sonin.mn
Нэг. Бусдыг  хойш тавьж, болохгүй бол бүсээ чангалж байгаад тавдугаар цахилгаан станц, шатахуун боловсруулах үйлдвэрийг яаралтай барьж ашиглалтад оруулах.
 
 
Энэ хоёр үйлдвэрийг барих газар, түүхий эд, хөрөнгө мөнгө бидэнд байгаа боловч манай төрийн унхиагүй удирдлагын урагшгүй, санаачилгагүй байдлаас болж барих газраа олохгүй байна гэх мэтийн шалтаг заан 10 гаруй жил ард олныг хохироолоо.
 
 
Дээрх хоёр үйлдвэрийг барьж улс орноо цахилгаан болон шатахуунаар найдвартай хангах нь барууны орнуудад бол ганцхан том хотын хэрэгцээ төдий ялимгүй ажил мэт боловч бидний хувьд иргэн бүрт сая төгрөг тарааснаас чинь хэд дахин илүү ач буянаа үзүүлэх зүйл юм.
 
 
Хоёр. Улс орны өмнө амин чухлаар тулгараад байгаа гол асуудлаа барьж гардан шийдэхийн оронд олон жилийн дараа болох үлгэр ярьж, хүмүүсийн толгой угааж, цаг алддагийг болих.
 
 
Хэвлэл мэдээллээр ярьж зарлаж байгаа олон зуун тэрбумын үнэтэй гудамж угаах машин худалдаж авах, өндөр цалинтай гадаадын зөвлөх авах гэх мэтээр хэн нэгний эрх мэдлээ ашиглан ард түмний өмч төсвийн хөрөнгийг үрэх явдалтай шийдвэртэй тэмцэл явуулах, гарсан үйлдэл тутамд хатуу хариуцлага тооцох,
 
 
улмаар ял асуух. Үнэхээр тийм хөрөнгө мөнгөний бололцоо байгаа бол ядаж Улаанбаатар хотод хүүхдийн ганц ч болтугай эмнэлэг барьж, ор хүрэлцээгүйгээс эмнэлгийн хонгилд, шалан дээр шаналан зовж хэвтээ үр хүүхэддээ туслах хэрэгтэй байна.
 
 
Гурав. Газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчин газрын хэвлийд байгаа баялгийг лиценз нэрээр гадаад, дотоодын луйварчдад тарааж хувь хүний халаасанд шилжүүлж, улс орноо цөлмөхийг зогсоох.
 
 
Албан тушаалаа ашиглан баялгийн их нөөцтэй газруудыг хувьцаа, лиценз нэрээр авч бусдад дамлан худалдах, гадаад дотоодын хүмүүсээр ухуулж экспортлох зэргээр хуруугаа ч хөдөлгөхгүйгээр хөрөнгөжсөн хүмүүстэй тооцоо хийж ард түмний хөрөнгийг эргүүлж авах. 
 
 
Дөрөв. Монголын ард түмнийг архин далайд живүүлж, айл өрх бүрт аюулын харанга дэлдсэн гашуун хар усны энэ олон үйлдвэрүүдээ хааж, сүү цагаан идээ, жимс ундааны цех болгон тоноглох. Эх орны дайны жилүүдэд ЗХУ тракторын бүх заводоо танкны үйлдвэр болгон тоноглож байсан билээ.
 
 
Тав. "Зуун ямаанд жаран ухна" гэгчээр 2,7 сая хүнд 100 гаруй их, дээд нэртэй сургууль байгуулж диплом хэмээх хавтас сугавчилсан ажилгүйчүүдийн армийг төсвийн мөнгөөр бэлдэж Монголын уламжлалт боловсролын системийг бүхэлд нь сувайруулж байгаа хар үйлийг зогсоох.
 
Эдний эзэмшиж байгаа байрыг техник мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглахад анхаарал хандуулах.
 
 
Зургаа. Намын гишүүнчлэл нэрээр хоёрхон сая хүнээ хагалан бутаргаж, улс төржилтөөр хооронд нь тэмцэлдүүлж, улс орны хөгжил, ард түмний амьдралд хортой нөлөө үзүүлж, чөдөр тушаа болж байгаа бусармаг үйл ажиллагааг үтэр түргэн зогсоох. Үүнийг шийдвэл та Ерөнхийлөгч байж чадна.
 
 
МҮЭ-ийн ахмад ажилтан И.Дагвадорж
 
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин