Амар мөрний эрэг дээрх Комсомольск. /TASS/. БНАСАУ-ын удирдагч, Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Ун Хабаровын хязгаарын Амар мөрний эрэг дээрх Комсомольск хотын төмөр замын өртөөнд галт тэргээр хүрэлцэн ирлээ.
БНАСАУ-ын удирдагчийн хуягт галт тэрэг орон нутгийн 8.50 (Москвагийн цагаар 1.50) цагт ирсэн байна. Галт тэрэгний буудалд түүнийг Хабаровын хязгаарын захирагч Михаил Дегтярев, Амар мөрний эрэг дээрх Комсомольск хотын дарга Александр Жорник нар угтан авав.
Угтах ёслолын дараа Ким Жөн Ун Ю.А.Гагарины нэрэмжит нисэх онгоцны үйлдвэрийг зорьжээ.
БНАСАУ-ын удирдагч Амар мөрний эрэг дээрх Комсомольск хотод айлчилж, иргэний болон цэргийн техникийн үйлдвэрүүдээр зочилно гэж Владимир Путин өмнө нь мэдэгдсэн юм.
Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар мягмар гарагт тус улсад хүрэлцэн ирсэн. Хоёр орны удирдагчид лхагва гарагт "Восточный" сансрын хөлгийн буудалд төлөөлөгчдийн оролцоотой болон ганцаарчилсан хэлэлцээ хийсэн билээ. Үүнээс өмнө Ким Жөн Ун 2019 оны дөрөвдүгээр сард Орост айлчилж байсан бөгөөд тухайн үед хоёр удирдагч Владивосток хотод хэлэлцээ хийж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Сайхан сайхан. Баяр хүргэе.