СӨҮЛ. /Yonhap/. ОХУ-д хийх БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны айлчлалын үеэр хоёр тал зэвсгийн худалдаа, технологи дамжуулах асуудлыг хэлэлцэх эсэхийг Өмнөд Солонгос анхааралтай ажиглана гэж тус улсын Үндэсний батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Чун Ха Кю мэдэгдэв.
“Цэргийн хүрээллээс олон хүн дагалдан явааг харгалзан бид Орос, Умардын хооронд зэвсгийн наймаа, технологи дамжуулах тухай хэлэлцээ явагдах эсэхийг анхааралтай ажиглана” гэж тэрбээр хэлсэн байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар ойрын өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба даваа гарагт мэдэгдсэн юм. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлснээр, Путин, Ким Жөн Ун нар хоёр талын хамтын ажиллагаа, бүс нутгийн байдал, олон улсын үйл хэргийн талаар хэлэлцэнэ. Түүнчлэн эмзэг салбарууд дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Ким Жөн Ун есдүгээр сарын 10-ны өдрийн үдээс хойш тусгай галт тэргээр Пёньянаас хөдөлж, Оросыг зорьсон тухай "Солонгосын дуу хоолой" радио өнөөдөр мэдээлжээ. Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг удирдагчийг үдэж буй гэрэл зургуудыг нийтэлсэн байна.
Гэрэл зургуудаас харахад түүнийг БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сон Хи, Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны дэд дарга Ли Бён Чол, намын төв хорооны Цэргийн удирдлагын газрын дарга Пак Чун Чон нар дагалдан явж байгаа бололтой. Мөн цэргийн хиймэл дагуул хөөргөх ажиллагаанд бэлтгэх хороог даргалж байсан, Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга Пак Тэ Сон, Тэнгисийн цэргийн хүчний командлагч Ким Мён Сиг, Агаарын цэргийн хүчний командлагч Ким Гван Хёг, сайд нарын танхимын орлогч дарга Пак Хун, намын Төв хорооны цэргийн аж үйлдвэр хариуцсан хэлтсийн дарга Чо Чун Рён нар ОХУ-д очно гэж “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" ашентлаг
Сэтгэгдэл0
Өрөө бол худалдана, бусад бол болохгүй.