sonin.mn
Зочид буудлуудад жилийн 7-9 хувийн хүүтэй 150 тэрбум төгрөгийг 30 гаруй байгууллагад зээлүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэлээ. Энэ тухай манай сонин өмнө нь болгоомжлуулан бичиж байсан. Ашиглалтад ороогүй буудлуудад олон тэрбум төгрөгийг хөнгөлттэй зээлэх, тодорхой хүрээнд Монголын зочид буудлуудын холбооноос сонгосон хэдэд зээл өгч байна. 
 
Энэ бол шударга өрсөлдөөнийг боомилсон явдал.Төрийн оролцоотой монополь гэдэг л энэ байх. Үүний ард ямар олон хуйвалдаан явсан бол гэж өөрийн эрхгүй бодогдох юм. Банкууд ийм төрлийн зээлийг багадаа л 26 хувийн хүүтэй гаргадаг. Бусад буудлуудыг үйлчилгээнээс шахсан зүйл л боллоо. 
 
Гадаадын өндөр дээд зочид нь манай автобусаар явахгүй, харин ч зам хаалгаж байгаад сүнгэнүүлж таарна. Өнөөдөр автобус баазын ажилчид ажил хаяснаас иргэд тодорхой чиглэлд амьдардаг бол бүтэн цаг алхаж гэртээ харьдаг боллоо. Нийслэл хотын бохирыг цэвэрлэх байгууламж нурж унах дөхлөө. 
 
Ус сувгийн удирдах газрын дарга нь өөрийн байгууллагын дотоод хөрөнгөнөөс 50 сая төгрөг гаргаж, гурав хоног Туулд бохир цутгаж байж засварлах юм ярьсан. Усанд сүү дусаадаггүй уламжлалтай монгол түмэн хатан Туулаа бохироор бялхуулах нь. Гаднаа нүүрээ гоодож байгаа ч дотооддоо олон асуудал байна, энэ хотод.
 
Хэдэн дарга сууж байгаад, хэдэн зочид буудлын захиралд өгчихөж байгаа мөнгөөр иргэдийг гэртээ харихдаа санаа зовохгүй хөл дүүжлэх нийтийн унаатай, урсгал усандаа бохиргүй байлгаж болох байлаа. Угаасаа л сүрхий буудлууд юм бол өөрсдөө л ор хөнжилдөө даавуу авна биз. Амьдрал мэдэхгүй дарга нар нэр төр хөөсөн шийдвэрээ гаргахад нь цочихоо ч байж дээ.
 
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин