sonin.mn
Найман хувийн хүүтэй зээл гэх журам батлагдахад иргэдийн магнай тэнийв үү. Гэтэл арай үгүй юмаа. Өнгөрсөн зургадугаар сард хэрэгжиж эхэлсэн найман хувийн зээл батлагдсантай холбогдуулан арилжааны банкууд зээл хүссэн иргэдийн хөлд дарагдаад хоёр сар болов.
 
Бага хүүтэй зээлийн журам батлагдахыг дагаад үй олон асуудлууд ч ундрав. Энэ зээл батлагдаж эхлэх сургаар байрны үнэ битгий л хөөсөрчихөөсэй хэмээн хүсэж байсан нь талаар болов. Өнгөрөгч сарын байдлаар 13000 гаруй иргэний зээлийг бага хүүтэй зээлд хамруулаад байна.
 
Харин 2090 гаруй иргэнд шинээр зээл авах хүсэлтийг нь шийдвэрлэсэн байна. Зарим нэгний хувьд асуудал ингээд сайхан шийдэгдэж байгаа ч асуудлаа шийдэж чадахгүй банкныхныг царайчлах нь тэднээс түм дахин олон.
 
Угтаа бол энэ журам батлагдснаар хөл толгой нь мэдэгдэхгүй байрны үнийн хөөрөгдлийг цэгцэлж, иргэн бүрт хямд чанартай байрыг олгохоор зэхсэн ч өдгөө "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлоно" гэгч болж, энэ журам хэнд" зориулагдсан нь мэдэгдэхээ байлаа.
 
Учир нь бага дунд орлоготой иргэдийн амьдралыг дээшлүүлэх зорилгоор батлагдсан гэх сүржин тодотголтой боловч хачир дээрээ уг журмыг Засгийн газрын тэргүүн 30 минутын ярилцлагын үеэр "Ядуу иргэдэд зориулаагүй" гээд шууд хэлчихсэн.
 
Тэгэхээр энэ чинь юу гэсэн үг вэ. Өөрөөр хэлбэл, ядуу, бага дунд орлоготой иргэдэд зориулаагүй юм бол хэн олон байртай болох вэ гэдэг уралдаан юм биш үү эрхмүүд ээ.
 
Уг журам гарснаар иргэд хямд байртай болж, хөдөлмөрийн бүтээмж сайжирна гэсэн нь эсрэгээрээ байрны үнэ өссөн өнөө үед шинээр авч буй иргэдэд ямар ч ашиггүй ажил болоод буй нь нүднээ илт.
 
 
Огторгуйд хадсан байрны үнэ
 
Найман хувийн зээлийг авахын тулд та юуны өмнө бүрэн ашиглалтад орсон, 80 ам метрээс багагүй талбайтай шинэ эсвэл одоо ашиглагдаж буй хуучин орон сууцнаас сонгон хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой аж.
 
Хөнгөлөлттэй зээлд хамруулж орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хот хөдөөгүй иргэд хөтөлбөрт хамрагдах, орон сууцтай болох сонирхлоо илэрхийлж банкинд дараалал үүсээд байгаа энэ цагт орон сууцны үнэ тодорхой хувиар нэмэгджээ.
 
Байртай холбоотой ямар ч зээл гарсан байрны үнэ өсдөг нь хэвшил болоод удаж буй. Орон сууцны худалдаачид энэ удаад ч яаж дутах вэ, гээд байрны үнээ огторгуйд хадтал өсгөсөн нь асуудал хөндөхөд хүргэв.
 
Учир юу гэвэл, найман хувийн зээл батлагдахаас өмнө байрны метр квадратын үнэ 1.5-1.8 саяын хооронд хэлбэлзэж байсан бол өдгөө байрны доод үнэ метр квадрат нь 2-2.2 саяын хооронд байна. Энэ бол мэдээж хотын төвийн байрнууд. Харин хотын төвөөс зайдуу захад байгаа байрнууд арай хямд.
 
Тодруулбал, Монгол III сургуулийн хойно байрлах өнгөрсөн намар ашиглалтад орсон орон сууц найман хувийн зээл гарахаас өмнө нэг метр квадратыг нь сая 750 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол өдгөе 300 мянган төгрөгөөр нэмэгдчихсэн байх жишээтэй.
 
Найман хувийн зээлд хамрагдаж байгаа хүмүүсийн 50-аа,с дээш хувь 1-2 өрөө байр авах сонирхолтой байдаг аж. Тэр тусмаа нэг өрөө байр ашиглалтад орохоос нь өмнө захиалагдаад дуусчихдаг нь үнэ өсөх нэг шалтгаан аж.
 
"Залуус" хороолол нэг метр квадрат нь сая 200 төгрөг буюу харьцангуй хямд учраас иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа. Найман хувийн зээл гарахаас өмнө нэг өрөө нь 27 сая, хоёр өрөө нь 35 сая, гурван өрөө нь 47 сая төгрөгөөр захиалга авч байсан.
 
Харин одоо нэг өрөө байр нь 36 сая төгрөг болон өсчээ, бусад өрөөнүүд нь метр квадратаасаа шалтгаалан өөр өөр үнэтэй болжээ. Энэ талаар Барилга хот байгуулалтын яам, ШӨХТГ-аас мэдэгдэхдээ найман хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан барилгын компаниуд үндэслэлгүй үнээ нэмсэн тохиолдол гарвал цаашид Засгийн газраас тухайн компанитай дахин хамтарч ажиллахгүй, хөтөлбөрөөс хасна хуулийн хүрээнд хариуцлага тооцно гэж байсан ч өдийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй л байна.
 
Засгийн газрын тэргүүн байрны үнийг зохиомлоор хөөрөгдөж байгаа газруудад арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн. Гэхдээ энэ нь зөвхөн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлд хамрагдсан барилгын компаниуд хамаатай аж.
 
Гэтэл өнөөгийн байдлаар ямар компани нь ЗГ-ын зээлд  хамрагдсан талаар иргэдэд  ямар ч мэдээлэлгүй байгаа нь  орон сууц зарагсдад олз болж, байртай болно гэх итгэлээр дүүрэн иргэдийн хувьд "хохь" болов. Өдгөө энэ тал дээр анхаарч ажиллаж буй хүн нэгээхэн ч алга.
 
Юманд учир, суманд гичир гэдэг дээ төр засгийн өндөрлөгүүд уг зээлд анхаарлаа хандуулж гарт баригдахгүй байрны үнийг тогтворжуулахад анхаарлаа хандуулах цаг нь тулгараад байна. Энэ мэтчилэн олон асуудал дагуулсан уг зээл алсдаа эзнээ олох эсэх нь эргэлзээтэй.
 
 
Түрийвчний бяд шалгасан зээл
 
Өнөөдөр Улаанбаатар хотод 317 мянган өрх байгаагаас 60 хувь нь буюу 190 мянга нь гэр хороололд шороо, утаа, нүүрсэн дунд амьдардаг. Гэтэл найман хувийн зээл гэх журам гарч эдгээр хүмүүсийг байртай болгоно гэх сайхан мэдээ гарсан боловч 30 хувийн урьдчилгаа, барьцаа гэх хэцүү нэр тэдэнд саад болж буй.
 
Өмнө нь ч бас зээлийн журам ийм л байсан. Гэхдээ өнөөдөр үнэтэй байрны зээлийн урьдчилгаа нь мэдээж ийм л байна. Учир нь энэ зээл хямд үнээр хүссэн байраа авах оломжийг олгож буй ч олон хүндрэлийг араасаа дагуулж буй.
 
Багахан тооцоог хийж үзье л дээ, та нэг метр квадрат нь хоёр саяын үнэтэй 60 ам метртэй байр авлаа гэж саналаа. Гэтэл 30 хувийн урьдчилгаа нь ойролцоогоор 38 сая төгрөг болно. Өдгөө төрийн албан хаагч, энгийн нэгэн гэр бүл, залуу гэр бүлийн дансанд ийм хэмжээний мөнгө бэлэн байна гэдэг бүтэшгүй.
 
Гэвч шинэ байранд гал голомтоо бадраах гэсэн хүмүүс элдэв арга сүвэгчилж, энд тэндээс цуглуулсан өнөөх "хэцүү нэрт" 30 хувийн урьдчилгаагаа 20 жилийн амьдралтайгаа хамт банкинд барьцаа болгож өвдөх, үхэх ч эрхгүй амьдарна гэвэл байр танайх гэж байгаа.
 
Энэ урт хугацаанд зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр байраа сольж хольж, зарж үрэх боломжгүй. Ажлын байраа ч хүссэнээрээ тэр бүр солиод байх бололцоогүй, байрны зээлээ хэл амгүй төлөөд байх баталгаатай цалин хэрэгтэй.
 
Чамд ямар ч асуудал тохиолдсон байсан энэ нь банкинд ямар ч падлийгүй, чи зөвхөн зээлээ төлөх л үүрэгтэй. Тэр ч бүү хэл мөнгөө зээлдүүлсэн банкинд танай гэр бүлийн амьдрал 20 жил хамаатай байх болно.
 
Шинэ хүүхэд мэндлэх тохиолдолд банкны зүгээс тийм ч дуртай биш байж мэдэхээр, учир нь зээлдэгчийн нуруун дээрх ачаа ихсэн, зээлээ төлөх чадвар буурах магадлал нэмэгдэх талтай гэнэ.
 
Энэ өнцгөөс авч үзвэл, 20 жилийн хугацаанд гэр бүл төлөвлөлтөө маш нарийн зохицуулах шаардлагатай болно гэсэн үг, олон хүүхэдтэй болох мөрөөдлөө 20 жил хойш тавьж байж сая л нэг насны сууцтай болох нь тэр. Үүгээр ч дуусаагүй. 30 хувийн урьдчилгааг олох гэж толгой өндийх завгүй гүйж байтал зээлийн эх үүсвэр болох 990 тэрбум дуусч байгаа гэх мэдээ чих дэлсэв.
 
Энэ мэдээнээс болоод иргэдийн эрэлт ихэсч, ямар ч хамаагүй аргаар дуусахаас өмнө байртай болохын тулд барьцаа хөрөнгөөрөө өрсөлдөх нь энүүхэнд ирж. Машин тэрэг, байр сав, хашаа хороо гээд шинэ байртай болохын хүслэнд автсан иргэд үр хүүхдээ ч барьцаанд тавих нь холгүй цаг ирчихэж.
 
Ж.Эрдэнэчимэг
 
Эх сурвалж: