sonin.mn

 

Автобусны зогсоол дээр бөөн хүмүүс бужигнана. Зорчих чиглэлийнхээ автобусыг хүлээн зогсоцгоох эдгээр хүмүүс хоёр нарны хооронд нэг л хэвийн амьдралыг туулах нь яг л зүүд мэт. Гэхдээ л тэд хичнээн cap жил өнгөрсөн ч цаг хугацааг бага ч гэсэн хэмнэхээр автобус хүлээдэг.
 
 
Хүлээлтгүй зүйл гэж хорвоо дээр нэг ч байхгүй шүү дээ. Ер нь хүлээлт гэдэг аз жаргал ч юм шиг. "Сансар" гэсэн хаягтай цэнхэр автобус зогсоол дээр ирэхэд тэр чиглэлийн зорчигчид хэн нэгнээс зугатах мэт автобусны хаалгаар чигцэлдэн орно.
 
 
Миний суудаг зогсоол дээр автобус ирэхдээ үргэлж дүүрэн хүнтэй байна. Үргэлж зогсоогоороо явна гэдэг зарим үед уур хүрмээр. Ахмад настан, жирэмсэн эхчүүд, хүүхэдтэй хүмүүс л суудал дээр тухлах эрхтэй. Автобусны хууль гэвэл энэ.
 
 
Үйлчлэгч нарын хувьд бол аймшигтай ажил эрхэлдэг хүмүүс. Хөөрхийс урд насандаа эдлээгүй их уур уцаартай явна. Үйлчлэгч хүүхэн зорчигч бүрээс мөнгө хурааж дуусаад нэг л хүнд тасалбар зарах гэж оролдсонгүй.
 
 
Хасах хорин хэмийн хүйтэнд богинодсон дан даавуун өмд, айхтар сэмэрсэн малгайтай цамцны гадуур ягаан курткний энгэрийг задгайлж өмссөн эр. Нүдэнд нь нүгэл хураагүй харцтай, тэнэгдүү гэмээр эл эр автобусанд үнэгүй зорчих эрхтэй мэт.
 
 
Түүнийг үйлчлэгч хүүхэн тоож ч харсангүй. Хачин этгээд царайнд нь хүн аймаар дүр тодроогүй ч ойртсон болгон нь түүнээс бэргэнэ. Ойр орчныхоо хүмүүсийг горьдлогын нүдээр тойруулж харна. Хэн нэгнийг хайж байгааг тэр царайнаас би олж харсан юм.
 
 
Өөрийг нь анхааралтай ажиглаж байгааг мэдсэн бололтой намайг чиглэн эрчимтэй алхаж эхлэв. Яг л эзэн хүн шиг шахцалдан яваа хүмүүсийг зүсэн чөлөөтэй алхсаар миний дэргэд ирээд гарынхаа бугуйг заалаа. Надаас цаг асууж байгааг нь би шууд мэдэв.
 
 
Утасныхаа цагийг дэлгэн түүнд харуулахад, толгой дохисноо миний утсаар яръя гэж гараа чихэндээ барин даварлаа. Би толгойгоо сэгсэрэн цааш харахдаа түүнд ярих хүн байхгүйг зөнгөөрөө мэдэж байсан юм. Надтай таарах болгондоо цаг асууж би утасныхаа цагийг үзүүлнэ.
 
 
Тэр өмнө нь хэзээч утсаар яръя гэж байгаагүй. Энэ удаад түүнд шинэ хүсэл төрж л дээ... 
Зорчигчид үймэн шуугих нь тэр. Эргэж хартал: Энэ:...Энэ миний ээж ... мөн байна... энэ миний ээж го го доо" хэмээн өнөөх эр хоёр залуухан хосыг гараараа заан ориллоо.
 
 
Зорчигчид түүнийг харан зэвүүцэх нь зэвүүцэж хяламхийлэн харж байхад, урд талын суудалд суусан эмээ "Эвий минь ямар амьтаны үр юм болдоо" гэж халаглахад, зарим хэсэг нь шоолж инээлдэнэ. Тэр хүмүүсийг юунаас болж инээснийг би ойлгосонгүй.
 
 
Харин өөрийг нь "энэ миний ээж мөмө мөмө" гэсээр ухрах хачин эрээс айсан мэт нугдайх эмэгтэй дэргэдэх залуугийнхаа гараас улам чанга атгахыг хараад ойлгосон юм. Автобус дараагийн буудал дээр зогсоход нэг хэсэг зорчигчид буухад зөрөөд дахиад л зорчигчид нэмж орж ирнэ.
 
 
Би энэ буудал дээр буулаа. Яг л амьдрал шиг дараагийн зогсоолийг зорих шинэ автобусыг хүлээнэ. Хачин эр хаанаасаа олсон юм бүү мэд хүлээн авагчийн чихэвч далбагартаа зүүгээд гартаа хөгжим барьжээ. Хөгжмөө асаах гэж байгаа мэт нэлээд оролдохыг нь би харж зогссонч нэг л мэдэхэд тэр алга болсон байлаа.
 
 
Хүйтний эрч чангарах тусам хотын утаа ихэсч хоолой хорсгоно. Би хачин эрийг гэнэт санав. Тэр даарч байгаа даа энэ хүйтэнд. "Энэ миний ээж...мөн байна. Энэ миний ээж го го доо...ээжээ ээжээ" гэх танил дуу дахин сонсогдов. Тэр зүг сэтгэл эргэлээ.
 
 
Хачин эр оюутан бололтой хэсэг охидын араас даган "ээжээ хүлээлд ээ... мөө мөө идий ээжээ" гэсээр тэднийг гараараа заан цасан дээр лаг хийн суулаа. Тэр ээжийгээ нэхэж орилсоор. Ээжийгээ гэж хэн нэгнийг дагах эрээс хүн болгон зугатна.
 
 
Яг л хорвоогоос арилсан сүнс шиг. Хачин эрийг хэн нэгэн "Миний хүү ээждээ ирээ" гэж дуудвал тэр яах бол. Миний хүү гэж дуудуулахыг хүсэж л байгаа. "Балай амьтан бэ?,.. тэнэмэл, мэдрэл муут, эргүү солиот" гэдэг үгс бол хачин эрд маань оногдсон нэр гэлтэй.
 
 
"Амгалан" гэсэн хаягтай автобус ирлээ. Би дахиад л олон хүмүүстэй шалтгаангүйгээр уралдсаар автобусанд орлоо. Хэн нэгэн мөрлүү минь цохиход миний танил надаас цаг асуун бугуйруугаа заалаа. Би түүнд анх удаа цаг байхгүй гэж толгой сэгсрэн нүүр бурууллаа Автобусны арын суудал дээр хоёр хос хэнэг ч үгүй үнсэлдэн сууна.
 
 
Хачин эр тэр хоёрын дэргэд очоод "Миний ээжийг танихгүй ах... нами нами гэж байна" гэсээр хойш ухарлаа. Түүний нүдэнд гуниг хурсныг олж харав. Яагаад тэгснийг бурхан л мэднэ биз. Автобус эцсийн буудал дэзр зогсоход би ганцаараа буулаа.
 
 
Хачин эр хаана яваа бол. Энэ хүйтэнд даарч байгаа даа. Ээж нь энэ орчлонгийн хаа нэгтээ байж л таараа. Эсвэл...ямарч байсан хурдан гэртээ хариад дулаацаасайдаа хөөрхий эр" гэж бодсоор гэрийнхээ үүдэнд ирлээ. Маргааш би дахиад л автобус хүлээж зогсоно.
 
 
 
Э.Ган-Очир
 
Эх сурвалж: "Хөдөлмөр"