сонин mn
Ардчилсан Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр Үндэсний эмгэнэлийн өдрийг зарлуулах тухай асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "2021 оны 6–р сарын 25-ны өдөр Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөнө. Энэ өдөр цэргийн ёслолын парад явуулна гэдэг бол энэ цаг үед байж боломгүй зүйл.Монгол Улс цар тахлын улмаас 436 иргэнээ алдчихаад байна.
Халх голын дайнд Монголчууд 274 иргэнээ алдчихаад гашуудаж байсан.Тэр хүмүүст хүндэтгэл үзүүлж байсан.Гэтэл өнөөдөр ажлаа хийгээд, амьдраад явж байсан 436 иргэн нь амь насаа алдчихаад байхад, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нь баяр ёслолын байдалтай парад хийдэг байж таарахгүй.Тиймээс 6 сарын 25-ны өдрийг “Үндэсний эмгэнэлийн өдөр” болгон зарлах ёстой.
Өнөөдөр цар тахлаас болж амь насаа алдсан иргэдээсээ төр уучлалт гуйх ёстой.
Монголын төр шагнал, шийтгэл гэдэг хоёрхон л ажилтай боллоо. Нэг тэрбум төгрөгөөр ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль хийгээд, тараах тухай ярьж байна. Зарим УИХ-ын гишүүд нь 150 мянган медаль арай цөөхөн байна, медалийнхаа тоог нэмье гээд халаглаж сууна. Гэтэл энэ мөнгөөр нь яагаад амьсгалын аппаратыг нь нэмээд авч болдоггүй юм бэ? 
 
 
 
Цар тахлаас болж нас барж байгаа гол шалтгаан нь ерөөсөө  амьсгалын аппарат. Миний авсан мэдээллээр Монголд 90 орчим амьсгалын аппарат байна. Энэ нь хаана нь ч хүрэлцэхгүй нь мэдээж.
 
 
 
Зарим  1200 өвчтөнтэй эмнэлэгт 12 ширхэг аппарат байгаа. 600-700 өвчтөнтэй газарт 30 гаруй аппарат байна гэсэн мэдээлэл байна. Энэ хоёр жилд  Засгийн Газар яагаад амьсгалын аппаратыг иж бүрэн хангаж болоогүй юм бэ? Өнөөдөр яагаад одон медаль авч байгаа мөнгөөрөө амьсгалын аппарат авч болоогүй юм бэ? 
Цар тахлаар нас барсан 436 иргэний тухай би сая ярилаа. Энэ хүмүүсийн ар гэрт нь нөхөн олговор өгөх ёстой. Өнөөдөр 10 тэрбум төгрөгөөр наадам хийх тухай ярьж байна. Гэтэл нэг иргэний ар гэрт хохирол, нөхөн төлбөр гээд 10 сая төгрөг өгөхөд 4.3 тэрбум төгрөг болно. Энэ найралж, наадамлах гээд байгаа мөнгөний чинь 50 %-д ч хүрэхгүй мөнгө. Яагаад ийм байдлаар асуудлыг шийдэж болохгүй юм бэ? Яагаад Монголын төр хариуцлагатай байж чадахгүй байгаа юм бэ?Тэмдэг, одон медал тараахын оронд Үндсэн хуулиа эргэж хар. Өнөөдөр эрх баригчид Монгол Улсын хуульд үнэнч байх тухай ярьсан.Тангараг өргөсөн. Гэтэл тэр Үндсэн хууль дээр төр засаг өөрөө иргэнийхээ эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг хариуцна гэж заасан байгаа.Тэгвэл төрийн энэ хариуцлага хаана байна? Яагаад төр иргэдийнхээ амь насны асуудлыг хариуцаж чадахгүй байна? Яагаад наадмаа хэрхэн хийх тухай ярьж байгаа юм бэ?
Наадмаас илүүтэйгээр эдгээр хүмүүсийн хохирлыг яаж барагдуулах вэ? Энэ иргэдээс яаж уучлалт гуйх вэ? Энэ өвчтэй цар тахал туссан байгаа иргэдээ амьсгалын аппаратаар хэрхэн хангах вэ гэдэг асуудлуудыг шийдвэрлээ. Шагнал гардуулах болохоороо мөнгө босгож чаддаг л юм байна.
 
Медаль үйлдвэрлэхэд тэрбум төгрөгийг босгочихдог л юм байна. Наадам хийхэд 10 тэрбумыг амархан босгодог юм байна. Тэгвэл яагаад иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд, амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр өгөхөд мөнгө босгож чадахгүй байгаа юм бэ?
 
Яагаад мөнгө гаргаж чадахгүй байгаа юм. Яагаад ийм хариуцлагагүй байгаа юм бэ гэдэг асуудлыг ярьж байна. Ардчилсан нийгэмд төр өөрөө л хариуцлагатай байдгаараа л ялгардаг. Төр өөрөө иргэнийхээ өмнө хариуцлагаа хүлээж чаддагтаа л ардчилсан нийгэм, ардчилсан төрийн зарчмын ялгаа байдаг. Өнөөдөр эрх ямба эдлэх, шагнал урамшуулал олгох болохоороо УИХ-ын гишүүн, сайд, дарга, Засгийн Газрын гишүүн гээд эрх ямбыг эдэлдэг. Яг үүрэг хариуцлага хүлээх болохоор зугтаагаад алга болдог байж болохгүй. Ийм л байдал руу явлаа. Би дахиад хэлье. Монгол Улс Халхын дайнд 274 иргэнээ алдчихаад гашуудаж, гэрэлт хөшөө босгон эмгэнэл зарлаж байсан бол өнөөдөр түүнээс 2 дахин илүү иргэнээ алдчихаад, бид юу ч болоогүй юм шиг л сууж байна. Үүнд төр засаг хариуцлага хүлээх ёстой. 6 сарын 25-ны өдөр парад жагсаад, сүрт жагсаал явдаг өдөр биш ээ. Харин шинээр сонгогдсон Ерөнхийлөгч үнэхээр ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хардаг, иргэдийнхээ аюулгүй байдлыг боддог бол 6 сарын 25-ны тангараг өргөх өдрөө “Үндэсний эмгэнэлийн өдөр” гэж зарлах ёстой. Амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхнээс уучлалт эрэх ёстой гэсэн  байр суурьтай байна.” гэв.
 
Н.Энхдэлгэр