sonin.mn
Одоогоос 2222 жилийн өмнөх нэгэн домог яриаг өнгөрсөн жил их ярьцгаалаа.  Модун Шаньюй гэдэг Монгол хаан “газрын асуудалд” хэрхэн хандсан тухай кино, жүжиг, шүлэг хийцгээсэн. 
 
Шаньюй бусдад унаагаа, авгайгаа гуйх тоолонд нь дараалан өгчихөөд эцэст нь газар гуйхад гэдийчихдэг. Монголчууд төдийгөөс өдий хүртэл газарсаг байсан нь эндээс тод харагддаг. Одоо ч хүн амын тоогоороо сүүлийн байранд яваа атлаа дэлхийд газар нутгаараа эхний 17-д жагсдаг. Бийгээс газар, бэлчихээс мал л Монголд буй. 
 
Өвөг дээдсээс өвлүүлж уламжлан ирсэн газар нутгийнхаа төлөө манай эх орончид эцсийн дусал цусаа дуустал тэмцсэн тухай түмэнтээ дурддагсан. Гэтэл өдгөө эрх баригчид маань иргэдтэйгээ газар нутгийнхаа өнгөтэй өөдтэйг булаацалдан тэмцэлдэх болж. Зүүдэндээ ч авч чадахгүй зуслангийн газар Орчин үеийн тэмцэл эрт үеийнхээс тэнгэр газар шиг зөрүүтэй. 
 
Эрт үед эр бяраараа эх орноо хамгаалдаг байсан бол өдгөө эрх мэдэл, эд хөрөнгөөрөө хэн бядтай нь тэгш газар ханаа дугуйлдаг болсон нь өнөө цагийн өвчин гэлтэй. Учир нь малын бэлчээр, хашааны газрын төлөө амиа өгөхөөс наагуур тэмцэж, хэрүүл зарга босгодог нь гэм биш зан болов.
 
Тэгж тэгж нэг юм эзэмшилтэй болсон бол маргааш нь мартаж орхидог нь халагламаар. Өдгөө баячууд нийслэл болон томоохон суурин газрын ойролцоо бүхэл бүтэн уулын амыг хүртэл хашиж авчихаад санаа нь амарч орхижээ. 
 
Энэ их “газрын мафи” ХХ зууны сүүлийн хагаст хүмүүс амьдрал хөөн бөөнөөрөө хот руу шилжижцгээж газраа хаясан цагаас эхлэлтэй. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэгчээр газаргүй хоосорсон хүмүүс амаа барьж хаашаа явахаа мэдэхгүй эцэстээ“өвгөнт” гэх нэр зүүж, танк гэх “харш”-д амьдрах болоод удаж буй нь асуудал хөндөхөд хүрэв.
 
Учир юу гэвэл, саяхнаас нэг нөхөр зурагтаар шоу хийж, хүн бүрт 0.7 га газар өгнө гээд залчихав.  Энэ нь хүн бүрт аятай мэт боловч, эх орныхоо нэг хэсгийг өмчлөх эрх иргэн бүрт адилгүй олгогдож буйд юм.
 
Манай эрх баригчид хэзээний жирийн иргэдэд газар өмчлүүлэх асуудал дээр тун болгоомжтой хандсаар ирсэн. Эхлээд газар өмчлүүлэх биш эзэмшүүлэх, өмчлүүлэхдээ тулбал иргэнд гэхгүй өрхөд гэхчилэн татгадаг. 
 
Хуулийг бизнес болгохын төлөө тэр шүү. “Газрын мафи” гэдэг яриа нийслэлд амны уншлага болсон доо. Хүн бүрт ижилгүй олгогдсон эл газраас атгах гэсэн хүмүүс үүр цүүрээр “НГА” гэх босго өндөр байгууллагын үүдийг сахиж нүдээ чилтэл хүлээж байхад хар машин, гялалзсан гуталтай, хавтас барьсан хүмүүс ороод л гарах нь хачин.
 
Иргэддээ ингэж молиго өмхүүлж, өрийг нь эмтрүүлэх нь хэнд ашигтай болоод газар өмчүүлэх ажлыг эхлүүлэв эрхмүүд ээ.  Албаны хүний хэлж буйгаар “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө бэлэн болсон газрыг эхний ээлжид өмчлүүлнэ.
 
Энэ нь Зуунмод, Хандгайтын богино, Гоодойн ам, Хуурай мухар, Гүнт, Ар хустай, Шарга морьт зэрэг байршлуудад зуслангийн газар эзэмшүүлэх юм. Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газруудад урьдчилсан тооллого хийсэн.
 
Энэ тооллогоор 47 943 нэгж талбар байгаагаас 24793 нэгж талбар нь өмчлүүлэх боломжтой газар байгаа.” хэмээн өгүүлсэн нь газрын амтад амташсан хэсэг нөхдөд жинхэнэ олз болж, газаргүй иргэдэд тэнгэрийн од болжээ. 
 
Эл ажил өнгөндөө ард иргэддээ эх орныхоо хэсгийг эн тэнцүү хуваарилж буй мэт боловч улаан нүүрэндээ улс төрчдийн нар хур тэгширсэн газрыг хувьчилж авах гэсэн хүслэнг хөшүүрэгдэх гэж зохиосон шоу биш биз гэх хардах сэтгэл төрөөд болдоггүй ээ.
 
Арай 90-ээд оны үед газар өмчүүлнэ гэж хэсэг нөхдүүд цуурч, хэдэн олигархи компаниуд олигтойг нь хувьдаа авч байсан шиг өнөө цагийн олгархиуд зуслангийн газраар тоглолт хийх гэж шоу хийсэн юм биш биз.
 
Өдгөө хотын аль байршил сайтай газрууд тэр бүү хэл Чингисийн талбай (Сүхбаатарын талбай) хүртэл цаанаа эзэнтэй болж газраар хөлжсөн олон олигархи, бизнесмэний нэрс хөвөрдөг. 
 
Өшөө цаана нь газар олж авахыг хүссэн хүлээсэн улстөрчид, эрх баригчид өчнөөн төчнөөнөөрөө буй. Тэдний авахыг мөрөөдөж буй хотын байршил дээр өнчнөөн өрх тагз бариад шигдчихсэнд ундуйцсан хэсэг нөхдүүд бэл бэнчингээрээ далайлгаж газраас нь салгахаар ядмаг арга хэрэглэх нь гутмаар.
 
Гэр хорооллынхны байртай болох хүслэнг тоосго өрж, шавар зуурч үзээгүй нөхдүүд “өөрчлөнө” гэж ярих нь бүр ч яршигтай. Угтаа бол нийслэлийн төв хэсэгт ч сул буюу эзэнгүй төр олон нийтийн нэр дээрх олон га газар байхад зуслангийн газрыг иргэдэд гэж хошгоруулсан цуу тараах шалтгааны цаана хэн нэгний бизнес хөлжөөд байгаа юм биш үү дарга нар аа. Үүгээр ч дуусаагүй. 
 
Хүүхдийн цэцэрлэг, сургууль, албан байгууллагын нэр дээрх хашаалчихсан газрууд дээр ид дажин явагдаж байхад хуучны дөрвөн давхар орон сууцнуудыг нураагаад оронд нь ганц ширхэг дөчин давхар “харандаа” барьж өгөөд суларсан газрыг нь аваад дууссан эрхмүүд зуслангийн газар руу гар дүрж буй нь энэ бололтой.
 
Эрх баригчид энэ бүгдийгээ гүйцээсний дараа л сая иргэн бүрт газар өмчлүүлнэ, газар гэдэг чинь ийм их өндөр үнэтэй гэж дуугарч сүрийг үзүүлж буй нь энэ юм уу даа. Иргэн бүрт газар гэхээр нь авах санаатай очтол, ирийтэл жагсаасан олон шалгууруудад бүдрэх нь халагламаар. 
 
Тодруулбал, газар эзэмших гэрчилгээтэй, зусланд байгаа иргэдэд энэ хамаатай. Тэдэнд газрыг нь өмчлүүлнэ. Түүнээс биш огт газар аваагүй иргэд хүсэлт гаргаад зуслангийн газрын шууд өмчлөх боломжгүй гэх зэрэг нь энэ ажил угтаа хэнд зориулагдсан нь тодорхойгүй.
 
Энэ байдлаараа шаардлага нөхцөл нь бүрдэхээрээ Өмнөговь дахь Галбын цөлд ч газар олдохгүй булаацалдах энүүхэнд ирчихэж. Гэтэл өдгөө Нийслэлийн хаяа дүүрэг тэр чигээрээ эзгүй хээр хэвээр байгаа. Хөдөө орон нутагт сум аймгийн төв болон зам дагуу иргэдэд өмчлөх хэмжээний газар бол хаа сайгүй. 
 
Монголын бүх иргэнд “0.7” гэх хэмжээст газрыг бүрмөсөн өмчлүүлэхэд нийт нутаг дэвсгэрийн нэг хувьд ч очихгүй тооцоо байхад энэ ажил жинхэнэ эзэддээ бус завсрын хүмүүсын халаасанд бүхэл бүтэн дэнж, уулын ам, усны тохой зэргээр ороод буйг албаны хүмүүс анхаарч ажилламар санагдах юм. Энэ ажлыг хэрхэн шийдвэрлэхийг харж л сууя даа.
 
 
Ж.Эрдэнэчимэг 
 
Эх сурвалж: