sonin.mn

 

Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Үндэсний 4-р чуулганы хэвлэлийн бага хурал өнөөдөр БОНХАЖЯ-ны “Хаан” танхимд боллоо. Уг хуралд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн зохицуулагч Б.Оргил, Техникийн дэд зөвлөх П.Галрагчаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

Энэ удаагийн чуулган “Тусгай хамгаалалттай газар нутаг - Олон улсын болон Монгол улсын төрийн бодлого” сэдвийн хүрээнд энэ сарын 12, 13-ны өдөр Чингис зочид буудлын хурлын танхимд болно.

Тус чуулганы зорилго нь Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хөтөлбөр, олон улсын конвенцийг хэрэгжүүлэхэд салбарын оруулж буй хувь нэмрийг үнэлэх, түүний хамгаалалтын менежментийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтыг тодорхойлоход оршиж байгаа юм.

Уг чуулганд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд, холбогдох яамд, гадаад улсын элчин сайдын яамд болон олон улсын байгууллагууд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн төлөөлөл, Хамгаалалтын захиргаад, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Орчны бүсийн менежментийн зөвлөл, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, судлаачдын төлөөллийн нийт 280 орчим төлөөлөл оролцоно.

БОНХАЖЯ “Хаан танхим” 2015 оны 10 сарын 09-ны өдөр 11 цаг 30 минут