sonin.mn

Монголчууд бүгдээрээ биш юм аа гэхэд манайхны ихэнхид нь нэг муухай зан түгээмэл байдаг. Тэр нь юу гэвэл аливаа нэг зүйл бүтэлгүйдэхэд хүрвэл юунаас, яагаад болов гэхийн оронд "Хэн ингэчих вэ” хэмээн уулга алддаг гэм бий. Тэгээд "гэмтэн'’-ийг хайдаг. Тэр нь шиг төр, засгийнхан нэг юмны үнэ өсөөд ирэнгүүт яагаад, юунаас болов гэдгийг тогтоохыг оронд “хэн бэ?” хэмээн буруутныг хайж, түүнийгээ тэр дор нь олоод түүн рүүгээ бөөрөлж довтолдог “зантай” болсон.

 

Өмнөх Засгийн үед ийм л байсан. Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг бизнес эрхлэгчид, тэдний бизнесийн үйл ажиллагаа руу үндэслэлгүй дайрдаг төрийн энэ механизм шинэчлэлийн гэх тодотголтой шинэ төр, засгийн үед үйлчилсээр байх юм.


...Монгол сүүний эх орон. Гэтэл монголчууд бид хуурай сүүгээр сүүлснийг уудагийг “илрүүлэн” гарган ирж, дотоодын сүү үйлдвэрлэгчдэд компанийн Засаглалын хариуцлагыг сануулж, сүүгээ орчин үеийн технологиор улам сайн боловсруулахыг даалгасан О.Магнай даргад нэг талаар баярлах ёстой. Гэхдээ шатахууны үнэ дээр арай ч биш ээ. Шатахуун бол сүү биш нь ойлгомжтой.

 

Манай улс арчаагүй төрийн гайгаар нефть бүтээгдэхүүн боловсруулдаггүй, 100 хувь гаднаас авдаг. Дэлхийн зах зээл, тэр дундаа манай ганц импортлогч хөрш ОХУ-д нефть бүтээгдэхүүний үнэ ханш, хил, гаалийн татвар ямар байдаг билээ. Манайхан тэндээс шатахуун оруулж ирэхэд ямар үнээр, олон татвар төлж, шат давжин оруулж ирдэг, энд хил дээрх үнээс эхлээд дотоод дахь валютын ханш ямар байгаа гэх мэтээр олон зүйл нөлөөлдөгийг нийлүүлэгчид л сайн мэднэ.

 

Түүнээс биш О.Магнай даргын газрынхан шиг зөвхөн ганц дотоод дахь нөөцөө тооцоод үнийг үндэслэлгүй нэмчихпээ гэж мэдэгддэг нь өөрөө өрөөсгөл “аргумент”юм. Үүний оронд үнэ ханш үнэхээр цаанаа үнэтэй байгаа бол яах вэ гэдгийг төртэйгөө хэлэлцэж, гол импортлогч хөршид нефть бүтээгдэхүүний үнэ бодит байгаа эсэхийг манай ШӨХТГ-ынхан ОХУ-ын ажил төрөл нэгт Монополийн эсрэг албанаас нь лавлаж мэдэгдэж болохоор доо.

 

Гэтэл үүний оронд шатахуун нийлүүлэгч компаниудад тэрбум тэрбумын торгууль ногдуулж сууна. Өчигдөр тэдэн рүү, өнөөдөр кинотеатр, худалдааны төв, үйлчилгээний газрууд, кабелийн телевизүүд рүү... Маргааш ямар бизнес рүү довтлох болоо? Дараагийн дайралтад ямар бизнес, юу өртөх бол? Зах зээлийнхээ эрэлт хэрэгцээний “хууль”-иар чөлөөтэй хөрвөх ёстой валютын ханшийг хүртэл өөрчлөх гэж оролдох шинэ даргатай, шинэ газрын дайралт ийнхүү үргэлжилсээр.

 

Шударга бус өрсөлдөөн, үнийн замбараагүй байдал зах зээл дээр үнэхээр ноёлж байгаа бол өөр хэрэг. Тэр нь манай зах зээл дээр үнэхээр бодитоор оршин тогтнож байгаа бол түүнийг гаргаж ирээд засч залруулж байвал сайнсан. Энэ тал дээр ШӨХТГ-т хийх ажил бишгүй байгаа нь мэдээж. Ганц жишээ хэлэхэд, ядаж л нэг хүн 4-5 орон сууц эзэмшчихээд түрээсээр мөнгө хүүлээд байгаа хэрнээ татвараа төлөхгүй сууж байгааг илрүүлчихвэл орон сууцны үнэ ханш үнэхээр зохиомлоор хөөрөгдөөд байна уу гэдгийг мэдэж болохоор.

 

Энэ мэтээр ил болгох далд эдийн засгийн тэнцвэргүй, шударга бус үйлдэл манайд олон бий. Түүнээс бус, зах зээл рүүгээ амьдралгүй, ул суурь үндэслэлгүй, цээжний бангаар дайрах бас нэг хэцүү. Энэ бол зүгээр л олон түмнээс өнгөн дээрээ “очков” авч “Ардын баатар” болох гэсэн сайн дурын уран сайхан болдогийг манайд цөөнгүй хүн харуулдагийг юу эс андахав.

 

Тиймээс О.Магнай даргыг зах зээлээ сайн судалж дайраач гэдгийг олон хүн хэлж байна. Үнэ өндөр болж байгаа нь манайд ганцхан зүйлээс хамааралтай байдаг. Тэр нь инфляцийн хэрээс буюу гинжин урвалаас болж байдаг. Энд олон зүйл нөлөөлдөг. Наад зах нь манайд зам харилцаа, дэд бүтэц дөнгөж хөгжиж байгаа, хил, гаалийн нэвтрүүлэх чадвар сайжраагүй, тээвэр-логистикийн хүчин чадал дутмаг энэ тэр гээд олон юм бий.

 

Үүнээс болоод манай хэрэглээний дийлэнх болсон импортын бараа, бүтэгдэхүүн замдаа саатдаг, гацдаг. Саатаж, гацаж байна гэдэг зардал нэмэгдэж байна гэсэн үг.
Үнэ өндөр болох нь бас төрийн шуурхай бус үйл ажиллагаа, хүнд суртлаас хүртэл шалтгаалдаг. Үүнийг ШӨХТГ шат дараалан биш гэхэд, ядаж нэгийг нь ч гэсэн гарган ирж, арилгах талаар юм хийж байгаа гэдэгт найдъя.

 

Бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг зардлаас аваад нийлүүлэлтэд нөлөөлдөг олон хүчин зүйлийн хамаарлыг багасгавал үр дүн, өгөөж нь нийгэмд аяндаа мэдэгдэнэ. Энэ үүднээс ШӨХТГ-ынханд саналаа хэлж, сайн дураар “зөвлөхөд” ерөөс дайралтаа үнэ, ханшийн эхний суурь шалтгаан болж, үүнд хамгийн томоор нөлөө үзүүлдэг төрийн төсөв, мөнгөний уялдаагүй бодлого, үрэлгэн зарлагаас буюу терөөс өөрөөс нь эхэлвэл яасан юм бэ, О.Магнай дарга аа?

 

Жишээ нь, Та манай дотоодын үнэ ханшид ихээхэн үүргийг гүйцэтгэдэг гадаад валютын эрсдлээс хамгаалах үндэсний хэмжээний механизмыг хурдан бий болгож, бүрдүүлээч гэж дуугарч байсан уу...

 

Шатахууны үнэ нэмэгдэхэд нөөцөө яравчлан ханга гэж төрд хэлж байсан уу. Гол гогцоо энэ мэт асуудлаас эхэлье. Жишээ нь, О.Магнай дарга та ам.долларын ханш нэг л байх ёстой гэж байна. Гэтэл арилжааны банк, валют солих цэгүүд “ногоон” дэвсгэртийн бүхэл тоотойг нь бага тоотойгоос нь өөр үнээр арилжаалаад байгаа биш, цаанаасаа, Төвбанкнаас ийм ‘‘ялгаваралтай зохицуулалт” шаардаад байдагийг юу гэх вэ? Тэгэхээр энэ тал дээр ШӨХТГ довтолгоогоо хэргийн эзэн Монголбанкнаас буюу төрөөсөө эхлэх нь зүй болж таарч байна.


Б.Билгүүн

Эх сурвалж: “Бизнес Таймс”