sonin.mn
1924 оны 8 дугаар сар. МАХН-ын III их хурал. Тус их хурлаар нам, төрийн нэрт зүтгэлтэн МАХН-ын Төв хорооны анхны дарга, Зүүн хүрээний хувьсгалт бүлгэмийг үндэслэгч, «Монголын үнэн» сониныг анхлан санаачлагчдын нэг, Сангийн Яамны тэргүүн сайд, Ерөнхий сайдын жинхэнэ орлогч сайд, Бүх цэргийн жанжин агсан С.Данзанг хөнөөх шийдвэр гаргасан юм. Ийнхүү намын хурлын индрийг цаазын тавцан болгосон бараан үйл явдал Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн байдаг. Өмнөх нийгмийн үеийн түүхчид энэхүү бусармаг үйл явдлын үнэнийг олон түмнээс нууж, «Намын жанжин шугамд тэрсэлсэн этгээд» хэмээн биднийгээ мунхруулж байсан цаг саяхан. Нэгэн баримтыг энд өгүүлье.
 
 
Бүх цэргийн жанжин С.Данзанг намын их хурал дээрээс шүүх хурал, мөрдөн байцаалтгүйгээр шууд баривчлан буудаж орхисон энэхүү үйл явдлын цаана хойд хөрш орны “урт гар", улс төрийн жигшүүрт аллага байсан нь хойно өгүүлэх баримтаар нотлогдоно.
 
 
III их хурал дээр оросуудын гар хөл болсон Э.Ринчино С.Данзантай байнга сөргөлдөж байжээ. Э.Ринчино хурлын дундуур үе үе гарч явж байсныг их хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлд дурдсан нь учиртай. Тэрбээр юу сүвэгчилж байв гэдэг нь сонирхол татна. Үнэн гэвэл Э.Ринчино С.Данзанг намын үзэл суртлын эсэргүүцэгч, урвагч мэтээр Ц.Дамбадорж, Х.Чойбалсан нарт ятган итгүүлж, Дотоодыг Хамгаалах Газрын дарга К.К.Баторунд (бага хэмээх хочтой) түүнийг хэрхэн баривчлах талаар зааварчилгаа өгч байжээ.
 
 
Энэхүү К.К.Баторун гэгч нь ДХГ-ийн (сүүл ДЯЯ, НАХЯ, УАХБ болж өөрчлөгдсөн) дарга, 1921 оноос Монголд ажиллаж, 1929-1937-онд бас дахин ирж олон хүнийг баривчлах, хэлмэгдүүлэхэд оролцсон “гавьяаг” нь үнэлж түүнд Цэргийн гавьяаны одон, гар буугаар хоёр ч удаа шагнасан удаатай. Үгийн завсар хавчуулахад анхны долоогийн нэг Д.Бодоог илтэд хилс хэрэгт сэжиглэж цаазалснаар (1922 онд) улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар бараан он жилүүд эхэлсэн гэдэг.
 
 
С.Данзанг хороосон явдал нь ийм аллага, хядлагын цуврал туршилтын нэг нь байсан гэж болно.
Нэгэн сонирхолтой баримт байгаа нь тус аллагад биеэр оролцогч Ц.Сандуйжав гэгчийн дуртгал НАХЯ-ны архивд үлдэн хоцорчээ. Монгол бичиг сурч, Гадаад Яаманд ажиллаж байгаад 1921 онд Эрхүүд гурван сар суралцаж дараа нь 1924 оноос ДХГ-ын нууцын хэлтэст төлөөлөгч, тасаг, хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Сандуйжав гэгч бол Дамбийжанцанг дарахад оролцсон хүн. Түүний дурьдатгалаас үзвэл, намын III их хурал болох үед Ц.Сандуйжав хотын ХЗЭ-ийн хорооны дарга байсан тул тэр үеийн Эвлэлийн Төв Хорооны тэргүүлэгч Ж.Баваасан, С.Буяннэмэх нартай байнга зөрөлддөг байж. Улмаар Ц.Сандуйжав Ж.Баваасанг баривчлаад ДХГ дээр иртэл нэрийг нь мэдэхгүй орос цэргийн комиссар ирээд “С.Данзан өнөө өглөө үүр гийхийн үеэр монгол цэргийн газар очив. (Энэ. нь худал юм. С.Данзан тэр үед гэртээ байсан, бас өдөр нь их хуралд сууж байжээ Ц.Ц) Та нар дотоодыг хамгаалах зорилготой хүмүүс. Танай хэдэн хүнийг түрүүлэн алах биз. Та нар яах вэ” хэмээн өдөөн хатгасан янзтай ярьжээ. Энэ улаан цэргийн комиссар бол Э.Ринчиногийн явуулсан хүн байв.
 
Тэр үед Ц.Сандуйжав “Үймээн самуун гарвал бид танай улаан цэргийг түшнэ” гэж хэлжээ. Тэгээд С.Данзанг тагнуулахаар төлөөлөгч Самданг цэргийн газар явуулжээ. Тэр хооронд ДХГ-ьн нууц баримт, гэрээ, данс мэтээ далд хийж, манах, цагдах ажил үргэлжилж байв. Тэгтэл оросууд “Монгол цэрэг Хүрээ орж ирээд орос цэрэгтэй байлдах гэж байна. Үүнийг С.Данзан зохион байгуулсан. Байлдаан гарвал жирийн хүмүүс хохирно” хэмээн ятгав.
 
Ц.Сандуйжав С.Данзанг хаана байгааг мэдэхээр очтол тэрээр гэртээ байжээ. Тухайн өдрийн орой 23 цагт намын их хурлын дараа Дотоодыг хамгаалахын ажилчдыг дуудан С.Данзан, Ж.Баваасан нарыг урвагч хэмээн зарлаж баривчлах тушаал өгсөн байдаг. Ингээд дарга К.К.Баторун, Ц.Сандуйжав, Гомбо нарын Дотоодыг хамгаалахын ажилчдыг дагуулан Оросын элчингийн С.Данзанг ажилчдыг Оросын унаагаар барихаар явжээ. Тэд ганцхан хүн барихын тулд пулемёт буу, олон тооны орос, монгол цэрэг дагуулсан нь хачирхалтай. Хэрэв С.Данзан ямар нэгэн байдлаар оргон зайлах аваас тэр дор нь буудах тушаалыг Ц.Сандуйжавт өгсөн гэдэг. Улмаар С.Данзангийн гэрт орвол тэрээр хоймортоо эхнэрийнхээ наад талаар унтаж байв. Түүний хажууд байсан ланжуу бууг нэг нь хөлөөрөө гишгэн, С.Данзанг босонгуут буу тулган, гаднах цэргээ оруулан гадуур хувцсыг нь өмсүүлжээ. С.Данзан, Ж.Баваасан нарыг орос элчин дээр аваачиж байцаана гэж хэлээд аваад явсан байж. Гэтэл хотын зүүн талд байсан Оросын элчингээс өнгөрч Шархад (Тухайн үед цаазын ял гүйцэтгэдэг байсан газар) тийш чиглэсэн гэв. С.Данзан өөрийг нь манаж байсан цэргүүдэд хандаж “Та нар бага настай улс, ардын хэрэгт үнэнчээр зүтгэхэд их хэцүү шүү” хэмээн хэлтэл шууд буудан алсан талаар Ц.Сандуйжав 1925 онд бичиж үлдээсэн аж. Энэ явдал 1924 оны наймдугаар сарын 30-ны үүрээр болсон юм. Нам, төрийн зүтгэлтэн хүний хувь заяа ийнхүү эмгэнэлтэй төгссөн түүхтэй. 
 
Монгол цэргийн музейн олон нийттэй харилцах ажилтан Г.Алтанзул
 
Эх сурвалж: "Соёмбо"  сонин