sonin.mn
“Үнэнийг хэлж, зөвийг шаардах” амьдралын зарчмаасаа болоод тэр бусдад ширүүн дориун харагдах нь бий. Өөрөө ч “Би зуун хувь төгс төгөлдөр хүн биш шүү дээ. Ажил хийж байгаа хүн алдаа оноо гаргана. Түүнийг нь хуурмаг бэртэгчид шүүрч, өөлж матна. Энэ хугацаанд зөндөө ч магтуулж, матуулж явлаа. Тэгэх тусам цэргийн дарга хүн улам гялалзаж, хурцлагддаг юм” гэж шулуухан өгүүлнэ билээ. Тэр ажил амьдралд нь тодхон мөрөө үлдээсэн цэргийн дарга нараа дурсах дуртай, тэдний ажлын арга барил, амьдралын ухааныг өөрөөрөө өртөөлөн залуустаа дуулгахыг хичээдэг.  
 
Тэр цэргийн даргын замналаа эхэлж байхдаа л дарга нарынхаа “Чи ОО яв. Цэргүүдийнхээ өтгөн, шингэнийг хар. Цэрэгтэйгээ цуг хоолло” гэхийг сонссон. Энгийн мэт боловч үнэ цэнтэй зөвлөгөө. Нээрээ л тэндээс цэргүүдээ ойлгож харьцах, хүнийг таних, хэрхэн ажиллах арга ухаанаа өөртөө олж авна. Түүнчлэн “Хүн гэдэг сэтгэлийн амьтан.
 
Түүнтэй хэрхэн харьцах чинь их ухаан. Миний мундгийнх бус, буурал хэдэн дарга нарын минь зааж сургасан амьдралын ухаарал. Алба хаагчийнхаа гэрээр ороод гарахдаа л хоолтой байна уу, хүүхдүүдийнх нь нүд ямар байна, эхнэрийнх нь ааш ямар байна гэдгийг анзаараад л гарна. Ялангуяа хээрийн сургууль, энхийг сахиулах ажиллагаанд явсан алба хаагчдынхаа ар гэрийг анхаарал халамжаар дутаачихгүй юм сан гэж боддог байлаа.
 
Ар гэрт нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь эргээд алба хаагчдад ажиллах урам зориг, итгэл найдвар бий болгодог. Бас албандаа хандах хандлага, чин сэтгэлээсээ ажиллах хөшүүрэг болдог” хэмээн саяхан цэргийн тэтгэвэртээ гарсан эрхэм хурандаа хүнтэй ажиллахуйн урлагийн талаар цухасхан өгүүлснийг залуу дарга нарт дуулгая хэмээн зориуд орууллаа. 
 
Оюуны Эрдэнэбаатар хурандаагийн өнөөг хүртэл хөтөлж ирсэн ажлын тэмдэглэлийн дэвтэр тоймгүй олон. Ажиллаж ирсэн анги байгууллага, амьдарч асан газар орных нь түүхийн нэгээхэн хэсгийн гэрч болж үлдсэн нь хааяахан эргүүлж суухад сонирхолтой. Эмхэтгэвэл нэгэн сонирхолтой ном бүтээл ч болж мэднэ. Тэр мөн хэзээ, хаана, хэрхэн өрнөсөн гээд үйл явдлыг он сар өдөртэй нь тоочно. Ховдын хороонд ажиллаж байх үеийнхээ 400 гаруй алба хаагч, цэргүүдээ овог нэрээр нь дурсан санана. 
 
ХОВД НАДАД ЭЭЛТЭЙ НУТАГ
 
Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны элгэнд хүй цөглөн тогтсон Сутай хайрхан уулын үзэсгэлэнг алсаас тольдон сэтгэл баясан зогсоход Ховдын цэнхэр хязгаарын “харуул занги” шумуулууд түүнийг харин хайр найргүй хазаж угтан мэндчилсэн гэдэг. Тэрээр Монголын Зэвсэгт хүчинд 35 жил шахам алба хаахдаа есөн нэгтгэл, анги, байгууллагад ажилласан бөгөөд нэгэн зууны түүхтэй Ховдын хороонд ажилласан таван жил сэтгэлд нь нэн дотно санагддаг. Жаргал, зовлон ээлжилж, амьдрал үргэлжилдгийн адил омголон халуун насыг нь мялааж орчлонд мэндэлсэн охиноо тэврээд хөөрч явсан бол ажлын төлөө хатуухан шаардлага тавьчхаад араасаа матуулж шийтгүүлж ч байсан үе бий.
 
Зөвхөн Монголдоо... гэж бодож явсан ч “зөрүүдэлж” ганц удаа энхийг сахиулахаар Сьерра Леоны багийн орлогчоор томилогдон харийг зорьсон нь баруун хязгаарын энэхэн чөлөөнөөс байсан бол эргээд аяны дөрөө мултлахдаа ангийн захирагч нь болоод ирсэн соньхон тавилан түүнийх байлаа.
 
Баруун Алтайн уулс бараатай сүртэй, байгалиасаа тийм нэг хийморийн хаялгатай. Тийм ч болохоор эрхэм хурандаагийн цэргийн даргын бадрангуй замналд өнгө нэмэх цол мөрдэс, ажил албан тушаалыг харамгүй хайрласан биз ээ. Жагсаалаараа жигдэрч, дүрэмчээрээ домог болсон ангийнхнаа сайн удирдсаныхаа төлөө тэр орон сууцаар шагнуулж, амьдралын том асуудлаа ч шийдэж амжсан гэсэн. Тийм болохоор тэр өөрийн эрхгүй “Ховд надад ээлтэй нутаг” гэж өгүүлсэн болов уу. 
   
Зүүнбаянд хурандаа Б.Энхбаатар, З.Чулуундорж, хошууч генерал А.Ганбат, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Чимүү хэмээн алдаршсан хурандаа Б.Чимэдцэрэн, дараа нь Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Ш.Эрдэнэбаяр хурандаа нарын “том том акул”-уудын гараар орж, ихийг сурч, бас ч дажгүй цэргийн дарга болсон гэж өөрийгөө тэрүүхэндээ тоож эхэлж байсан ч анх тэнд штабын даргаар томилогдон очоод ажлаа хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй тэвдэж зогссоноо тэр нуусангүй ээ.
 
Урьд нь наяад цэрэг, хориод офицерын өмнө үүрэг тавьж байсан бол ирийтэл жагссан 300, 400-аад алба хаагчийн өмнө гарч үг хэлж, үйлдлээрээ үлгэрлэн дагуулна гэдэг анхандаа амар байсангүй ээ. Тэгээд ч өөрийг нь дэндүү сайн мэдэх ойр дотнынхон нь “Үг хэлээ бодож байгаарай. Гар чинь түрүүлэх гээд байдаг шүү” гэж сануулсан нь сэтгэлд хадаастай. Аясыг нь харвал ажлын эхний гурав хоногт хоёр л хүнтэй ойр дотно танилцсан нь аливаад шалмаг, шийдэмгий зантай түүнд чамлалттай санагдаж, алба хаагчдынхаа гүнд нь орж танилцахаар шийджээ. Ингэснээр эхний хагас жилийн хугацаанд хэн нь хэн бэ, ажил албандаа хэн нь чин сэтгэлээсээ хандаад, хэн нь нэр хичээж, хуурмаг байгаа зэрэг нь ялгараад иржээ, аяндаа. Дараа нь ангийн захирагч болоод эргэн ирэхэд ёстой л “дассан газрын даавуу зөөлөн” гэдэг шиг сэтгэл зүтгэл нийлсэн хамт олон, гарт орсон ажил алба, ааш зангаа мэдэх болсон нутгийн ард түмэн талархан угтжээ. Найман жил зүүсэн ахмадын мөрдэсээ тайлснаас хойш гурав, гурван жилээр хошууч, дэд хурандааг угсруулан зүүж, цаг хугацаагаа нөхсөн төдийгүй Алтайн их уулсын торгон хийморийг оршоожээ.   
 
Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулсан Тэргүүний дүрэмч, жагсаалч анги шалгаруулах уралдаанд Зэвсэгт хүчний 123 дугаар анги тэргүүлж, Их Монгол Улс байгуулагдсаны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Монголын анхны төрийн далбааны өдрөөр захирагч О.Эрдэнэбаатар нэг өрөө байраар шагнуулсан нь хөдөө хөхөрч, гадаа гандсан цэргийн даргын нийгмийн асуудлыг шийдсэн маш өгөөжтэй ажил болсон байна.  
 
Өнгөрсөн зун төрөлх ангийнхаа түүхт 100 жилийн ойгоор уригдан очиж, үе үеийн захирагч нар болон ангийн хамт олонтойгоо Буянт голын хөвөөнөө тааваар нэгэн баярласан бөгөөд баярын үйл ажиллагаагаа үнэхээр сэтгэл зүтгэл гарган зохион байгуулсан хурандаа Х.Энхболдод талархахын зэрэгцээ өмнөх удирдлагуудынхаа эхлүүлсэн ажил үйлсийг үргэлжлүүлэх, сайжруулан нутагшуулахаас гадна шинийг эрэлхийлэн ажилласан нь таатай санагдсан талаараа сэтгэл хангалуун өгүүлнэ билээ. Мөн цэргийн тэтгэвэрт гарсныхаа дараахан найзуудтайгаа Ховдын цэнхэр хязгаараар сар гаруйн хугацаанд хөндлөн гулд аялж, байгалийн үзэсгэлэнт газруудыг тольдсон бөгөөд тэнд ажиллаж амьдрах хугацаагаа байгалийн сайханд тухтай амрах ч завгүй өнгөрөөснөө мэдэрсэн ажээ. 
 
ТАРХИНДАА ТАКТИКТАЙ, ТАШААНДАА НАГААНТАЙ ДАРГА
 
Тэр томилолтоор ч, сонголт, сорилтын алинаар ч монгол цэргийн шандсаа сорьж, ид хаваа гайхуулж, өөрийн чадлаар хэн гэдгээ харуулдаг нэгтгэл, ангиудыг дамжсан байх юм. 1993 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Ерөнхий цэргийн командын офицер, явган цэргийн байлдааны машины ашиглалтын инженер мэргэжлээр төгсөөд шууд “хээрийн академи” буюу Зүүнбаянд Ардын Армийн 132 дугаар мотобуудлагын батальоны 2 дугаар мотобуудлагын ротын 1 дүгээр мотобуудлагын салааны даргаар томилогджээ. Нийгмийн байдал ороо бусгаа, офицерууд армиас олноор гарч байсан үед Цэргийн нэгдсэн дээд сургууль 128 төгсөгчийнхөө ихэнхийг буюу 80 гаруйг нь Зүүнбаянд илгээсэн ч ердөө 27 нь л очсон гэдэг. Тэдний ангид л гэхэд 12 төгсөгч очихоос ердөө гурав нь л зориг шулуудан очиж байжээ. Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, өвөө эмээгийн эрх хүү, араасаа дагуулсан дүү нарынхаа итгэлт ах түүнд улсын томилолтоос зөрөх, том толгойлох ёс зүй үгүй учир “Мэдлээ, гүйцэтгэе” гээд Зүүнбаянд очиж байжээ.
 
Гуравдугаар дамжааны сонсогч байхдаа тэнд хориод хоногийн хугацаанд дадлага хийсэн ч өвөл байсан болохоор элсний үнэр, говийн халууныг төдийлөн мэдрээгүй явснаа сургуулиа төгсөж ирээд долоодугаар сарын жин үдийн нар нүүр төөнөн угтахад мэдэрсэн гэнэ. Тэнд дөрвөн жил ажиллахдаа салааны даргаас ротын дарга, батальоны штабын дарга хүртлээ дэвшжээ. 
    
Цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд байлдааны болон тусгай үүрэг гүйцэтгэх, Энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадвар бүхий Мотобуудлагын мэргэжлийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийг 1997 онд байгуулж, ачаалал, шаардлага, шалгуурын хувьд өндөр босготой тус ангид саад бэрхшээл бүхнийг давж туулах бие бялдар болоод сэтгэлзүйн бэлтгэлтэй алба хаагчдыг сонгон шалгаруулж авсны дотор О.Эрдэнэбаатар багтаж, тус ангийн ротын даргаар томилогджээ. Ийнхүү тэрбээр Зэвсэгт хүчний сор болсон удирдлага, алба хаагчдын хамт Элитийн батальоны анхдагчид болж, барилга байшингаа янзалж тохижуулахаас эхлээд хүний нөөцийн хувьд чадавхжиж оршин тогтнотол нь гар, сэтгэл нийлэн зүтгэжээ.
 
Дараа нь тэр Зэвсэгт хүчний 032 дугаар анги буюу Хүндэт харуулын ангид ротын дарга, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн сургуулийн мотобуудлагын батальоны штабын дарга, батальоны захирагч болтлоо ажиллажээ. Энэ хугацаандаа Батлан хамгаалахын удирдлагын академийг дүүргэсэн байна. Улмаар 2005 онд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар томилогдон ажиллажээ.
 
Тэндээсээ Сьерра Леоны цэргийн багийн орлогчоор үүрэг гүйцэтгэж, ирээд шууд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхаа захирагчаар томилогдон ажилласныг дээр дурдсан билээ. Цэргийн хүн тушаалаар явсаар 2009 оноос Батлан хамгаалахын удирдлагын академид багшилж, байлдааны болон тайван цагт цэргийг удирдах чиглэлийн хичээлүүдийг зааж, овоо хэдэн шавьтай болжээ. Тэр 2002 онд Батлан хамгаалахын удирдлагын академи болон Зэвсэгт хүчний 016 дугаар бригадтай хамтарсан команд штабын сургуулийн үеэр сургууль байлдааны мотобуудлагын батальоны захирагчаар ажиллаж байхдаа уг сургуулийн удирдагч хошууч генерал М.Борбаатар, Монгол Улсын гавьяат багш Б.Түмэн нарын нүдэнд торж, тактикийн чиглэлээр бакалаврын дамжаанд бүтэн жил, үргэлжлүүлээд БХУА-д суралцсанаар тактикийн номын дууг чанартай сонсож, суралцжээ. Дөрвөн өнгийн тушь, тушний үзгээрээ өнөөгийн компьютероос дутахгүй зураг зурдаг байснаараа бахархаж, тактикийн мэдлэгийн ачаар аливаад шийдвэрлэх байр суурьтай байх чадварт суралцсан гэнэ. Чухамдаа “Тактик” гэгдэх болсон нь тэндээс эхтэй болов уу. 
 
Хамгийн сүүлд Хуурай замын цэргийн командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн даргаар таван жил гаруйн хугацаанд ажиллаад гавьяаныхаа амралтыг эдэлж эхэлсэн Монголын Зэвсэгт хүчний тодхон мөртэй нэгэн цэргийн даргын амьдралын замнал та бидний өмнө дурайж байна. Тэр Оператив тасгийн дарга буюу өнөөгийнхөөр Ажиллагааны удирдлагын тасгийн даргын албанаас бусад Ерөнхий цэргийн даргын хаах ёстой ажил албаны бүхий л шат дамжлагыг хашжээ. Батальоны захирагчаар ажиллаж байгаад Батлан хамгаалахын удирдлагын академид суралцан төгсөөд штабын даргаар томилогдсон учир дээрх албыг алгассан юм байна. 
 
Арван жилийн цэрэгжлийн багш ахмад н.Лхагвасүрэнгээсээ автомат буу задалж угсрахыг сурч, ахлах ангийн хоёр жилдээ өвөөгийнхөө чиглүүлснээр НАХЯ-ны харьяа “Дөл” зусланд 21 хоног явахад нь цэрэгжилт, дүрэмт хувцас “нүдэнд дулаахан харагдаж”, улмаар цэргийн сургуулийг сонгосон тэрбээр сонгосон мэргэжлийнхээ “ЕЦ, ЯЦ”-ийнхээ ч учрыг олохгүй эхэлж байснаа бодвол Зэвсэгт хүчиндээ “Тактик”, “Ховдын”, “Оюуны” хэмээн тодотгогдож, нэртэй зүстэй, мөртэй эрхэм хурандаа болтлоо хоёргүй сэтгэлээр ажиллаж иржээ. 
 
ААВ НЬ ГАЗРЫНХ ЮМ ЧИНЬ МИНИЙ ХҮҮ ТЭНГЭРИЙН ХҮН БОЛ... 
 
Цэргийн хүний гэргий, цагаан зээр хоёр адилхан гэдэг. О.Эрдэнэбаатарын гэргий М.Алтантуяа шинэхэн дэслэгч нөхөртэйгөө Зүүнбаянд танилцаж, гэр бүл болсноос хойш хүнсний нярав, планшетчин, химичин, ахлах тогооч, цэргийн цагдаа гээд төрөлх биеийн тамирын багш, дасгалжуулагчаасаа тэс өмнөө ажил, албан тушаалыг хашсан Зэвсэгт хүчний ахлагч бүсгүй бөгөөд эр нөхрийнхөө хаа томилогдсон газар бүхэнд давхар “томилогдож”, ар гэртээ сэтгэл хоёрдолгүй ажиллах бүхий л нөхцөл бололцоог хангаж ирсэн билээ. Хоёулаа цэргийнх байна гэдэг бие биеийнхээ ажил албыг ойлгож мэдэрдгээрээ давуу талтай ч үр хүүхэд орхигдож, эмээ өвөөгийн хүүхэд болчих гээд байдаг сөрөг талтайг мэдэх болохоор хүүгээ тэр цэргийн хүн болгохыг хүсээгүй. Физик, шинжлэх ухааны чиглэлээр сонирхон судалж, бүр ШУТИС, МУИС-иас хуваарь ирэхэд нь нууцхан баярлаж байтал хүү нь ээжтэйгээ “үгсэн хуйвалдаж” нэг л өдөр цэргийн хүн болохоор шийдсэнээ хэлж аавыгаа гайхшируулжээ.
 
Хоригловол бүр хил рүү ч хамаагүй цэрэгт явах шинжтэй эрс шийдсэн хүүгээ дэмжихээс өөр арга аавд үлдээгүй аж. Тэгээд нэгэнт цэргээр явахаар шийдсэн бол ахлагч бол, амьдрал үз гэхчлэн чиглүүлэх гэсэн ч хүү өөрөө судалж, шалгалт сорилд нь орж тэнцээд гадагшаа цэргийн сургуульд явах болоод мэргэжил сонголтынхоо талаар асуухад нь “Аав нь газрынх юм чинь миний хүү тэнгэрийн хүн бол доо” гэжээ.
 
Түүний хүү ахлах дэслэгч Э.Будрагчаа ОХУ-ын Воронеж хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академийг МИ-8МТ нисдэг тэрэгний их бие хөдөлгүүрийн инженер мэргэжлээр зургаан жил суралцан төгсөж ирсэн цагаасаа өнөөг хүртэл Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний их бие хөдөлгүүрийн техникч, борттехникчээр ажиллаж байна. Тэрбээр саяхан бие даасан анхны нислэгээ МИ-171Е загварын нисдэг тэргээр амжилттай гүйцэтгэж, борттехникчээр бие даан нисэх эрхээ авсан манай нисэх хүчний шинэ залуу боловсон хүчний нэг юм. Харин Ховдын цэнхэр хязгаарт мэндэлсэн, хувь тавилангийн бэлэг хөөрхөн охин Э.Анар-Эрдэнэ нь “Орхон хасу” дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч ажээ. 
 
МУЖААНЫ БЭСРЭГХЭН ЦЕХТЭЙ БОЛНО ОО 
 
Тэр цэргийн хүн болоогүй бол алт мөнгөний уран дархан болох байжээ. Өвөөгийнхөө мужааны багажийг “булаацалддаг” байсан хүүгийн багын нууцхан мөрөөдөл өнөө харин биелэх боломжтой болсныг түүний зэхсэн олон төрлийн багажийн цуглуулга, Баянзүрх дүүргээс илгээсэн мужааны мэргэжил олгох сургалтын урилга, удахгүй “Мужааны бэсрэгхэн цехтэй болно оо” гэсэн түүний итгэл дүүрэн ярианаас илхэн байна. 
 
Цэргийн тэтгэвэрт гарсан эхний өдрүүд түүний хувьд тун хүндхэн өнгөрчээ. Нууцгүй хэлэхэд, эхэндээ энгийн амьдралд дасан зохицох амаргүй байлаа. Өглөө цонхоор командлал харагдаад, яваад очмоор санагдаад, сэтгэл санаа хөвсөлзөөд байхаар нь байраа хүлээлгэж өгөөд хотод ирсэн гэдэг. Хөдөө газрын задгай салхинд дассан түүнд 10 дугаар хорооллын агаар бөглүү бүгчим санагдаж даруйхан нүүж Гачууртад суурьшжээ.
 
Одоо тэр улс орон даяар өрнөөд буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ногоон хувьсгалд өөрийнхөө хэрээр хувь нэмрээ оруулж, хүнсний ногоо, жимсний голдуу мод тарьж, хашаа хороогоо тохижуулж, тав тухтай амгалан тайван амьдрахыг чухалчилж байна. “Хашаандаа сайхан амьдаръя” цахим группт нэгдэж, санаа авч, туршлага солилцдог сайхан хамт олонтой болжээ. Бас юмхнаар юм хийх арга ухаан, аргачлалыг нь заагаад өгчихдөг интернэт хуудсуудаар их зочилж байгаа гэнэ. Насаараа “Хий” гэж хүмүүсийг уриалан хөдөлгөж байснаас өөрөө хийж, хөдлөөд байх нь “зугаатай байна аа” гээд инээж сууна.
 
Гэргий нь ч бас тасалгааны болоод таримал цэцгийн хоббитой учир сонирхол, хүсэл зорилго нэгтэй хосод маань Гачуурт хайрхныхаа өвөрт амар жимэр амьдрах нь их л таалагдаж байгаа бололтой. Аан, бас эрхэм бэлтгэл хурандаагийн өглөөний ажил дэргэдэх хайрхан руугаа алхахаас эхэлдэг бөгөөд долоо долоо хоногоор туулах замаа нэмсээр байгаа гэнэ лээ. 
 
Цэргийн тэтгэврээ тогтоолгомогц түүнд ажлын хэд хэдэн санал ирсэн боловч зарим хувийн хэвшлийнхний зорилго, зорилт нь тодорхой бус, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх арга зам нь ч ойлгомжгүй, ерөнхийдөө энгийнхэнтэй хэл үгээ олж, зохицон ажиллах төвөгтэй санагдаад өөрөө өөртөө эзэн болж, хашаандаа сайхан амьдрахыг сонгожээ. Энэ дашрамд, дөнгөж дөч гаруйхан насандаа тэтгэвэрт гардаг мөрдэст алба хаагчид энгийн амьдралд гарахад тулгардаг асуудал, сэтгэл зүйн талаар түүний санал бодлыг сонирхвол, цэргийн алба хаагчийг тэтгэвэрт гарахаас нь өмнө сувилалд амраах, сэтгэл зүйн бэлтгэл хийх, мэргэжлийн сургалтад хамруулах зэрэг хуулийн заалтууд амьдралд тэр бүр хэрэгждэггүйгээс цэргийнхэн энгийн амьдралд гараад сэтгэл санаагаар унах, амьдралд барьц алдах, нэг удаагийн тэтгэмжээрээ машин авах, зээл төлөх төдийхөн болоод өнгөрдөг үзэгдэл нийтлэг байна. 
 
Тиймээс мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулбал мэргэжилтэй болохоос гадна найз нөхөд, танилын хүрээлэлтэй болно. Мөн тэтгэмжээрээ цаашид амьдралаа аваад явчихаар бичил бизнес эрхлэх, орлого олох боломжийг эрэлхийлэх хэрэгтэй болов уу. Ер нь “сэтгэлгээний хайрцаг”-аа даван туулж, эртхэн энгийн амьдралдаа орж, хөлөө олоод явахыг хичээх хэрэгтэй. Өөрөө амьдралын амтыг мэдрэхээс гадна үр хүүхдүүддээ өвлүүлэх зүйл хийж амжих үе шүү хэмээн өөрийн бодлоо хуваалцсан юм.
 
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин