sonin.mn
(ЦЭРГИЙН СОНИНЫ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ)
 
Дурсамж тэмдэглэл 
...Хонгор залуу нас минь
Холхон ч юм шиг санагдана
Хорин таван нас минь
Ойрхон ч юм шиг бодогдоно... 
 
1969 оны намар цаг би цэргийн албанд татагдан цэргийн бүх залуус Ховдын  хязгаар тийш ЗИЛ-130 хэмээх найман машинаар Говь-Алтай аймгийн төвөөс өглөөхөн гарлаа. Машины тэвшин дээр гуч, гучаараа зэрэгцэн суусан залуус дуулалдсаар алдар цуут Шаргын говийг тууллаа. Цэрэг татлагын комиссын офицер эхний машинд суув. Зам зуур нэг ч удаа зогсолгүй тоос босгон давхина. Залуус дуулалдана. Бид нар Ховдын хороонд хуваарилагджээ. Замдаа Ховд аймгийн Дарви сумын гуанзны үүдэнд түр зогсоод цааш хөдлөв. Тэнд хоол, цай байсангүй. Тэрүүгээр хөлхөж асан хүмүүс хаа хүрч явааг асуухад Ховд аймаг орохоор яваа шинэ цэргүүд гэсэн сэн. Бугат сумаас шууданд суухад аав минь хацар дээр халшрангуй хошуу хүргээд өөрийнхөө барьдаг нэгдлийн газ машин руугаа бөгтийсөөр явчхав. Тэрбээр дуугүй атлаа өр нимгэн, гайхалтай зөөлөн хүн байсан юм. Эжий шуудан хөдөлтөл тун амгалан тайван зогсож байж билээ. 
 
Аав, эжий хоёр минь хүүгээ цэрэгт үдээд намрын салхинд хямарч үлдсэнийг би зөнгөөрөө гадарлаж явлаа. Арван есхөн настай миний амьдрал яг энэ өдрөөс эхлэн өөрчлөгдөнө гэдгийг битүүхэн тааж ядан цаанаа нэг догдлолтой. Надад юу тохиолдох бол гэсэн хүлээлттэй. Зүрх минь тэр өдөр яаж цохилж байсныг 54 жилийн хойно тодхон санана. Цэрэгт очоод миний хувь тавилан үнэхээр өөрчлөгдсөн юм. 
 
Ардын хатанбаатар Магсаржавын нэрэмжит Ардын армийн 123 дугаар ангийн их бууны батарейны бичээч боллоо. Өнөө хэр нь зохиолч болсон ч гэсэн мөнөөх бичээч гэдэг албан тушаалтай байлдагч Жамьян хэвээр. Нээрээ би бичээч хэвээр. Энэ л миний хувь заяа. Их бууны дарга Бекен хэмээх чантуу байлаа. Тэр офицер сайхан зантай, сагсгар өтгөн хөмсөгтэй, ер бусын ногоовтор гялалзсан нүдтэй, Гүржийн Тбилис хотод цэргийн сургууль төгссөн бахим биетэй эр. Манай батарейны дарга болохоор Цэргийн ерөнхий сургуулийн их бууны анги төгссөн Ховдын Буянтын харьяат Бадарчийн Балган хэмээх монхор хамартай, өндөр чийрэг хүн байв. Бусад дарга нар маань Мягмаржав, Уртнасан, Бямбадорж, Сэрчинжав гээд... Тэгэхэд анги байгуулагдаад ганцхан жил болж байсан, ангийн захирагч хурандаа Жамсран гэж Хэнтий аймгийн Дадал сумын харьяат, махлаг дөрвөлжин биетэй буриад хүмүүн байлаа.
 
Цэргийн каринтин дуусаж тангараг өргөх үеэр цас орлоо. Буянт голын эх Дуутын уул нурууд цасан бүрхэвч нөмөрч, урдтайх Ямаат улаан уул будан дунд бүүдийж харагдах нь нэн уйтай! Энэ үеэр би бичээч болчихсон канцлярт хүснэгт шугамдан оройн тооны нэрс гаргаж, заримдаа лоозон бичиж, ханын сонин гаргаж, зураг зурж суудаг байлаа.
 
Октябрийн баяр дөхсөн тул Ховд аймгийн Хөдөлмөр сонинд нэг нийтлэл бичиж түр чөлөөгөөр сонины газар аваачиж өгөөд удаагүй байтал уг нийтлэл хэвлэгдэж би офицеруудын анхааралд өртлөө. Урам орж Улаан-од сонинд мэдээ бичтэл бас хэвлэгдэв. Намайг аймгийн сонины газар болоод "Улаан Од" сонины нарийн бичгийн дарга Да.Дамдиндорж сонирхож миний анкетыг авсан юм. Би канцлерт сууж шөнө дөл болтол тэмдэглэл, мэдээ, сурвалжилга бичиж, хааяа салхинд гарахдаа Ямаат улаан уулын халил дээр янгирын тэх зогсож байх шиг сүүмийхийг хараад угийн анчин  гөрөөчин удам маань сэргэж байдаг сан. Цэргийн хуаранд л миний өчүүхэн авьяас сэргэсэн билээ. Хэрэв би Ховдын тэр алдарт хороонд алба хаагаагүй сэн бол өдөр шөнөгүй бичиж, зурж суугаагүй сэн бол оюун санааны хөдөлмөрт шунаглан орохгүй байсан! Нэг удаа манай ангид
 
Батлан хамгаалахын сайд Б.Дорж шалгалтаар ирэх болжээ. Намайг Сайдын зургийг зур гэж үүрэг өгөв. Жамсран хурандаа өрөөндөө дуудаж,
 
-Сайдын зургийг ижилхэн зурж чадах уу, байлдагч аа хэмээн шалж, шалж ... яв гэж билээ. Би Дорж сайдын нүүр, нүдэнд нарийн масштаб тавьж хичээнгүйлэн зурсаар нойргүй хонов. Маргааш нь Баатар хайрхан уулын онгоцны буудалд Сайд буулаа. Анги жагсаж парадаар хөл тавьж генералыг ёслолын байдалтай угтав. Сайд өөрийнхөө зургийн өмнө очиж зогсоод,
-Надтай адилхан байна уу гэж асуухад манай офицеруудын хэн нь ч дуугарсангүй. Жагсаалд зогсож байсан байлдагч миний зүрх чичирсэн юм даг. Анхны маань том бүтээл энэ зураг байлаа. Сайдын зураг улаан буланд нэлээд удаан хугацаанд өлгөөтэй байж, хүндэтгэлийн ханыг чимж байв. Бодвол тэр зураг сайдад таалагдсан бололтой. Ингэсээр байтал 1970 онтой золгов. Хорин настай байлдагч надад дурлалын салхи иржээ. Тэр дурлал намайг яасан их гэгэлзүүлж байсныг эдүгээ санахад дэндүү... Улиасны нахиа найлзуурыг үнэрлэн баяр жаргалаа гөлөглөн бүхий улиасхантай хуваалцаж
 
сэтгэлийн эмзэг хөндүүрээ дарангуйлж,
Алхан тамгатай хээрийгээ 
Арилжиж битгий солиорой
Амрагаа гэсэн сэтгэлээ
Алсдаа битгий мартаарай ... хэмээн аялна.
 
Манай батарейны дарга Балган мөн л дурласан бололтой санаа алдаж, дуу аялан хэнгэнэнэ. Бид тэгэхэд бараг үеийн залуус байж дээ. Тэр жил миний анхны өгүүллэг "Тарианы үр" Улаан Од сонинд хэвлэгдэн би сонины оны шагнал хүртэж билээ. Би дурласныг хэлэх үү, анхны хүүрнэл зохиолоо хэвлүүлснийг хэлэх үү, хожмын зөн совиндоо багтаж ядна. Намайг анги даяараа сонирховч би сонин хэвлэлд мэдээ, сурвалжилга, тэмдэглэл бичиж, зөвхөн өөртөө шүлэг тэрлэж албаа хаана.
 
Надад уран бүтээлийн зав чөлөө, өөрийгөө нээх боломжийг хайрласан хүмүүс бол эрхэм офицер Бекен, Балган, Ванчинсүрэн, Пүрэвжав нар бөлгөө. Тэд тэнгэрийн оронд одсон хэдий ч талархлын үгээ шившин хэлье.
 
Канцлер хэмээх жижигхэн өрөө миний уран бүтээлийн лаборатори болж, өглөөний бүрээ, үдшийн жагсаал зэрэгт цэргүүдтэй цуг алхаж, 10 км-ийн марш тактикийн тэмцээнд гүйж ирээд ханын сонин гаргаж сайшаал хүртдэг байсан сан. Миний цэрэг байхдаа тарьсан улиас Ховдын хороонд бий. Офицер болсон хойноо тарьсан улиас Ховд хотод тордсон. Хэрэв ховдын хязгаар нутагт цэргийн алба хаагаагүй сэн бол би юунд хөглөгдөж, амьдралын гүн зузаан харгуйд өдий олон жил тууштай алхах байсан гэж! Хаврын буудлагаар Хар ус нуурын хөвөөнд хуарагнав. Тэгэхэд би бичээчээс гадна байлдааны буудлага удирдах ПУО хэмээх багажийг эзэмшиж, гал удирдах байранд офицеруудын хамт ажиллана. Нэг удаа 82 мм-ийн миномётын сум дэлбэрэхгүйгээр газар илээд цойлж алга болсон юм. Сум туссан газрыг хамгаалалтад авч хоёр өдөр мина эрэгчээр мөнөөх сумыг хайж олоод аюулгүй болгоход оролцсоноо тодхон санадаг. Би бүх тэмдэглэл, сонины хайчилбар, нооргоо нутгийн найз Гочоодоо үлдээгээд АН-24 онгоцоор офицерын дамжаанд суралцахаар одлоо. Ховдын улиас, Дуутын цаст уулс, аймгийн төвийн урдтайх Ямаат улаан хэмээх сэргэр улаан уул, талын дунд цоройх Баатар хайрхан, Хар ус нуур намайг үдэж мордуулав. Цэргийн хороондоо эргээд ирнэ гэж хэлсэн юм. Гурван жилийн дараа Ховдын хороондоо дэслэгч цолтой буцаж очив. Би тэнд офицер байхдаа байнга улиасан төгөл дундуур алхаж, заримдаа хүүгээ тэвэрч баяр жаргалтай явна. Манай гэр улиасан төглийн урд байдаг эртний шавар хашаанд байв. Нутгийн айлууд гол төлөв хуучны түүхий шавар хашаатай.  
 
...Майн нэгний өглөө
Манай гудамж, Аюушийн талбай
Манан татаад чийглэг
Машид гэгээн тунгалаг... 
 
Би нэгэнтээ ингэж бичиж байлаа. Сүүлд би Ховдын хорооны улс төрийн хэлтэст намын батлах, тоо бүртгэлийн зааварлагчаар хурандаа Дигаажамцын удирдлагад Зүүнбаянгийн мотобуудлагын бригадаас очсон юм. Ховдын хорооны дарга тэр үед "ногоон" хэмээх хурандаа Доржсүрэн байв. Улаан шар царайтай, тарган биетэй Дигаажамц хурандаа зөөлөн дөлгөөн хүн. Харин зуунги яриатай хурандаа Доржсүрэнгээс офицер цэрэггүй сүрддэг, аль болохоор түүний нүдэнд харагдахгүй байхыг хичээнэ. Миний цэрэг насны жаахан батальон ихэд өргөжин хороо болсон нь бие бүрэлдэхүүний өсөлтөөс харагдаж байлаа. Надад итгэл хүлээлгэн Зинетийн тусгай батарейны улс төрийн орлогч болголоо. Би тэр үед уран зохиол бичих донтой байсан юм. Өгүүллэг гол төлөв хүүрнэл зохиолд шунан дурлаж, хожим Төрийн шагнал хүртсэн бүл Д.Норовтойгоо ямар ном уншиж, ямар зохиол бичиж байгаа тухайгаа санал солилцоно. Миний намрын тухай шүлгэнд Дарамзагд гуай ая хийж, дуурийн дуучин Д.Самбуу дуулав.  Манай хорооны үлээвэр хөгжмийн дарга ахмад Машбат бид,
 
...Зинетчин бидний хүсэл өөдөө Зинетчин бидний үйлс дээшээ... гэсэн дахилттай жагсаалын дуу дуулуулж билээ. Зинетийн батарейны даргаар Одесс хотод цэргийн сургууль дүүргэсэн, цоглог офицер Л.Дашцэрэн ажиллаж байлаа. Даргын маань төрсөн дүү өнөөгийн нэрт зурхайч, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын багш, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор академич Лхасрангийн Тэрбиш юм. Сүүлд Л.Тэрбиш бид монгол зурхай, хүн судлалын олон номыг хамтран хэвлүүлж дотно нөхөд болсон сон. Чойрт хийсэн Монгол- Зөвлөлтийн цэргийн хээрийн сургуульд Ховдын хорооны зинетийн батарей онц буудаж Дашцэрэн дарга яамны сайшаал хүлээлээ.
 
Ховдын хороонд байхдаа би байнга зохиол бичиж, зураг зурж улиасан төгөлдөө алхаж роман бодож байв. Миний цэрэг амьдралын он жилүүд, уран зохиолын баяр цэнгэл, хайр дурлал, үр хүүхэд Ховдын хороо болоод цэнгэг уст Буянт гол, Хар ус нууртай мөнхийн холбоотой байж билээ.
 
Намайг урт холын зам туулж зохиолчийн хэцүү хөдөлмөрт дөрөөлүүлсэн алдарт хорооноосоо шууд л “Улаан Од” сонинд тусгай сурвалжлагч болсон нь эдүгээ үлгэр домог мэт. Зуун нас зооглож тэнгэрт хальсан Хурандаа Ж.Ядмаа, Да. Дамдиндорж хоёр хөдөөний гарнизонд ажиллаж асан намайг “Улаан Од” сонинд авч мэргэжлийн сэтгүүлч болох замд хөтөлсөн юм. Би 1978 онд “Шинельтэй хүмүүс” хэмээх анхны романаа цэргийн хэлмэгдлээс сэдэвлэн бүтээж, уран бүтээлийн ажлаа эхлээд өдгөө хүртэл 21 ном роман, тууж, кино зохиол, өгүүллэг хийгээд сэтгүүл зүйн эсээ нийтлэл хэвлүүлжээ. Монголын хаадын түүх, хүн судлал, монгол зурхай, алганы хээ гэх мэт тэмдэглэл бичжээ. “Улаан Од” сонин миний лаборатори, уран бүтээлийн маань их сургууль билээ. 100 настай сургуульдаа мөргөе!
 
 
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Дамдины ЖАМЬЯН 
Эх сурвалж: "Соёмбо" сонин