sonin.mn

Арваннэгдүгээр сарын байдлаар түүхий эдийн зах дээр ноолууртай ямааны арьс, хонины нэхийний үнэ 2-4 мянган төгрөгөөр өсөөд байна. Ингэснээр 7-8 мянган төгрөгийн үнэ ханштай байсан нэхийний үнэ Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв зэрэг төвийн бүсийн аймгуудад дунджаар 9-10 мянган төгрөг болж дээшилж ирэв.

 

Арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар Завхан, Дундговь аймагт аймгийн төв дээр нэхийний үнэ өлөнтөйгөө 11.000-11.500 төгрөг байна. Хонины мах кг нь 5500-6000 төгрөг, үхрийн мах ястай нь кг нь 6500-7000 төгрөг байна. Амьдын жингээр хонь эм нь 100 мянга, эр нь 130-140 мянган төгрөг байна. Үхэр нэг сая төгрөгийн үнэтэй байна.


Ноолуурын үнэ 3-4 мянган төгрөгөөр буугаад байгаа боловч ноолуурын эрэлт хэрэгцээ байсаар байгааг энэ салбарын томоохон үйлдвэрийн нэг “Говь" XK түүхий эд авна гэсэн зараас харагдаж болно. Нийслэл хот, төв суурин газруудад шатахууны үнэ хэвээр байгаа хэдий ч хөдөө орон нутагт дизелийн түлш литр нь 2500, Аи-92 бензиний үнэ 2200 төгрөг байна.

 

Ийм үнэтэй байгаа хэдий ч олдоц байхгүй, хөдөө орон нутагт дахь ШТС-ууд шатахууныг иргэдийн хэрэгцээний хэмжээгээр олгохгүй байна. Тиймээс хөдөөгийн иргэд ойр зуур нүүдэл суудал хийх, хоол хүнсээ бэлтгэх , малын тэжээл базаах, сум, аймаг орж эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байсаар байна.
 

Эх сурвалж: “Бизнес Таймс”