүчиндээ тогтвор суурьшилтай алба хааж цэргийн хэргийн мэдлэг, чадвараа улам нэмэгдүүлэн Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшлийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж, өөрийн өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Тэр ч утгаараа Зэвсэгт хүчнээрээ овоглосон хэн бүхэн хамтдаа дэлхийд тэргүүлэх Зэвсэгт хүчнийг бий болгож чадна аа гэсэн итгэл үнэмшил, хүсэл мөрөөдлийг тээдэг. Ярианыхаа төгсгөлд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээрээ овоглогдон нэгэн үзүүрт сэтгэл, ижил хүсэл зорилго тээн мөр зэрэгцэн алба хааж байгаа салбарынхаа нийт удирдлага, бие бүрэлдэхүүнд, тэр тусмаа Монгол орныхоо баруун хязгаарт албаа нэр төртэй хааж байгаа ангийнхаа удирдлага, хамт олонд удахгүй золгох шинэ оны мэндийг дэвшүүлж, арвин их амжилт бүтээл, эрхэм баян эрүүл энхийг хүсэн ерөөе.   
 
Баярлалаа. Танд улам их амжилтыг хүсье.