сонин mn
Засгийн Газрын нэр бүхий сайд нарыг огцруулна гэх мэдээ сүүлийн үед тасралтгүй гарах боллоо. Хамгийн сүүлд өнгөрсөн Лхагва гарагийн Засгийн Газрын ээлжит хуралдаанаар 2 сайдыг чөлөөлөх асуудал орно хэмээн зарим хэвлэлд бичсэн ч ийм зүйл болсонгүй.  Тэгвэл цаашид ийм асуудал орох уу? Ер нь Засгийн Газар зарим сайд нараа огцруулахаар төлөвлөж байгаа юу? Үүнд Ерөнхий Сайд Л. Оюун-Эрдэнэ өчигдөр Ажил олгогч эздийн холбоо, мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлтэй уулзах үеэрээ хариулт өгчээ. Тодруулбал тэрээр: “Засгийн Газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарыг ажлыг нь хийлгэе. Одоо улс төржиж суух цаг биш.  Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Ер нь үеийн үед Засгийн Газрыг унагах, Засгийн Газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар л ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй”  хэмээн ярьсан байна. Тэрбээр мөн өмнө нь Засгийн газрын 200 хоногийн тайлангийн ярилцлага дээрээ Ерөнхийлөгч, УИХ, ЗГ нэгдмэл ажиллаж байгааг онцолж байсан. Эдгээрээс харвал МАН удирдлагынхаа төвшинд цул байгаа бололтой. Мэдээж албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтад багтаагүй хэсэг МАН-д бий. Тэдний зүгээс Засгийн Газрын сайд нарыг, ер нь Засгийн Газрыг огцруулах сонирхол байнга цухалзаж ирсэн. Гэхдээ энэ намд ард иргэд “бүрэн” итгэл хүлээлгэн боломж олгосныг мартаж болохгүй. Ялангуяа ийм хүнд цаг үед ард иргэдийн энэ итгэлийг бодож жижиг эрх ашгаа эрх баригч нам мартах нь зүйд нийцнэ. 
 
Д.Дандархүү