sonin.mn
Цагаан нөмрөгөөр гоёж, чагнуураар зэвсэглэсэн эмч, цэргийн шинелиэр гангарч, цэцэн буу мөрлөсөн офицерын хувь заяаг эрхшээж, хос тангаргийнхаа хариуцлага хийгээд хийморь дор асан дүрэлзэж явсан аранзал залуу нас түүнийх. Зүрх сэтгэлээ дэвсэн хийж бүтээхийн их хүслэнд хөглөгдөн хөтлөгдсөн ирмүүн залуу нас бас түүнийх. Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа эзэн болохын их хариуцлага ч мөн түүнийх. Өөрт оногдсон цаг хугацаа, орон зайдаа тод мөртэй байхын их ухаан ч түүнийх. Ийм л энгийн атлаа энгүй зарчмыг жанжин шугамаа болгож, амьдралынхаа тойргийг урлан бүтээсэн эрхэм бол чөлөөнд байгаа хурандаа Минжүүрийн Нямсүрэн ажээ. 
 
БАЯН-ӨНДӨРТ ҮДСЭН БАЛЧИР  НАСАА ДУРСАХУЙ
 
Өдгөөгөөс далан хаврын тэртээ буюу 1954 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын уугуул эгэл жирийн малчин Минжүүрийн хоёр дахь хүү болон мэндэлсэн тэрээр ижий аавынхаа их хайранд өсөн торнисон агаад бага балчир ахуйдаа хурга, тугал хариулах, ус зөөж, түлээ түлш базаах, хонинд явах, хадлан бордоо бэлтгэх зэрэг ажилд ханцуй шамлан оролцдог хэрдээ л хэрсүү хүү байсан гэдэг. Малчин ардын аж амьдрал, ахуй гэдэг өөрөө тэр чигтээ их хөдөлмөрийн талбар тул тийнхүү өсөх наснаасаа хөдөлмөрийн амт, хөлс хүчний үнэ цэнийг мэдрэхийн зэрэгцээ тэвчээр хатуужил ч суусаар эр бие нь  өсжээ. Тэрээр төрөлх сумынхаа бага сургуулийг төгсөж дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшсэн бол үргэлжлүүлэн зэргэлдээх Баянцагаан сумын 8 жилийн сургуулийг дүүргэн эрдэм номын аянд дөрөөлж, эмч мэргэжлийг сонгон их хотыг зорьсон байна.
 
Энэ тухайгаа хүүрнэхдээ, “Тэр үеийн хүүхдүүдэд найм төгсөөд аймгийн төвийн 10 жилийн сургуульд суралцах эсвэл техникум, ТМС-д элсэх гэсэн хоёр л зам байлаа. Хэрэв хүсвэл малчин болох бас нэг зам бий. Гэхдээ намайг 8 дугаар ангид байх үед буюу 1970 онд аав минь мал маллахаа больж, Баян-Өндөр сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярав хийж байсан тул малчин болох бодол ч төрсөнгүй. Аавынхаа зөвлөснөөр эртхэн амьдралын зах зухад хүрэхийн тулд Анагаах ухааны дунд сургуулийг сонгож, 1970 оны 9 дүгээр сард анх удаа Улаанбаатар хотод хөл тавьсан” хэмээн өгүүлэв.
 
Өмнө нь аймгийнхаа төвд нэг л удаа очиж үзсэн түүнд их хотын юм бүхэн соньхон байсан гэдэг. Модон чемоданаа зэхэж, цагаан ултай гутал, хүрэн даалимбан тэрлэг, шар дурдан бүсээр гоёсон шавилхан хүү аавынхаа гараас хөтлөн ийнхүү их хотод орж ирэн одоогийн Баруун дөрвөн замын урд талд байсан “Геологийн 64” гэх хоёр давхар шар байранд ирсэн нь төрсөн эгчийгээ түшиж буй хэрэг байлаа. Зулайг нь гишгэж төрсөн эгч нь айлд өргөгдөн хотод амьдардаг төдийгүй, Холбооны техникумын оюутан байсан тул аав нь хоёр, гурав хоноод л хүүгээ эгчид,  нь даатгаж орхиод нутаг буцахад анх удаа гэрээсээ холдож буй Нямсүрэн хүү дагаж уйлаад л үлдсэн гэдэг. Сальвадор Альендегийн нэрэмжит Анагаах ухааны соёлч дунд сургуульд бүртгүүлчхээд л Цагаантолгойн сангийн аж ахуй руу хадлан бэлтгэхээр үе тэнгийн нөхдийн хамт хүлгийн жолоо залсан нь, хадлангийн талбайд 10 дугаар сар гартал халуунд халж, хүйтэнд хөрж, дарвин шуугьж ажилласан нь, архаг оюутан болчхоод Хэнтий аймгийн Галшар суманд барилга хүртэл барилцаж явсан нь одоо ч түүний сэтгэлд тод дурсамж болон үлджээ. Тухайн үеийн оюутан залуус улс орныхоо аливаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд жин даран оролцдог байсан төдийгүй, тийм л замналыг туулсан хэн бүхэн тэрхүү хөдөлмөрийн талбар, хөлсний үнэ цэн, хөгтэй дурсамжаар нэгэн насныхаа амьдралыг хөглөдөг гэлтэй. 
 
ХОНГОР НУТАГТАА  ХУВААРИЛАГДАВ 
 
Нийтлэлийн баатар маань Сальвадор Альендегийн нэрэмжит Анагаах ухааны соёлч дунд сургуульд 3,6 жилийн хугацаанд суралцан эх баригч, бага эмч мэргэжил эзэмшээд төрөлх Хонгор нутагтаа хуваарилагдан аймгийнхаа Эрүүл мэндийн газрын боловсон хүчний асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн шийдвэрээр Баацагаан сумын Сум дундын эмнэлгээс, тэр тусмаа дүн бүртгэгч, бага эмч гэх албан тушаалаас ажлын гараагаа эхлэн Баянцагаан, Бууцагаан, Баян-Өндөр, Шинэ жинст гэх мэт говийн сумдыг хариуцан хоёр жил ажиллажээ.
 
Ажлын гараагаа хэрхэн эхэлж, танхимд сурсан онолын мэдлэгээ амьдралын хөрсөнд яаж буулгасан тухай дурсамж дэлгэхдээ тэрээр, “Тоонд маруухан даа, би. Яаж дүн бүртгэгч хийнэ ээ, хэрхэн сампин цохиж сурна аа гэх зэргээр их л олон юм бодож, битүүхэн айж байлаа. Тэр үед ямар одоогийнх шиг тооны машин энэ тэр гэж байсан биш.
 
Азаар Ванчиндорж гэж ахмад настай, мундаг бага эмч байлаа. Тэр хүнийг нэг сарын хугацаанд дагалдаж дүн бүртгэлийн хамаг л бичиг баримттай танилцан сампин хүртэл цохиод сурчихлаа. Тэр үеийн сампин цохидог хүмүүс ёстой биширмээр, тоо дуудан өгч байгаа хүн нь гүйцдэггүй байлаа шүү дээ. Би тийм хэмжээнд хүрээгүй ч хувиа болгох дайны болсон юм даг. За тэгээд л өнөөх дүн бүртгэлийн бичиг цаасаа цагаан бааданд боож бүслээд л хэдэн сумдаа тойрдог байв. Баацагаанд ажилласан хоёр жилийн хугацаа надад маш их зүйлийг сургасан даа” хэмээв. Үргэлжлүүлэн, Баацагаан сумын "Чойбалсангийн зам" нэгдэл гэж байлаа, дарга нь өнөөгийн УИХ-ын дарга Занданшатарын аав Хөдөлмөрийн баатар Гомбожав гуай. Бид хамтран их сайхан ажилладаг байв.
 
Миний хувьд сумын хамгийн залуу боловсон хүчин тул эмнэлгийнхээ бүх л дуудлагад морь, тэмээ, мотоцикл унаад л явна. Сүүлдээ би өөрөө трактор жолооддог болж, дуудлагад тракторын толгой бариад л давхичихна. Сумын аливаа ажил, арга хэмжээнд хамгийн залуу боловсон хүчний ёсоор идэвхтэй оролцоно, мөн ч сайхан байсан сан.
 
Тэр үеийн хүмүүсийн мөн чанар, зан харилцаа, ажлын төлөө гэсэн чин сэтгэл үнэхээр агуу. Адилхан албатай, ижилхэн цалинтай, баян болоод ядуугийн ялгаагүй тийм л сайхан нийгмийг бүтээлцэж явлаа” гэж хуучлахдаа тэрээр ирмүүн залуу насандаа эргээд очсон мэт догдлох аж. Түүнийг Баацагаан суманд ажиллаж ахуйд тус сум Алтангадас одон хүртэж, аймаг, хотоос төлөөлөгчид очин одонг нь гардуулж ёстой л улсын наадмаас дутахгүй том баяр болж байсан нь түүний сэтгэлд өчигдөрхөн мэт тодхон байна. Ийнхүү дурсах нь басхүү аливаа алдар гавьяа, одон медалийн үнэ цэн ямар хэмжээнд байсныг илтгэх ажээ.  
 
АЙМГИЙН ТӨВИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГЭЭС АРМИЙН АЛБАНД ЗҮТГЭСЭН НЬ  
 
Ингэж л сайхан ард түмэн, сайн хамт олонд өлгийдүүлэн урамтайхан ажиллаж байтал нь түүнийг аймгийн төвөөс дуудаж, нэгдсэн эмнэлэгт сэлгэн томилох болсон нь алслагдсан сумдад чамгүй амжилттай ажилласных нь үр дүн гэлтэй. Түүнийг ийнхүү аймагтаа ирж, нэгдсэн эмнэлэгт ажиллаад хагас жилтэй золгож байтал цэрэг татлага болжээ.
 
Хот хүрээ газар суурьших, эрдэм боловсролоо ахиулж их эмч болохыг эрмэлзэж байсан залуу боловсон хүчний толгойд хөдөөнөөс явах ганцхан арга бол ердөө цэрэгт явах юм байна гэсэн бодол зурсхийж, түүнийгээ ажил болгохоор сэтгэл шулуудсан гэдэг.
 
Мэдээж идэр насны залууд эр цэргийн зарлан дуудах хуудас хаяглагдсанаар түүний хүсэл биелэх нь тэр.Тухайн үед хугацаат цэргийн алба хаагаад очсон Жанчив найзаасаа цэргийн албаны тухай, тэр тусмаа бага, дунд мэргэжилтэй бол цэргийн албанаас гадаадын их, дээд сургуульд явах боломж байдаг талаар сонссон байсан нь түүнийг улам ч хурцалж “Аймгийн Намын хорооны мэдлийн боловсон хүчин тул цэрэгт явуулахгүй, ажлаа хий” гэсэн “шаардлага”-ыг ч эвтэйхэн зохицуулжээ. Эмч нарын комиссоо ахалж явсан хошууч н.Сүхээ (Хожмоо ЦТЭ-ийн мэс заслын зөвлөх эмч, хурандаа) эмчтэй зориг гарган уулзаж, учир байдлаа ойлгуулснаар тийнхүү цэрэгт мордох боломжийг атган их говийн гарнизонд хуваарилагдаж ааваараа үдүүлэн аймгийнхаа төвөөс мордсон нь, Улаанбаатарт ирж Япон толгойд карантилагдсан нь, Зүүнбаян руу явахдаа анх удаа галт тэргэнд сууж үзсэн нь түүний амьдралын бас нэгэн гэгээн дурсамж юм санж. Зүүнбаянд очоод 45 хоног карантилагдаад хошууч Н.Норов захирагчтай танк эсэргүүцэн хамгаалах 136 дугаар дивизионд хуваарилагдан говийн халуун нарыг үл ажран, гэрээ санаж гэгэлзэх ч завгүйгээр өдөржин бэлтгэл хийчхээд, шөнө нь дэр толгой нийлүүлээд л нам унтдаг байснаа дурсана.
 
“Говийн халууныг хэлж барах уу, биднийг усаар чангалдаг байсныг хэлэх үү, шөнө ус л зүүдэлнэ. Жагсаалын дарга нар маань том хувинд бор цай хийж авчраад л өөрсдөө ууна, биднийг харин нар луу харуулаад команд өгөөд зогсоочихно. Зарим цэрэг элсэн дээр пид хийтэл унана, унасных нь толгой руу ус цацаад л босгоод ирнэ.
 
Тэр үеийн иймэрхүү аахар шаахар зүйлийн тухай одоо яривал улсууд цэргүүдийг ямар их дэглэж байсан юм, амьтны хүүхдүүдийг алах гэж байсан байна гээд л сүйд болох байлгүй. Энэ бол дэглэлт биш юм шүү дээ. Аливаа ачааллыг даах чадал тэнхээ, тэсвэр хатуужил, бие бялдрын болоод сэтгэл зүйн хувьд бэлтгэж байгаа хэрэг байхгүй юу” хэмээн байлдагч үеийн дурсамжаа дэлгэв. Тэрээр байлдагч болоод төд удалгүй түрүүч цол хүртэж, эмнэлгийн албанд томилогдон цэргүүдийн эрүүл мэнд, анги салбаруудынхаа орчны эрүүл ахуйд анхаарлаа хандуулан ажиллах үүрэг авчээ. Салаа, салбаруудаар явж цэргүүдэд үзлэг хийхээс эхлээд цэргийн байр, гал тогоо, бие засах газруудад хүртэл ариутгал цэвэрлэгээ хийлгэж орчны эрүүл ахуйг бүрэн хангуулахад гол анхаарлаа хандуулж, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу идэвхийлэн ажилласаар хугацаат албаныхаа хоёр дахь жилийг ардаа орхиж байв. Гэтэл нэг өдөр Арми өргөтгөн зохион байгуулагдаж, боловсон хүчний хэрэгцээ шаардлага гарч буй тул ЗХУ-ын их, дээд сургууль, академид элсэлт авах тухай таатай мэдээ чих дэлсэх нь тэр. Ёстой л загатнасан газар нь маажив гэлтэй энэ үг түүний хувьд зүүд мэт санагдавч зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдлийнх нь биелэл байлаа.    
 
Мэдлэг боловсрол, сахилга бат, дэг журам, харилцаа хандлага, хариуцлага төлөвшлөөрөө шалгарсан 100 гаруй цэрэг ЗХУ-ын их, дээд сургуульд шалгалт өгөхөөр Зүүнбаянгаас Улаанбаатарыг зориход түрүүч М.Нямсүрэн зүй ёсоор эхэнд нь жагссан бөгөөд тэднийг хотод ирж өнөө л Япон толгойд карантилагдахаар очтол эх орныхоо өнцөг булан бүрээс яг тэдэнтэй адил зорилго тээсэн 1000 шахам цэрэг цугласан байжээ.
 
Нийтлэлийн маань баатар энэ тухай “Мэдээж тэр олон цэргүүдээс оргож зугтах, сахилга хариуцлага алдах нь бишгүй л байсан. Тэгэхээр чинь юун гадаадад сургуульд явах мантай, шалгалт өгөх эрхээ хасуулаад л... Миний хувьд зорилго маань маш тодорхой байсан тул карантины хугацаанд ахлах дарга нарынхаа өгсөн үүрэг даалгаврыг мадаггүй биелүүлж, байх ёстой газраа, гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгээд л яс байсан. Дарга нарынхаа итгэлийг дааж, их сайн түрүүч нэр ч авдаг юм байна. Ингээд л шалгалт шүүлгээ өгч тэнцээд 1976 оны 9 дүгээр сард бага дэслэгч цол зүүж офицерын эгнээнд шилжээд мөрөөдлөөс ч гадна байсан алтан Москваг зорьсон доо. Галт тэргээр тав хоног явж Москвад хүрээд цааш Ленинград хотыг зорьж байлаа” гэж бахдан өгүүлэв. Ингэж л их эмч болох зорилгодоо хүрч Ленинград хотын Цэргийн хүн эмнэлгийн академид долоон жил суралцах хугацаандаа нэгэн насныхаа ханийг олж, 1980 онд буюу Москвагийн олимпын жил ууган хүүгээ өлгийдөн аав болоод амжсан нь амьдралынх нь хамгийн нандин дурсамж ажээ. 
 
ЦЭРГИЙН ЭМЧИЙН АНХНЫ ТОМИЛОЛТ...
  
Тэрээр академиа төгсөж ирээд тухайн үеийн АА-ийн 120 дугаар ангид Хүн эмнэлгийн албаны даргаар томилогдож, ангийн захирагч дэд хурандаа н.Доржханд, штабын дарга хошууч н.Мөнхөө, ар талын албаны дарга хошууч Н.Чулуунхүү (МУГЖ, хурандаа) нарын удирдлага, хамт олноос суралцахын зэрэгцээ, гар сэтгэл нийлэн ажиллаж, цэргийн хүний ажил, амьдралыг ёстой л утгаар нь мэдэрч, жинхэнэ “цэргийн хүн” болон боловсорчээ.
 
Энэ дурсамжаа тэрээр “Тус ангид ажилласан гурван жил харвасан сум шиг л өнгөрсөн. Зав чөлөөгүй ажиллана, тэр үеийн ангийн эмч гэдэг бол зөвхөн хүн үзэж чагнуур тавьдаг эмч байгаагүй. Ерөөсөө л казармын болоод цэргүүдийн хувийн эрүүл ахуй, халдвар хамгаалал, цэргийн гал тогоо, цэргүүдийн бие засах газар гээд л анги салбарын бүхий л талын ариун цэврийг шалгадаг дарга байлаа.
 
Мэдээж шаардлагатай өвчтөнөө үзэж эмчлэлгүй л яах вэ. Үүний зэрэгцээ мөн ч олон удаагийн хээрийн дадлага, сургуульд гарсан сан. Батарейны буудлага, бригадын гал нийлүүлэлт гээд л байнга дадлага, сургууль хийнэ. Тэр болгонд эмнэлгээ аваад явна. Үндсэндээ Таван толгойд л байж байдаг байлаа шүү дээ” гэж өгүүлэв. Тэрээр хамт олныхоо ач, дарга цэргүүдийнхээ дэмээр ингэж л сайн ажиллаж гурван жилийн хугацаанд эмнэлгээ эмнэлгийн дайнд хүргэж, пургон автомашинаар шагнуулж, өнөөдрийн бидний түүчээлж яваа “Соёмбо” буюу тухайн үеийн “Улаан Од” сонинд сайшаагдан бичигдэж явсан нь түүний дурсамжаас тод томруун харагдах ажээ. 
 
Тэгвэл дараа нь тэрээр БХЯ-ны Эрүүл мэндийн газрын шийдвэрээр их говийн гарнизоны 132 дугаар ангид томилогдож, алтан Москва руу анхлан хөтөлсөн, амьдралынхаа замналыг эхлүүлсэн, авшиг оршсон их говьд хоёр дахиа  очжээ. Тэр үед хорооны захирагчаар нь Төмөрбаатар хэмээх маш зарчимч, дүрэмч жагсаалч, ширүүн дориун, дайчин чанараараа алдартай цэргийн дарга ажиллаж байсан нь, мөн л шижигнэсэн хамт олон угтсан нь түүнд ахиж дэвших, илүү боловсрох боломж олгосон байна.
 
“Манай Төмөрбаатар, Доржханд дарга нар ёстой л шахсан бяслаг шиг агуу хүмүүс байж билээ. Академи төгсөж ирсэн даруйдаа ийм л мундаг дарга нарын удирдлагад ажиллаж цэрэг хүн, тэр тусмаа офицер хүн ямар байх ёстойг ухаж ойлгон, өөрсдөөс нь үлгэрлэсэн сэн” гэж дарга нараа магтахдаа аньсага чийгтэн сууна билээ. Түүний эл дурсамж “Ачийг нь хариулж чадахгүй бол тусыг нь ярьж яв” гэх эрхэм үгийн үнэ цэнийг илтгэх аж. Хариуцсан ажлаа ягштал хийж, хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, ажлын төлөө махран зүтгэсээр жил гаруйн хугацааны дараа Зэвсэгт хүчний клиникийн госпитальд шилжин томилогдсон байна. Тухайн үед анги, салбараас Цэргийн төв эмнэлэгт ирнэ гэдэг ховор завшаан төдийгүй багадаа тав, түүнээс дээш жил цэргийн ангиар дамжуулж, цэргийн зовлон жаргалыг үзүүлж байж Цэргийн төв эмнэлэгт томилдог бичигдээгүй атлаа хатуу хуультай байсан гэдэг. Тэрээр 1988 оны наймдугаар сард Цэргийн төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт туслах эмчээр томилогдож бас л сайхан хамт олонд өлгийдүүлсэн аж. Сэд, Даваасамбуу нарын даргатай гар сэтгэл нийлэн туслах эмч, ахлах эмч, тасгийн дарга зэрэг албан  тушаалд ажиллаад 2000 оны наймдугаар сард ЗХЖШ-ын АТГ-ын Эрүүл мэндийн хэлтсийн даргаар дэвшин томилогджээ. Цэргийн төв эмнэлэгт 12 жил ажиллахдаа Мэдрэлийн тасгийн даргын албыг тасралтгүй 10 жил хашсан байна.
 
Энэ тухайд ярихдаа “Мэдрэлийн тасгийн даргаар тасралтгүй 10 жил ажилласныгаа би рекорд гэж зарим үед онгирдог юм. Тасралтгүй арван жил тасгийн дарга хийсэн хоёрхон эмч байдаг учраас тэр л дээ. Манай тасгийн хувьд үнэхээр сайхан хамт олон байж билээ. Тиймдээ ч Мэдрэлийн тасаг тэргүүний тасаг болон мандаж л явлаа” гэж цэргээрээ овоглосон төв эмнэлэгт ажилласан он жилүүдээ эргэн дурслаа.
 
Тэрээр мөн Цэрэг татлагын комиссын Эмнэлгийн бүлгийн даргаар тасралтгүй найман жил, цэргийн нисгэгч нарын комиссын гишүүнээр таван жил ажилласан байна. Эмнэлгийн хэлтсийн даргаар томилогдсон талаараа “Жинхэнэ эмч болдог ирэн дээрээ Эрүүл мэндийн хэлтсийн даргаар томилогдсон тул би эл томилгоог жаахан дурамжхан хүлээж авсан. Тэглээ гээд яалтай билээ. Цэргийн хүний хувьд үгүй гэх эрхгүй тул хүлээн зөвшөөрөхөөс өөрцгүй” гэж өгүүлээд тэр үеийн Батлан хамгаалах яам, ЗХЕШ-ын тэр тусмаа ЗХЕШ-ын АТГ-ын удирдлагууд болох Магсаржав, Бадам, Жаргал нарын генералуудын удирдлагад Эмнэлгийн хэлтсээ удирдан толгойлж, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн асуудлыг бодлогын түвшинд анхаарч долоон жил ажиллаад 2007 онд гавьяаныхаа амралтыг эдэлсэн байна. Ингэж л Зэвсэгт хүчин хэмээх их айлд 32 жил, гурван сар ажиллахдаа байлдагчаас хурандаа, жирийн эмчээс Зэвсэгт хүчний эмнэлгийн бодлого барьдаг Эмнэлгийн хэлтсийн дарга хүртэлх сайхан замналыг туулжээ. Зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан энэ л цаг хугацаа, орон зай бол түүний хамгийн том бахархал юм. Тиймдээ ч “Зэвсэгт хүчнийхээ ачаар би өдий зэрэгтэй яваа юм. Зэвсэгт хүчний минь буян арвин даа” гэх үгийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хэдэнтээ өгүүлэхийн зэрэгцээ үе үеийн удирдлага, хамт олноо сэтгэл дотроо үргэлж хүндэтгэн хайрлаж явдгаа хүүрнэн баяр бахдалын нулимс мэлтэлзүүлнэ билээ. Тэрээр 2007 онд гавьяаныхаа амралтад гарсан ч 2018 оныг хүртэл хүн ардынхаа зоны эрүүл мэндийн төлөө тасралтгүй ажиллажээ.
 
Тодруулбал, 2008 онд ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн ерөнхий зохицуулагчаар томилогдон нэг жилийн хугацаанд ажиллахдаа 21 аймаг, 300 гаруй сумд хүрч ажиллан дээрх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангасан байна.
 
Дараа нь хувийн хэвшилд шилжиж, эм ханган нийлүүлэх байгууллага “Эм импекс концерн”-ы Тамгын даргаар гурав, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлаар хоёр, Ахмадын эмнэлгийн даргаар мөн хоёр жил ажиллахдаа цэргийн хүн удирдан зохион байгуулах, аливаа ажлыг чинээнд нь тултал ягштал яаж биелүүлдгийг бодитоор харуулж эмнэлгүүдийг хөл дээр нь босгосон гэдэг. Одоо ч тэрээр гар хумхин суугаагүй мэргэжлийнхээ дагуу Мэдрэлийн эмч нарын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, “Монгол хурандаа” нийгэмлэгийн гишүүнээр ажиллаж байна. Харин түүний хань Л.Мөнхтуяа нь Ленинград хотын Хүүхдийн эмчийн дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд ЭХЭМҮТ-д тасралтгүй 40 шахам жил ажиллаад өнгөрсөн жил гавьяаныхаа амралтад гарсан ч мөн л гар хумхин суулгүй БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт зөвлөх эмчээр ажиллаж байгаа аж. Ардын эмч, АШУ-ны доктор профессор Лувсандагва хэмээх алдартай хүний охин, удам дамжсан эмч эл буурал бол цэргийн эмчийн цаг наргүй ажлыг ойлгон арыг нь бат найдвартай дааж, халамжит ханиа өдий зэрэгт хүрэхэд нь түшиж ирсэн эгэл баатар гэлтэй. Буурлууд маань ач зээ нараа тойруулан өвөө, эмээгийн үүргийг гүйцэтгэж байна. 
 
Хошууч Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин