Өнөөдөр нийгмийн сүлжээнд залуус сонирхол, ажил мэргэжил, хүсэл зорилгоороо нэгдэж ярилцах, мэдээллээ хуваалцах болсон билээ. Мэдээллийн урсгалаас хамаараад тэр нь хүнд, хөнгөн янз бүр. Тэр олон мянган фэйсбүүк групп дундаас хөнгөн бөгөөд мэдээллийн урсгал нь дэндүү эерэг нэгэн цахим хуудас олов. “Би байлдагчийн найз охин” гэсэн нэртэй. Орж үзлээ, Үндсэн хуулиар хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэж байгаа эр цэргүүдээр бахархсан найз охидын пост, сэтгэгдэл, зураг, бичлэг дүүрэн. Манай цэргийн дарга нар “Олон нийтэд хугацаат цэргүүдийг сурталчилсан мэдээлэл, нийтлэл бич” гэж байнга үүрэгддэг сэн. Тэнд харин яг өөрөөрөө, ямар нэгэн хүний нөлөөлөлгүйгээр эр цэргийн албаны сайхныг нэгэндээ магтаж, зарим нь асуулт зөвлөгөө авч, хамтын зураг бичлэгт нь лайк, зүрх дарахыг уриалж. Сошиал сүлжээнд эерэг мэдээлэл түгээгч “Би байлдагчийн найз охин” фэйсбүүк группийн админ Г.Мөнхжаргалтай ярилцлаа. Тэр мэдээж бэлтгэл үүрэгтний гэргий бөгөөд түүний хань Э.Ган-Эрдэнэ 2020-2021 онд “Хээрийн академи” нэрээрээ алдаршсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хаажээ.
-“Би байлдагчийн найз охин” цахим групп нь хөнгөн мэдээллээр дүүрэн юм. Нээх болсон шалтгаанаасаа хуваалцахгүй юу?
-Анх энэ группийг нээх болсон нь түүхтэй л дээ. 2020 оны хоёрдугаар ээлжээр найз залуугаа хугацаат цэргийн албанд мордуулах шийдвэрийг бид ярилцаж гаргасан байлаа, өмнө нь. Тэр маань ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж, “бултаж” үлдэх сонирхолгүй, явах дуртай. Тэгээд бидний хүсэн хүлээсэн цэрэг татлага эхэлсэн чинь Э.Ган-Эрдэнэд зарлан нь ирдэггүй. Өөрсдөө Орхон аймгийнхаа ЗДТГ-ын Цэргийн штабт гүйж очиж учир байдлаа хэлж зарлан дуудах хуудсаа авсан. Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүр гэдэг дарга “Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарласан ийм зорилготой хөвгүүдийг бид дэмжинэ, олон ч залуу өөрсдөө ингэж ирдэг” гээд биднээс ч илүү баярлачихсан гардуулж өгсөн юм даг. Тэгж л манай хүн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хуваарилагдаж, эр цэргийн албандаа мордсон бөгөөд хайрыгаа цэргийн автомашиндаа сууж байх үеийг бичлэг болгон авч үлдсэн юм. Хайрыгаа санахаараа бичлэгээ үздэг байснаа яагаад хүмүүст хүргэж болохгүй гэж бодоод сошиал хуудастаа оруулав. Маш олон хүн дэмжиж, урам хайрласан. Үүнээс л урамшиж хувийнхаа цахим хуудастаа хайрыгаа хүлээсэн 365 хоногт олон сайхан бичлэг бэлтгэн оруулсан.

Цэргийн хуарангаас ирсэн захидлыг нь задалж, цэргийн албанд очсоноор хэрхэн өөрчлөгдөж төлөвшсөн талаар сэтгэгдлээ хуваалцаад л. Хүлээхийн жаргал гэж байдгийг л харуулахыг зорьсон нь тэр. Тэгээд найз залуу минь ч халагдаж ирлээ. Гэсэн ч охидоос “Манай найз цэрэгт явах гэж байна. Би бас тань шиг найз залуугаараа ингэж бахархмаар байна” гэж хандсан болохоор “Би байлдагчийн найз охин” нэртэй фэйсбүүк групп нээсэн юм. Одоо энэ хаалттай группт цэрэг мордсон залуу бүрийн гэргий, найз охид эргэлт болон цахимаар ярилцсан бичлэг, зургаасаа хуваалцаж, нэгэндээ урам өгдөг.
-Таны найз залуу цэрэгт явснаар ямар эерэг өөрчлөлт авчирсан гэж хэлэх вэ?
-Тоочоод баршгүй. Хоёр гол чанарыг нь дурдахад, нэгдүгээрт хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлт, эмх цэгцийг бат суулгаж өгдөг юм билээ. “Одоо бид тэгэх ёстой, тэгэхийн тулд ийм алхам дутуу байна” гээд ажил, амьдралаа бүрэн төлөвлөж хэвшсэн нь маш их таалагдаж байгаа. Хоёрдугаар чанар нь илүү их төлөвшиж, шийдвэр гаргахдаа зоригтой болсон байна лээ. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, санан сэдэж байгаа бодол нь хүртэл өөр. Сурсан мэдсэн зүйл ихтэй, бахархах ч зүйл ихтэй. Би хүүхдээ цэрэгт явуулахгүй гэдэг хүмүүсийг их гайхдаг. Хүүгийнхээ, найз залуугийнхаа бахархал, омогшилтой амьдралынх нь сайхан дурсамжийг үгүй хийж байгаа юм шиг санагддаг.
-Та хоёрын цаашдын хүсэл мөрөөдлөөс хуваалцвал?
-Бид Эрдэнэт хотод амьдардаг, удахгүй аав, ээж болно. Аав, ээж болох бэлтгэлээ хангаад завгүй л явна. Ганаа маань халагдаж ирээд “Эрдэнэт Мах Маркет” компанийн борлуулалтын албанд ажиллаж байна. Дарга нь “Танай хүн цэрэгт явсан нь мэдэгддэг шүү. За гэвэл ёогүй. Ажлыг цаг хугацаанд гүйцэтгэж, хамт олонтойгоо нийтэч, зөв сайханд үргэлж уриалсан залуу” гэж магтдаг юм. Би фэйсбүүк групп дахь байлдагч нарынхаа найз охидод хайртыгаа цэргийн албатай нь хамт хайрлаж, хүндэлж яваарай гэж уриалдаг даа.
Ахмад Д.БОЛОР
Сэтгэгдэл0
Хайрыгаа хайрыгаа гээд одооны залуучууд үнэн хэлбэр маяг болжээ
Монгол ээж нар хүүхдээ цэрэгт явуулахгүй гэдэг. Тэд эх орондоо хайргүй гэсэн үг.