sonin.mn
Богино хэмжээний киноны мастер гэгдэх Б.Чингүүнийг танихгүй хүн цөөн биз. Монголд төдийлөн хөгжөөгүй байсан богино хэмжээний киногоор мэргэжлийн гараагаа эхэлсэн тэрбээр тун ч дуу цөөнтэй. 
 
Түүнийг зарим нь хөгжмийн зохиолч, СГЗ Л.Балхжавын хүү гэдгээр нь мэднэ. Энэ удаад кино найруулагч Б.Чингүүнтэй ярилцлаа. 
 
 
-Таны уран бүтээлийн талаар яриагаа эхэлье. Найруулагч мэргэжлийг яагаад сонгох болов? 
 
-Найруулагч мэргэжлийг сонгох хэд хэдэн шалтгаан байна. Нэгд, би өөрөө урлагийн гэр бүлд өссөн маань нөлөөлсөн байх гэж боддог. Хоёрт, миний аавын үндсэн мэргэжил найруулагч тул надад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гуравт, есдүгээр ангийн сурагч байхдаа Америк явж сурах болсон юм.
 
Анх Америкт очоод Холливудад “Universe of studio” гэж байдаг түүнийг үзээд кино урлагийн гайхамшгийг биширсэн. Тэгээд л кино урлагт ямар нэг байдлаар ажиллаж үзэх юмсан, энэ салбарт хөл тавьж үзэх юмсан гэж бодож судалгаа хийгээд кино найруулагч болъё гэж шийдсэн. 
 
 
-Та ихэнхдээ богино хэмжээний кино хийдэг шүү дээ. Яагаад заавал энэ төрөл гэж? 
 
-Богино хэмжээний кино өөрөө кино урлагийн нэг төрөл. Анх оюутан байхаасаа богино хэмжээний киногоор гэрийн даалгавраа хийж, бүтээлүүдээ туурвидаг байлаа. Богино хэмжээний кино төдийлөн Монголд хөгжөөгүй, хүмүүс мэдэж эхлээгүй байх энэ үед би богино хэмжээний киноны хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж алдаа оноотой явж байна. 
 
Одоо богино хэмжээний киног хүмүүс их үздэг, ойлгодог болж, бас арилжааны төрлөөр ашигладаг болсон байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Хүчилтөрөгч“ нэртэй Нийслэлийн тамгын газар, Нийслэлийн иргэдийн хурлын захиалгаар найман минутын богино хэмжээний кино архидалтын эсрэг гэсэн утгыг агуулж хийсэн. 
 
 
-Богино хэмжээний киноны үнэт зүйл юунд оршдог юм бэ? 
 
-Бодсон санаснаа хэдхэн хормын хугацаанд, утга санаагаа бүрэн гаргах хэрэгтэй болдог учир бүрэн хэмжээний бүтээлээс хэцүү. Харин 10 минутын хугацаанд их зүйл өгч сурна гэдэг шинэ найруулагчдад их туршлага болдог. 
 
 
-Одоо ямар кино хийж байна? 
 
-Богино хэмжээний киноноос гадна бүрэн хэмжээний уран сайхны кино руу ханцуй шамлан ороод байна. Хамгийн сүүлд ирэх сараас нээлтээ хийх “The CALL” буюу “Дуудлага” нэртэй аймшгийн кино хийж байгаа. Эвлүүлгийн ажилдаа орсон. 
 
 
-Таны кинонуудыг үзэхэд далд утга илэрхийлсэн сэтгэхүйн аймшгийн төрлөөр хийдэг. Энэ нь таны сонирхол уу эсвэл үзэл бодол уу? 
 
-Нийгэмд зөндөө асуудал тулгарч байдаг. Хайр мөнхийн сэдэв байдаг. Нийгэмд болохгүй бүтэхгүй хар эрээн бараан юм их. Үүнийг хөндөхийн тулд сэдэв хайж олдог, заримдаа захиалгаар хүртэл хийдэг.
 
Манай “Aurora” энтертайнмент өөрсдөө сууж бодож үзээд, цаасан дээр буулгаж, найруулгын талаас нь ярилцаж янз янзын урсгал чиглэлээ гаргадаг. Драм, модерн, арт гээд тал бүрээс нь бодож үздэг л дээ. 
 
 
-“Aurora” энтертайментынхаа талаар ярихгүй юу. Хэзээ байгуулагдсан бэ? 
 
-Манайх урьд нь “Сreative Art Group” нэртэй байлаа. Сарын өмнөөс “Aurora” энтертаймент болсон. Энэ энтертайментийг гурван жилийн өмнө байгуулж байсан. Бид удахгүй “Aurora” анхны вэб телевиз, “Aurora” дуу бичлэгийн студи гээд цогцолсон том групп болгож “Aurora” нэрийг хүн болгон мэддэг брэндийн хэмжээнд хүргэнэ гэж бодож байгаа. 
 
 
-“Aurora” гэдэг нэрийг яагаад өгөх болов? 
 
-“Aurora” гэдгийг хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Бидний бодож байгаагаар хойд мөсөн туйлд үзэгддэг гэрлийн туяа байгалийн үзэгдэл байдаг. Гоё гэрэл цацрахыг Aurora гэдэг. Энэ нь маш гоё энерги цацруулдаг дэлхийн цорын ганц, өөр хаана ч байдаггүй байгалийн үзэгдэл. Aurora шиг цацарч байхыг билэгдэн өгсөн. 
 
 
-Найруулагч мэргэжлийн сайхан нь юу вэ. Бас хэцүү шантармаар үе байдаг уу? 
 
-Сайхан нь хийсэн уран бүтээлийнхээ ард гарч хамт олноороо үзэж санал бодлоо солилцон нэгнийгээ урамшуулах. Мэдээж ямар ч ажил хийхэд шантрах зүйл бий. Тэрнээсээ урамших зүйл ч байна. Гэхдээ миний мэргэжилд сайхан зүйл нь их. Найруулагчийн хамгийн гоё нь үзэл бодлоо илэрхийлж хийсэн уран бүтээлээрээ бэлэг барих сайхан байдаг. 
 
 
-“Наран мандах нутаг” телевизийн олон ангит киноны найруулагчаар ажилласан. Энэ нь таны хийдэг богино хэмжээний киноноос ямар ялгаатай байсан бэ? 
 
-2011 онд “Наран мандах нутаг” 30 ангит киног Сүхбаатар аймагт дөрвөн сар байрлаж зураг авалт хийсэн. Боловсрол суваг болон “Мөнхчулуун” сангийн захиалга, ивээн тэтгэлгээр хийсэн. 
 
 
-Хөгжим кинотой салшгүй холбоотой байдаг. Ямар урсгалын хөгжим сонсдог вэ? 
 
-Янз бүр. Сонгодог хөгжмөөс эхлээд хип хоп хүртэл сонсоно доо. Ихэвчлэн киноны хөгжмүүдийг сонсдог. 
 
 
-Таныг зураг авах хоббитой гэж сонсож байсан юм байна? 
 
-Анх кино найруулагч болохоосоо өмнө фото зураг авах хоббитой байсан. Үнэхээр фото зурганд дуртай. Гэхдээ мэргэжлийн түвшинд авч чадахгүй. Гадуур аялж, энд тэнд үзсэн зүйлийнхээ зургийг авч фэйсбүүк, инстаграмд тавьж олон лайк авах маш дуртай. 
 
 
-Танд хүний ямар зан чанар таалагддаг вэ. Та өөрийнхөө ямар зан чанараар бусдад үлгэр дууриалал болохыг хүсдэг вэ? 
 
-Хүн өөрийнхөөрөө л, худлаа зан гаргахгүй байх. Би ч гэсэн өөрөө тийм байхыг эрмэлздэг. Масктай хүмүүс огт таалагддаггүй. Өнөөдөр муу явж байхад нүүр буруулдаг, сайн явж байхад маскаа зүүгээд ирж долигоноод байдаг тийм зан үнэхээр муухай. 
 
 
-Таны ойрын таван жилийн төлөвлөгөө? 
 
-“Aurora” энтертайнментийг чихтэй хүн болгон мэддэг, Монголын кино урлагт ”Aurora” энтертайнментын олон кинонуудаар бэлэг барих гэсэн байр сууриа олсон олон улсын хэмжээний болгохыг зорьж байна даа.
 
 
Д.Тэмүүлэн
 
 Эх сурвалж: