sonin.mn
С.Эрдэнэ, Ц.Туваан гэсэн хоёр өөр даргатай, "Шонхор тауер", "Бодь цамхаг" гэсэн хоёр өөр газар байртай, Н..Цэрэнбат, П.Нүрзэд гэсэн хоёр өөр дарга бүхий Хэрэг Эрхлэх Газартай, тусдаа үйл ажиллагаатай хоёр Ардчилсан Нам бий болоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна.
Энэ хугацаанд С.Эрдэнэ нь Ардчилсан Намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, цахим бүртгэлд өөрийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх,  Ц.Туваан нь мөн л Ардчилсан Намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэх хүсэлтүүдийг Дээд шүүхэд өгч буй ч амжилт олохгүй байгаа билээ.
Хамгийн сүүлд гэхэд л 2 сарын 26-нд Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан Улсын Дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй үндэслэлээр үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, тус тус бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм.
 
Үүнтэй зэрэгцэн, сүүлийн өдрүүдэд С.Эрдэнэ, Ц.Туваан нар учраа ололцсон гэх мэдээлэл гарч буй ч энэ нь худлаа аж.
Харин ч С.Эрдэнэ, Ц.Туваан нар АН-ын хагарлыг улам гүнзгийрүүлэх бодлоггүй үйлдлийг хийх гэж буй нь тодорхой боллоо. 
 
Тодруулбал Ардчилсан Намын Даргын сонгуулийн санал авах өдрийг 3 сарын 28-нд товлосон талаар тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал уржигдар мэдээлсэн юм. И.Мөнхжаргал нь Ц.Тувааны гэгдэх АН-д багтдаг.
Тэгвэл Х.Ганболд даргатай АН-ын Үндсэн Дүрмийн Хороо буюу  С.Эрдэнийн удирдсан АН уг шийдвэрийг түтгэлзүүлсэн тогтоол гаргасан юм. С.Эрдэнийн АН-ын хувьд ирэх 4-р сард АН-ын даргын сонгуулийг явуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Гэвч өчигдөр орой Ц.Тувааны АН буюу Ардчилсан Намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийж, С.Эрдэнийн гэгдэх АН-ын хийж буй үйлдэл нь хууль бус тул Ардчилсан Намын Даргын сонгуулийн үйл явцыг товлосон хугацаандаа явуулна гэв.
Энэ байдлаараа бол С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр өөр өдөр хоёр өөр АН-ын даргын сонгууль зарлаж, АН-ыг дахин 2 өөр даргатай болгох магадлал өндөр болжээ.
 
М.Гал