сонин mn
ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун сүүлийн сар орчмын хугацаанд анх удаа олны өмнө гарч ирэхдээ нэлээд жин хассан байсантай холбогдуулан шинжээчид түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой таамаглалуудыг дэвшүүлж эхэлжээ.
Тодруулбал, БНАСАУ-ын талаар мэдээ мэдээлэл нийтэлдэг “NK News” цахим хуудсанд Ким Жөн Ун байнга зүүдэг тансаг бугуйн цагныхаа оосрыг өмнөхөөсөө илүү чангалан зүүсэн байсныг онцлоод, тэрбээр дэглэм барьсан уу өвдсөн үү гэдэг нь тодорхойгүй байна хэмээн мэдээлсэн байна.
Ким Жөн Ун баасан гарагт эрх баригч намын хурлыг даргалсан талаар БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн юм. Ингэснээр БНАСАУ-ын удирдагч сүүлийн 29 хоногийн хугацаанд олны өмнө анх удаагаа гарчээ. Энэ нь түүний хувьд 2011 онд эцгээ нас барсны дараа төрийн эрх мэдлийг шилжүүлэн авснаасаа хойш хамгийн удаан хугацаанд олны өмнө гараагүй хоёр дахь тохиолдол нь болжээ.
 
 
“Ким Жөн Ун тухайн хугацаанд юу хийсэн талаарх мэдээлэл байхгүй байна” гэж БНАСАУ-д ойр эх сурвалжууд мэдээлсэн байна. 
“NK News” цахим хуудас БНСУ дахь АНУ-ын тусгай коммандын тагнуулын ажилтны мэдээллийг эш татан уламжилснаар, БНАСАУ-ын удирдагч эрүүл амьдралын хэв маягийг баримтлах болсон юм уу, эсвэл түүнээс ч илүү нарийн төвөгтэй асуудал үүссэн байж магадгүй ажээ.
“Одоогоор энэ талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгүй хэдий ч ирэх саруудад болох үйл явдлуудад маш сайн анхаарал хандуулах хэрэгтэйг харуулж байна” гэж төлөөлөгч нэмж хэлжээ.
Ким Жөн Уныг өдгөө 37 настай хэмээн үздэг юм. 2020 оны 11 дүгээр сард БНСУ-ын Тагнуулын газрын мэдээлснээр, түүний биеийн жин 140 килограммд хүрсэн байж магадгүй нь 2012 оны үеийнхээсээ 50 орчим килограмм жин нэмсэн гэсэн үг юм.
Ташрамд дурдахад, 2014 онд Ким Жөн Ун 40 орчим хоногийн турш олны өмнө харагдаагүйтэй холбогдуулан биеийн байдал нь муудсан байж магадгүй гэх таамаглалыг гадаадын шинжээчид дэвшүүлж байсан билээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг