sonin.mn
 
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автозамын нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар зогссон автомашиныг ачаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хооронд автомашин ачих үйлчилгээ эрхэлж байгаа компаниудыг тойрсон шуугиан нэлээд гарсанг уншигчид мэдэх биз ээ.
 
Автомашин ачих үйлчилгээ нь гэнэт гарч ирсэн үйлчилгээ биш. 2005 оны зургадугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайдын 94 дүгээр тогтоолоор “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ыг баталсан байдаг. Тиймээс тухайн үеэс эхлэн зөрчил гаргасан автомашиныг ачиж эхэлсэн юм. Гэхдээ өнөөдөр үүссэн шиг нөхцөл байгаагүй юм байна. Үгүйдээ л ачих явцад тээврийн хэрэгсэлд гэмтэл гарсан тохиолдолд тухайн ачих үйлчилгээ үзүүлдэг компани хариуцлага хүлээдэг байсан гэнэ. 
 
Гэвч 2013 оноос эхлэн ачих үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд тээврийн хэрэгслийг ачих үедээ гэмтээж, улмаар буруугүй гэх тохиолдол нэг биш удаа дараа  гарсанг Замын цагдаагийн газрынхан хэлж байна лээ. Ингээд автомашин ачих үйлчилгээний талаархи бодит нөхцөл байдлыг хүргэе. Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гадна 13 компани зөвшөөрөлгүй болон нэгдүгээр эгнээнд зогссон автомашиныг ачдаг юм байна. 
Тээврийн хэрэгслийг түр саатуулах IX байранд ачсан тээврийн хэрэгслээ хүргэж байгаа компанийн ажилтантай уулзлаа. Тус компанийн ажилчин хэлэхдээ зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг ачихдаа улсын дугаарыг нь нэг минут орчим зарлаж, тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигчид сануулдаг байна. Харин журамд 5-10 минут гэж заасан байдаг талаар албаны хүмүүс хэлсэн юм. 
 
Ингээд тухайн тээврийн хэрэгслийн зургийг авч, ачдаг гэнэ. Ачихдаа 7-10 минутын хугацааг л зарцуулдаг аж. Анхааруулах хугацаа бага байгаа шалтгааныг түүнээс лавлахад тэрээр “Нэг хүнд таван минут зарцуулна гэж байхгүй. Ачихдаа амждаггүй юм. Тэгээд ч хүн бүр рүү ярьж хэлээд байх нэгж ч байхгүй” гэсэн хариулт өгсөн юм. Тэгэхээр тээврийн хэрэгсэл эзэмшигчид автомашины ачуулах биш, хулгайлуулчихлаа гэдэг нь ийм учиртай байж.
 
Үүний дараагаар Анкарагийн гудамжийг зорьлоо. Үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага ихтэй ч автомашины зогсоол хомс учраас ачигч машинууд тус гудамжинд их байдаг талаар мэдээлэл ирсэн юм. Өчигдөр 14:05 минутын орчимд тус гудамжны автозамын нэгдүгээр эгнээнд зогссон Ланд круйзер маркийн автомашиныг ачиж байхтай таарлаа. 
 
Тус машины жолоочийн хэлж буйгаар 10 минут орчим л автомашинаа эзэнгүй орхисон гэнэ. Машинаа ачиж байхыг хараад сандран гарч ирээд, холдуулъя гэсэн боловч тэгэх боломжгүй аж. Удаан хугацаанд маргалдаж, ачих үйлчилгээний компанийн ажилтантай тохиролцон 20 мянган төгрөг төлөөд явах боллоо. Гэтэл тухайн жолоочид 20 мянган төгрөгөөр торгуулсан гэх баримт өгөхгүй гэх нь тэр. 
 
Улмаар аль компанийн, хэн гэдэг ажилтан гэдгээ нууцалсан ачигч машины жолооч 20 мянган төгрөгийг аваад шууд машиндаа сууж, хөдлөх нь тэр. Хэдийгээр торгуулсан жолооч түүний замыг хаан зогсч, баримт шаардсан боловч амжилт олоогүй юм. Энэ үйл явдлыг харсан хүмүүс дургүйцлээ илэрхийлэн, ачигчид хувьдаа мөнгө зувчуулдаг тухай ярилцаж байлаа.
 
Б.Очир- Эрдэнэ: Тээврийн хэрэгслийг ачих үед эзэмшигч нь очвол ачих ёсгүй
 
Ингээд Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ажилтан Б.Очир-Эрдэнээс тодруулга авснаа хүргэе.
 
-Автомашиныг ачиж байгаа компаниуд журмаа зөрчиж байгаа талаархи мэдээлэл гарах боллоо?
 
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд сүүлийн үед үүнийг ихээр хөндөх болсон. Тиймээс одоо хэрхэн зөв ачиж, тээвэрлэх талаар ярих нь зүйтэй байх. Ер нь бол машин ачих үйл ажиллагааг солонгос технологийн дагуу явуулдаг.
 
-Ачих үйлчилгээний хөлс хаана хуримтлагддаг юм бол?
 
-Хувийн байгууллагуудын орлого хаана төвлөрдгийг хэлж мэдэхгүй байна. Харин манай орлого нийслэлд төвлөрдөг.
 
-Ачигчид нэгдүгээр эгнээнд автомашин зогсохыг хүлээж байгаад ачдаг гэсэн мэдээлэл байна. Мөн ачиж байх ,үед тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ирвэл машиныг нь ачихгүй байж болдоггүй юм уу?
 
-Хүлээж байгаад ачдаг гэдэгтэй санал нийлэхгүй байна. Зарим тохиолдолд жолооч нар ачиж байгааг харсаар байж автомашинаа нэгдүгээр эгнээнд байршуулах тохиолдол бий. Гэхдээ тээврийн хэрэгслийг ачиж байх үед эзэмшигч нь очсон тохиолдолд ачих ёсгүй гэсэн юм.
 
Үүнээс гадна тэрээр автомашиныг ачих үед ачиж буй машин гэмтвэл тухайн компани нь хариуцлага хүлээх ёстойг ч хэлсэн юм. Өнгөрсөн оноос эхлэн автомашиныг ачиж байгаа компаниудын орлогоос тодорхой хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж байх асуудал хөндөгдөж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Албаны хүмүүсийн хэлж буйгаар энэ асуудлыг тун удахгүй шийдэх гэнэ. 
 
Тиймээс тухайн үед нэг компани өдөрт хэдэн автомашиныг ачиж байгаа зэрэг мэдээлэл тодорхой болох юм байна. 12 ачигчтай Замын хөдөлгөөний удирдлагын төв өдөрт 60 орчим тээврийн хэрэгслийг ачдаг гэнэ. Гэхдээ Замын цагдаагийн газрын тусгай зөвшөөрөлтэй зарим хувийн байгууллагууд таван ачигч машинтай ч байдаг аж. Тиймээс хувийн байгууллагуудын ачиж, журамлаж буй тээврийн хэрэгслийн тоо харилцан адилгүй байна гэнэ. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн компаниас тодруулга авах гэсэн боловч хариулахаас татгалзана лээ. 
 
А.Даваасамбуу
Эх сурвалж: "Нийслэл таймс"