sonin.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг Хүрмэн сумын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэлээ. Тухайлбал, сумын эмэгтэйчүүдийн дунд уран гартан уралдаан, гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн сумын аварга, баг байгууллагуудын дунд караоке дууны тэмцээн, ахмадуудын урлагийн тоглолтыг зохион байгуулсан.

Энэ үеэр ахмад 85 настай С.Жоовоо, Ц.Аюурзана нарыг сумын ИТХТ-ийн тогтоолоор сумын “Буурал ээж”-ээр өргөмжилсөнийг гардуулан өгсөн юм. Мөн сумын “Буянт ээж”-ээр Б.Сумъяа, С.Пүрэв, Н.Алтанцэцэг нарыг өргөмжилсөн бол үр хүүхдүүд, сумын төр олон нийтийн байгууллагаас Б.Долгор, Ц.Ням, Ц.Чимэд нарыг шагнаж урамшуулсныг гардуулав. Баярын үеэр СТА, ардын авьяастан Л.Цэцэгмаагийн нэрэмжит ардын дууны тэмцээн зохион байгуулж олон авьяастнууд оролцсон нь онцлогтой байлаа.

Монгол цэргийн баярын үеэр Хүрмэн сумын 2014 оны “Сумын аварга” шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг амжилттай зохион байгууллаа. Үндэсний бөхийн барилдаанд хоёр аймгийн найман сумаас нийт 40 бөх тойргоор барилдаж Хүрмэн сумын ЗДТГ-ын бөх сумын заан М.Батбуян 16 даван түрүүлсэн бол Даланзадгад сумын харьяат сумын заан Г.Жаргалсайхан үзүүрлэсэн.

Энэ удаагийн барилдаанаар эхний найман байрт найман сумын заан цолтой бөхчүүд шалгарч өндөр чансаатай барилдаан болсныг зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн энэ үеэр сумын аваргад зориулсан хүндэтгэл үзүүлэх нийтийн барилдаанд аймаг, сумын цолтой 32 шигшээ бөх барилдаж Хүрмэн сумын харьяат аймгийн арслан У.Батнасан түрүүлж, Хүрмэн сумын харьяат, аймгийн заан Г.Энх-Эрдэнэ үзүүрлэсэн.

Зэвсэгт хүчний 93 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрөөр Хүрмэнчүүд Зэвсэгт хүчний 252-р ангитай хамтарч цэрэг, спорт, урлагийн цогцолбор тэмцээний тусгай хөтөллбөр гаргаж зохион байгууллаа. Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчний 252-р ангийн ахлагч нарт “Дайчин алдар-1” медалиар нэг ахлагч, “Дайчин алдар-3” медалиар таван ахлагч, “Эх орны төлөө” медалиар зургаан ахлагч, “Ахлах ахлагч” цолоор нэг, ахлагч цолоор дөрвөн хүнийг шагнасныг сумын удирдлагууд гардуулан өглөө.

Түүнчлэн Монголын Залуучуудын холбооны шагнал “Халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгээр нэг, “Тэргүүний хилчин” тэмдгээр гурван хүнийг шагнасан байна. Цэрэг, урлаг, спортын цогцолбор тэмцээнд сумын албан газрууд, багууд, ААН, байр хорооллуудаас нийт найман баг оролцсоноос 1-р байрт Төрийн банк, “Эрдэнэсийн буян” ОНӨУГ, 2-р байрт Соёлын төвийн баг, 3-р байрт ЕБСургуулийн багууд тус тус шалгарсан. Хүрмэн сумын хувьд энэ жил Монгол цэргийн баярын өдрөө архигүй тэмдэглэн өнгөрүүлсэн нь онцлогтой байлаа.   

“Эртэч Сэврэй” сарын аян эхэллээ   

Өнгөрсөн сард аймгийн Төв номын сан “Эртэч Өмнөговьчууд” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг сонирхож буй ямар ч хүн оролцож болох бөгөөд тэд Ням гарагаас бусад өдөр өглөө 7 цагт аймгийн Төв номын санд цугларч харилцан мэдээлэл солилцон төрөл бүрийн сэдвээр ярилцдаг байна.

Тэгвэл энэхүү хөтөлбөрийг Сэврэйчүүд өөрийн сумандаа хэрэгжүүлж эхэллээ. Тодруулбал, “Эртэч Сэврэй” сарын аяныг зарласан байна. Аяныг энэ сарын 22-ноос эхэлсэн бөгөөд сумын иргэд өглөө эртлэн цугларч Монголын цахим түүх сонсож, өглөөний дасгал хийн Монгол бичгийн хичээлд суралцах зэрэг ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Сарын аяныг Сэврэй сумын ИТХ, ЗДТГ, ЭМТ болон ЕБС  хамтран зохион байгуулж байгаа аж.