sonin.mn

 

Гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж буй монгол ажилчдын цалин бага тэрбайтугай ХХДХ-тэй жишихүйц бага байгаагийн сонгодог жишээ бол өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай Петрочайно Дачин тамсаг ХХК юм.
 
 
Тус компанийн ажилчид ҮЭ-ийн хороогоороо дамжуулан цалингаа ядаж 50 хувь нэмүүлэх зорилгоор хийсэн тэмцэл нь төрийн өндөрлөгт хүрсэн. Одоо байдал ямар байгаа тухай Петрочайно Дачин тамсаг ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ч.Владимартай ярилцсан юм.
 
 
 
-Петрочайно Дачин тамсаг ХХК монгол ажилчдынхаа цалинг нэмсэн ч та бүхний тэмцэл үргэлжилж байгаа нь ямар учиртай вэ?
 
-Тус компанийн монгол ажилчдыг төлөөлөн ҮЭ-ийн хороо зарчмын дөрвөн шаардлага тавьснаас зөвхөн цалингийн тухай ярьсаар бараг жил болох гэж байна. Ажилчдын цалинг тодорхой хэмжээгээр нэмэхдээ монгол ажилчдын 40 орчим хувийг эзэлдэг 120-150 долларын үндсэн цалинтай үйлчилгээний ажилчдын цалин дээр 100 доллар нэмсэн.
 
 
Газрын тосны үйлдвэрлэлийн ажилчид, албан хаагчид дунджаар 220-400 хүртэлх долларын цалинтай түүн дээр 50-60 доллар л нэмсэн. Гэхдээ энэ нэмэгдлийг ажилчид хүлээн зөвшөөрөөгүй ч компани шууд цалингийн картанд хийсэн байсан.
 
 
Үүнийг гал унтраасан байдлаар хугацаа хожиж, аргацаасан явдал гэж үзэж байгаа. Манай компанид 400 долларын цалин авдаг хүн Оюутолгойд 2,0 сая төгрөгний цалин авдаг хүнтэй адилхан ажил эрхлэж байна гэхээр нийт ажилчид энэ цалинг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Бидний дор хаяж 50-70 хүртэл хувь нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа. Энэ хэмжээндээ хүрээгүй болохоор хэлэлцээрээ үргэлжлүүлээд шаардлагаа тавьж байна.
 
 
 
-Тус компанийн удирдлага монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг доогуур үзэж, төр засгийн шийдвэрийг үл ойшоож байна гэсэн үг үү?
 
-Монгол улсын ерөнхий сайд монгол ажилчдынхаа цалинг энэ оны нэгдүгээр сард багтааж нэм гэсэн албан даалгаврыг өгч, төр засгийн зүгээс бидний бодит байдлыг ойлгож олон талаас нь шаардаж байна.
 
 
Ажилчид ч Монгол улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө оруулдаг, гадаадын компани гэдэг утгаар нь хүндэтгэж, аль аль талдаа эдийн засгийн хохиролгүй байхыг нь бодолцож, тайван замаар асуудлыг шийдүүлэх зорилгоор ажил хаялтаа хоёр ч удаа хойшлуулсан.
 
 
Бид Монгол улсын хуулийн дагуу ажил хаях үндэслэлээ гаргасан. Гэтэл компани танай Засгийн газар тийм лизенц өгвөл цалинг чинь нэмнэ гэж шал өөр зүйлээр барьцаалсан. Засгийн газар лицензийг олгож, олборлолтын талбайн зөвшөөрлийг өгсөн ч монгол ажилчдын цалинг шаардсан хэмжээгээр нэмээгүй.
 
 
Нэг иймэрхүү маягаар их гүрний дээрэнгүй байдлаар л хандаж байна. Ажилчдыг ажил хаях нөхцөл рүү ажил олгогч өөрсдөө түлхэж байна. Ажилчдын төлөөлөл ҮЭ-ийн хорооноос компанийн удирдлагад энэ байдлыг дөрвөн сарын нэгнээр тасалбар болгон шийдэхийг шаардаж, хэрэв нэг мөр шийдвэрлэх боломжгүй бол Хамтын гэрээнд цалинг тодорхой хугацаанд шат дараатай нэмэхээр тусгах саналыг оруулсан.
 
 
Хэрвээ ажил олгогч бидний шаардлагыг биелүүлэхгүй бол 4 сарын 1-нд ажил хаяна. Өдөртөө нэг сая долларын газрын тос хилээр гаргаж байгаа компанийг эдийн засгийн боломжгүй гэж үзэх үү. Тэд биднийг манай хуулиар ажилла гэж дарамталдаг. Энэ нь л монгол хүнийг дорд үзэн, Монгол улсын төр засгийг үл ойшоож байгааг харуулж байгаа юм.
 
 
Т.Эрдэнэ
 
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин