sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй мягмар гарагт утсаар ярилаа.
 
 
Хоёр орны удирдагчид Орос, Украины дайны талбарт болж буй сүүлийн үеийн үйл явдлуудад онцгой анхаарал хандуулж, бүс нутгийн асуудлуудын талаар хэлэлцсэн гэж Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба мэдээлэв.
 
Үр тарианы хангамжийн талаарх Истанбулын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд Анкара бүх талтай шаардлагатай санаачилгыг гаргасаар байгааг Р.Эрдоган онцлон тэмдэглэжээ. Туркийн удирдагч үр тарианы хангамжийн асуудлыг шийдвэрлэх хамтын ажиллагааны уур амьсгал бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
 
"Ерөнхийлөгч Эрдоган үр тарианы хямралыг шийдвэрлэхэд үр бүтээлтэй хандах нь (Москва, Киевыг) хэлэлцээндээ эргэн ороход авах алхмуудад дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэлсэн" гэж түүний хэвлэлийн алба онцолжээ.
 
Р.Эрдоган мөн олон улсын хэлэлцүүлгийн “Валдай” клубийн хурлын үеэр түүний талаар хэлсэн үгэнд В.Путинд талархал илэрхийлсэн байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг