sonin.mn
...Би дөрвөн хүүхэдтэй,  жирийн л нэгэн ээж. Бусдын  адил үр хүүхдээ сайн хүн болгож, өсгөж,  хүмүүжүүлэхийн төлөө чадах мэдэх бүхнээ зориулж,  бас  чадахгүй, мэдэхгүй бүхнээ сурч, мэдэхийн төлөө өөрийгөө дайчилж яваа жирийн нэг эмэгтэй.
 
Айл гэрийн сайн эзэгтэй, сайн ээж байна гэдэг мэдээж амаргүй. Амралтгүй, цалингүй, үргэлжийн завгүй байдаг ганц ажил бол ээж болох гэдэг шүү дээ. Хүүхдээ хооллож, хувцаслах, ариун цэвэр сахиулах гээд ээжүүдийн хийдэг ажил тоолохын ч аргагүй их. Би тийм л завгүй ээжүүдийн нэг. Гэсэн ч ажилд дарагдаж, гэртээ шалтаг тоочиж суухыг хүсээгүй. Амьдралаа өөрчилж, мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн...хэмээн зоримогхон ярих энэ залуухан бүсгүй “Нобелийн шагналтнууд” хэмээх номын сангийн эрхлэгч  С.Батцэцэг.
 
Номонд дуртай энэ бүсгүй анх МҮОНРТ-ийн “Дөрвөн урилга” нэвтрүүлэгт оролцож байхад нь үзэгчийн хувиар эчнээ танилцаж байв. Дөрвөн хүүхэдтэй залуухан ээж, түмний хүүхдийн боловсрол мэдлэгт анхаарч, хувийн номын сан нээсэн гэдгийг нь сонсоод  үнэндээ гайхаж байв. Басхүү хэний төлөө, юуны төлөө энэ ээж ийм ажил санаачлан сэдэж явааг нь сонсох хүсэл төрж байсан ч олон ажил дунд цалгардсаар, олж уулзаж чадалгүй хоёр, гурван жил болжээ. Харин хэд хоногийн өмнө “Нобелийн шагналтнууд” хэмээх номын санг нь зорьж очив. Хоёр өрөө байраа зараад, хувьдаа номын сантай болсон энэ бүсгүйн ажил, амьдрал хэний ч анхаарлыг татах учраас  “Амьдралын тойрог”-тоо зочноор урьж, алс хэтийн төлөвлөгөөг нь хамт сонсож, амсхийх завгүй ажилладаг ээжүүдэд  санаа, сэдэл, урам зориг өгөхийг хүссэн юм. 
 
НОМЫН ГЭГЭЭ ЦАЦАРСАН ИХ ӨРГӨӨНД ЗОЧЛОВ
 
 
“Дэлхийн номын өдөр” -ийг угтан ЕБС-ийн сурагч О.Ариунзаяа, Э.Бэрцэцэг нар ном хандивлав.
 
 
“Нобелийн шагналт­нууд” хэмээх номын сан хотын төвд шахуу байрладаг юм байна. “Бөхийн өргөө”-ний зүүн талд байдаг учир хайгаад сүйд болсонгүй. Тэр хавийн хүүхдүүд ч андахгүй сайн мэддэг юм байна. Номын сан руу орвол, цэлийсэн том танхимд 2-3 охин хичээл хийж харагдана. Саруулхан том танхим нам гүмхэн гэж жигтэйхэн. Зургаан настай бяцхан охинд хичээл зааж буй бүсгүйгээс номын сангийн эзнийг асуувал “Түр гарсан. Та сонин, сэтгүүл уншаад хүлээж байх уу” гэж байна.  Номын санч бүсгүйг хүлээх зуур хоёр охинтой ч танилцаж амжив.
 
...“Бид хоёр ”Оюуны ундраа” дунд сургуулийн гуравдугаар ангийн сурагчид. Бас найзууд. Гэрийнхээ ойролцоо, сургуулийнхаа хажууд шинэ номын сантай болсондоо баяртай байна. Өмнө нь гэрийнхээ даалгаврыг гэртээ хийдэг байсан. Харин одоо найзтайгаа хамт номын санд хичээлээ давтдаг болсон. Мэдэхгүй зүйл байвал эндэхийн багш нараар заалгачихдаг юм. Аав, ээжээс ч илүү ойлгомжтой заадаг. Бид хичээлдээ ч сайжирч бай­гаа. Найз маань саяхнаас номын санд суудаг болсон” гээд хэвлүүхэн яриа дэлгэх аж. Удалгүй уулзах хүн минь ч ирж, уран зураг дэлгэсэн  их номын өргөөнд урт яриа дэлгэв.
 
“Нобелийн шагналт­нууд” хэмээх номын сан өмнө нь Баянзүрх дүүрэгт,  30 дугаар сургуулийн хойно байрладаг байж.  Харин саяхнаас “Бөхийн өргөө”-ний ойролцоо нүүж ирээд, төвхнөөд удаа­гүй байгаа нь энэ аж.  Гэсэн ч номын сан­гаар үйлчлүүлдэг байсан хүүхдүүд хэдэн буудал ажрахгүй явж ирээд, номоо уншдаг хэвээрээ байна. Биднийг ярьж суух хооронд эндэхийн байнгын үйлчүүлэгч болсон номын хорхойт­нууд цуварсаар орж ирэв. Гол төлөв 3-5 дугаар ангийнхан ордог аж. Тэд хэзээний сурамгай хэд, хэдэн ном аваад, ширээнд тухлав. Үймж шуугих чимээ гаргахгүй, үлгэрийн ном уншиж, зарим нь хичээлээ давтана. 
 
Шинэ байранд нүүж ирээд удаагүй ч эднийх  шинэ үйлчлүүлэгчидтэй болоод амжиж. Хажуудаа сургууль, цэцэрлэгтэй ойрхон учраас хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд ч орж, гарах нь  элбэг юм.
 
ХҮҮГИЙНХЭЭ  “ЯАГААД” ГЭДЭГ АСУУЛТЫН ХАРИУГ ЭНДЭЭС ОЛСОН
 
 
Уншигч багачуудын дунд уран зураг, яруу найраг, хурдан уншлагын аварга тодруулах зэрэг төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулагддаг.
 
Сэрдамбын Батцэцэг хэмээх энэ бүсгүй нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг аж. Нөхөр нь урлаг судлаач, уран бүтээлч зураач, дизайнер Мягмаржавын Ганбат гэж залуу байна. Том хүү нь 12 настай, одоо дөрөвдүгээр ангид сурдаг.  Дунд хүү нь есөн настай. Дараагийн хүү нь таван настай. Бага нь гурван настай. Тэрсхэн өсч яваа, бага насны дөрвөн хүүхэдтэй юм.  Харин түүнтэй яриад суухад анхаарал, халамж хамгийн их шаардагддаг бяцхан залууст  түүртсэн шинж ердөө алга. Харин ч өөрөө хүүхэд шигээ сэргэлэн цовоо, ихийг хийж бүтээх гэсэн ирмүүн их хүсэлтэй юм.
 
 
Уран бүтээлч М.Ганбат бүтээл бүртээ үндэсний соёл урлагаа хайрлан хамгаалахыг тусгаж өгдөг.
 
Тэрээр номын сан байгуулах болсон “шалтгаан”-аа дурдаж, сонирхолтой түүх сөхөв.“...Би эмээтэйгээ өссөн. Бага байхын номонд дуртай хүүхэд байлаа. Эмээ минь Б.Цэдэвсүрэн гэж Ховд аймгийн Манхан сумын хүн байлаа. Миний ном унших хүслийг их дэмжинэ. Олон сайхан ном авч өгдөг, бас үлгэр уншиж өгдөг байсан. Хүү­хэд байхдаа хүссэн номоо дур зоргоороо олж уншдаг байсан бол сургууль төгсөөд чөлөөт цаг минь жаахан хумигдсан. 
 
Ээж эмч, аав цэргийн хүн байсан болохоор аав, ээжийн минь ажил их, хүүхдэдээ зарцуулах цаг, зав бага байдаг байлаа.  Дээрээс нь бүх юм өөрийн гэсэн дэг журамтай байдаг байсан. Тэгээд сургуулиа ч төгслөө. 1990-ээд он гарч, зах зээл эхлэх үед  амьдрахын эрхээр зах дээр гарч наймаа хийсэн. Ном унших хүсэл төрсөн ч ажил, амьдралдаа түүртээд сонирхсон номоо олж уншиж чаддаггүй байв.Тэгээд 2005 онд нөхөртэйгөө танилцаж,  хөтлөлцөж гүйсээр айл болж, 2006 онд том хүүгээ төрүүлсэн. 2012 онд том хүү минь сургуульд орсон. Яг л тэр үеэс бодож, мөрөөдөж байсан хүслээ биелүүлэхийг хүссэн.  Том хүү маань “Яагаад” гэдэг асуултыг маш их асуудаг хүүхэд байсан.  Хүүхэд хэзээний л юмны учрыг олох гэсэн сониуч зантай шүү дээ. Хүү минь маш их юм асууна. Харин би бага хариулдаг байв.
 
Тэгээд дээрээс нь  ганц манай хүүхэд  ч биш, ер нь сургуулийн насныханд  ном унших, чөлөөт цагаа зөв өнгөрөөх орчин байдаггүй юм байна гэдгийг гэр, сургууль хоёрын хооронд хүүхдээ зөөгөөд явах бүртээ анзаарч хардаг байв.  Тэгээд л “Хүсээд байгаа тэр орчныг яагаад өөрөө бүрдүүлж  болохгүй гэж. Яагаад заавал, төр засгаас бүхнийг харж, хүлээж суух ёстой гэж”...гэж бодоод, өөрөө энэ асуултынхаа хариуг олох гэж,  номын сан нээхээр шийдсэн” гэв.
 
Номын сантай болох тухайгаа нөхөртэйгөө, найзуудтайгаа зөвшил­цөхөд бүгд дэмжсэн. Бас цөөнгүй хүнээс судалгаа авахад бүгд дэмжсэн.  Хүүхдийг зөв хүмүүжүүлэх өөр бусад гаргалгаа юу байхыг ч бас бодож эргэцүүлэв. Гэтэл хүүхэд хамгийн тайван,  чөлөөтэй суух орчин ганцхан номын сан гэхээс өөр зүйл бодогдсонгүй. Номын санд  хүүхэд зөв хүмүүжинэ. Сууж сурна. Бясалгаж сурна, өөрийгөө олно. Сахилга бат, дэг журам бүхнийг сурна. Хүүхдийг зөв хүмүүжүүлэх суурь зөвхөн эндээс л бүрдэх юм шиг санагдсан. Тэгээд  л нөхөр маань номын сан нээх миний саналыг дэмжсэн дээ гэв.
 
ХОЁР ӨРӨӨ БАЙРАА ЗАРААД, НОМЫН САНТАЙ БОЛОВ
 
 
Хүүхдийн номын санг үүсгэн байгуулагч М.Ганбатынх ам бүл зургуулаа. Үдэш бүр үлгэр уншуулдаг хүүхдүүд нь энэ номын сангийн бяцхан үйлчлүүлэгчид байдаг.
 
 
Хүсэлд хязгаар үгүй ч, боломж түүнийг  үргэлж хазаарлаж байдаг. Түүний  нэгэн адил номонд дурлагч бүсгүйн нөхөртэйгөө, найзуудайгаа зөвшилцсөн хүсэл мөрөөдлийг  мөнгө, санхүүгийн асуудал боомилжээ. Айл болоод удаагүй залуу хосод аав, ээжээс өгсөн хоёр өрөө байраас өөр өмч хөрөнгө байсангүй. Ингээд  элдвийг бодож, суухдаа хоёулаа хоёр өрөө байраа зарж, гэр хороолол руу нүүхээр шийджээ. 
 
С.Батцэцэгийн нөхөр уран бүтээлч, урлагийн хүн учраас аливаад их мэдрэмжтэй ханддаг.  Айл гэрийн баяр баясал хоёр биенээ ойлгохоос эхэлдэг. Аз жаргалтай амьдрал сэтгэлийн гэрлээс улбаатай гэдгийг мэддэг учраас эхнэрийнхээ саналыг  дэмжиж, ийм шийдвэр гаргажээ. Ингээд хоёулаа нэгэнт шийдсэнийх хоёр өрөө байраа зарж,  хашаа байшин аваад, үлдсэн мөнгөөр нь номын сангаа нээсэн байна.
 
Мэдээж айл болоод удаагүй залуу хосод орох оронгоо зараад, оронд нь номын сан нээнэ гэхээр амар  хялбар байгаагүй  байх. Яагаад ийм шийдвэр гаргасныг нь лавлахад “ Би багаасаа номтой нөхөрлөсөн. Эмээгийн минь хүүхэд хүмүүжүүлэх ухаан надад их нөлөөлсөн гэж боддог юм. Дээрээс нь, том хүүгээ төрүүлснээс хойш нэг зүйлийг их сайн ойлгосон. Бодож, санасан зүйлээ хэрэгжүүлж чадахгүй. Хүссэн зүйлдээ хүрч чадахгүй. Би энэ хэвээрээ байгаад байвал миний хүүхдүүд ч бас  над шиг өснө гэж бодохоор надад  харамсалтай санагдсан. Ямар нэгэн зүйл хийхгүй бол болохгүй гэж бодогдсон. Тэгээд л ийм шийдвэр гаргасан”гэсэн юм. Аав, ээждээ хэр загнуулав гэвэл “ Мэдээж, хоёр талын аав, ээж минь их гайхсан. Орох оронгоо зараад, ийм зүйл хийх гэж байдаг гээд гайхсан, загнах нь ч загнасан. Харин одоо бол огт өөрөөр хүлээж авдаг болсон. Хийж байгаа ажлыг минь бүгд дэмждэг.  “Номын цагаан буян болж бүтнэ” гээд бидний ажлаар бахархдаг юм.
 
Хүн хийхийг хүссэн, зорьсон зүйлдээ хүрэхийн тулд зориглох  хэрэгтэй юм билээ.  Аав, ээж минь бидний хийж буй ажлыг дэмжиж, тусална. Биднээр бахархаж байгааг нь харах сайхан байдаг юм. Харин заримдаа аав, ээжээс өгсөн гэр  орноо зарж, үрээд гомдсон болов уу гээд дотроо жаахан санаа зовдог юм” гэв.
 
ХЭТИЙН ЗОРИЛГО МИНЬ ИРЭЭДҮЙН НОБЕЛИЙН ШАГНАЛТНЫГ ЭНДЭЭС ТӨРҮҮЛЭХ
 
 
С.Батцэцэгийн нөхөр бие даасан чөлөөт уран бүтээлч. Тэрээр саяхан “Монгол билэгдлээ дээдэлье” зургийн үзэсгэлэнгээ гаргажээ.
 
Магадгүй зарим хүн гайхаж байгаа байх. Техник, технологи хөгжиж, хүмүүс зурагт, компьютер, интернэтээс бүх мэдээллээ авч байхад, гэр орноо заран байж, номын сан нээх нь хачирхалтай санагдаж болох. Мөн зузаан ном уншиж суух нь цагийн гарз юм шиг санагдаж байж ч болох.  Тэгвэл номын санч бүсгүй ном уншихын ач тусыг ингэж тайлбарлаж байна. Яг л Томс Фрийдманы бичсэн шиг дэлхий бөөрөнхий биш, дэлхий зүгээр л хавтгай, тэрхүү хавтгайлагч хүчин бол ном гэсэнтэй адил, утга дүйх тодорхойлолтыг хэлэв. Тэрээр “Ном хүний амьдралд их зүйлийг зааж сургадаг. Ихэнх хүн амьдралынхаа туршлагаас үүдэн өөрийгөө овоо гайгүй мэдлэгтэй болчихлоо гэж боддог. Гэтэл хүн унших тусмаа,  илүү ихийг мэдэх тусмаа мэддэггүй маш олон зүйл байдаг гэдгийг ухаардаг.  Ном хүнийг бүтээлч болгодог. Ном хүнийг ярьж, бичиж, бодож сэтгэхэд тусладаг. Ном их уншсан хүн насан туршдаа түүнээсээ суралцаж, амьдралаа харамсахааргүй үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг. Номын ач тусыг өгүүлж баршгүй олон. Тийм болохоор бусдын төлөө ч бас ийм шийдвэрийг гаргасан гэж ойлгож болно” гэсэн юм.
 
“Нобелийн шагналтнууд” номын сан анх 2012 онд үүдээ нээжээ.  Анх  ердөө наймхан ширээтэй, 16 хүүхэд сууж үйлчлүүлэх боломжтой, жижигхэн өрөөнд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тэр үед 50 ширхэг номтой байсан бол одоо номын фонд нь аривжаад, 2500 гаруй номтой болжээ. Номын сангаар үйлчлүүлэх хүүхдүүд нь ч багтахаа больж, уншлагын танхимаа томруулах шаардлагатай болжээ. Ингээд л буурь сэлгэж “Бөхийн өргөө”-ний ойролцоо нүүж ирсэн байна.
 
Эднийх өмнө нь 30 дугаар сургуулийн дөнгөж ардхан талд байсан болохоор хүүхдүүд их орж ирдэг байж. Хичээлээ дөнгөж тарав уу, үгүй юу хичээлээ хийхээр, номоо уншихаар, зарим нь гэрийн даалгавраа нийлж хийхээр, ангиараа шахам орж ирдэг. Одоо ч гэсэн хэдэн буудлын наана цаана, хол ойр гэлтгүй номын сангаа зорин ирдэг хүүхэд олон бий гэж байв.  Гэхдээ яг номонд хорхойтой, номонд соронзон мэт татагдсан хүүхдүүд л зорьж ирдэг юм.  Хотын захын дүүргээс, Улиастай, Улаан-хуарангаас ирж ном уншдаг хүүхэд олон бий гэж байв. “Нобелийн шагналтнууд” хэмээх содон нэрний тухайд  С.Батцэцэг хэлэхдээ “Номын сандаа нэр өгөх гэж нэлээд бодсон. Хүүхдэдээ нэр өгөх гэж байгаа хүн шиг бодож, бодож “Нобелийн шагналтнууд” гэдэг  нэрийг өгсөн.  Ном их уншсан хүүхэд ухаантай хүн болж өсдөг. Ирээдүйд миний номын сангаас Нобелийн шагналтан төрөөсэй гэж билэгдэж, энэ нэрийг өгсөн” гэж байв.
 
Шинэ номын сангийн уншлагын танхим зай талбайн хувьд өмнөхөөсөө арай томорчээ. Одоо нэг ээлжиндээ  30 хүүхэд суух 15 ширээтэй болсон байна.  Үйл ажиллагаа нь ч  өргөжиж,  дотроо хэд хэдэн дугуйлантай болжээ.  Англи хэлний дугуйлан, монгол хэлний зөв бичгийн дугуйлан, шатар даам,  зургийн дугуйлан, ээжүүдийн дугуйлан хичээллүүлдэг юм байна.
 
С.Батцэцэг өөрөө англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Англи хэлнийхээ дугуйланг өөрөө хичээллүүлдэг. Мөн гаднаас багш урьж  багшлуулдаг аж. Түүний нөхөр М.Ганбат  Дүрслэх урлагийн дээд сургууль, СУИС-ийг төгссөн. Зураач, дизайнер хүн учраас зургийн дугуйланг нь хичээллүүлдэг гэж байв. Харин шатар, даам, монгол хэлний зөв бичгийн дугуйланд нь Монгол Улсын гавьяат багш нар хичээл заадаг ажээ. Сарын төлбөр нь  50 мянган төгрөг.  Сургалтын төлбөрөө  багш нараа цалинжуулах, номын сангийнхаа сарын түрээсийг төлөхөд зарцуулдаг юм байна.
 
Номын сан гэдэг ашгийн бус байгууллага. Тэр утгаараа  худалдаа наймаа хийж, хэдэн төгрөг эргэлдүүлэхтэй огт адилгүй.  Ашиг харах аль эсвэл мөнгөн хуримтлал үүсгэх ямар ч боломжгүй. Тийм болохоор залуу хосууд аргагүйн эрхэнд буурь сэлгэж, номын сангаа нүүлгэхэд хүрчээ. Уг нь үйлчлүүлэгч хүүхдүүдээ хүндэтгээд, хуучин байсан газраа томоохон оффис хайсан ч олдоогүй. Олдсон заримынх нь түрээсийн төлбөр өндөр.
 
Сарын түрээс нь таван сая төгрөг гэж байсан болохоор аргагүйн эрхэнд энд нүүж иржээ. Шинээр төвхнөсөн газар нь ч аятайхан юм. Аз болоход, түрээслэгч эзэн нь боловсрол, мэдлэгтэй нэгэн таарч, сарын түрээснийхээ үнийг хөнгөлж, хоёр сая төгрөгөөр тохирчээ. Ажил үйлс минь бүтэмжтэй сайхан байна. Алсдаа сарын  түрээсийг минь хөнгөлөөд өгөх буянтай байгууллага гарч ирэх байх аа гэж бодоод, болж бүтэхээр нь зохицуулаад гүйж явдаг юм.  Болно, бүтнэ. Би чадна гээд явж байхад болно доо хэмээн номын санч бүсгүй сэтгэгд­лээ бидэнтэй хуваалцсан.
 
УРЛАГИЙН ОДОД “ҮЛГЭРИЙН ЦАГ”-ААР УНШИГЧ ХҮҮХДҮҮДТЭЙ УУЛЗДАГ
 
 
Хүүхдийн номын сан бямба гариг бүр олны танил хүмүүсийг “Үлгэрийн цаг”-таа урьдаг. Саяхан дуучин Б.Сарантуяа уншигч хүүхдүүдтэй уулзжээ.
...Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн
 
Номыг унших нь тэнгэрт нисч, дэлхийг тойрч, далайд шумбах мэт…хэмээн Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуай нэгэнтээ хэлсэн байдаг. Тиймээс  номын  амт шимт, номоос авах  мэдлэгийг  хүүхэд багачуудад цэгцтэй өгөхийн тулд номын санч бүсгүй бас уйгагүй ажилладаг аж. Номын сандаа олон арга хэмжээ зохион байгуулж,  уншигч хүүхдүүдийг урлаг соёлын алдартнуудтай уулзуулдаг юм байна.
 
Ирсэн зочид нь “Үлгэрийн цаг”-т уригдаж, номын сайн нөхдөд үлгэр уншиж өгдөг.  Мөн хүүхэд насныхаа хөгжилтэй дурсамжийг хуваалцаж, ном уншихын ач холбогдол, бидэнд өгөх ач тусын талаар ярьдаг гэж байсан. Хамгийн сүүлд хүүхэд, багачуудын сайн таних реппер Jee, дуучин Б.Сарантуяа, дуучин Т.Ариунаа, хошин урлагийн жүжигчин, Д.Түвшинтөр буюу Төөтөө зэрэг олны танил хүмүүс тэдний урилгыг хүлээн авч,  уншигч багачуудтай уулзжээ. “Номын ертөнц” ТББ-ын захирал Б.Сувд хүрэлцэн ирж, нэвтрүүлэг бэлтгээд явсан байна. Хүүхэд, багачуудын сайн  танил Бонго,Можух,Мишээл гурав ирж, үлгэр уншаад явжээ. Өнгөрсөн намар номын сангийн байнгын үйлчлүүлэгч хүүхдүүдтэйгээ нийлж, үндэсний  цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан байна. Уншигч багачуудаа нийгмийн идэвхтэй болгох гэж төрөл бүрийн шинэ сонин зүйл санаачлан хийдэг.
 
“Төр засгаас бүхнийг харсан, хүлээсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй нэгэн битгий болоосой. Зорилготой, тэмүүлэлтэй байж чадвал амжилтад хүрч болдог гэдгийг ха­раа­сай, мэдрээсэй, ойл­гоо­сой. Бүхнийг өөрс­дөөсөө эхлээсэй гэсэндээ багачууддаа урам өгч, хүсэл сонирхлыг нь өдөөсөн олон ажил хамтарч хийх дуртай” гэж байв. Мөн эцэг, эхчүүдэд хүүхэдтэйгээ харьцах арга барил, хүүхдээ бүтээлч болгох сэтгэлзүйн зөвлөгөө,  шинэ сонин санаачлагыг өгдөг.  Энэ арга хэмжээнд ээж аавууд ч идэвхтэй оролцдог. Ойрол­цоогоор 200 гаруй хүн ирж оролцсон гэж байв.
 
“Ээж, аав болгон хүүхдээ сайн хүн болоосой гэж боддог.  Хүүхдийнхээ боловсрол мэдлэгт анхаардаг аав, ээжүүд ч  олон болсон. Тийм болохоор би ч гэсэн номыг цэгцтэй уншихад нь туслах гэж  хүүхдүүддээ заавал унших номын жагсаалт  гаргасан.  Гарт таарсан бүхнээ шүүрч аваад унших нь тийм ч таатай зүйл биш.
 
Эмх цэгцтэй мэдлэг олж авъя гэвэл номыг эхнээс нь цэгцтэй унших хэрэгтэй. Би уншигч хүүхдүүддээ зууны шилдэг бүтээлүүдийг уншуу­лах, амьдралд ухаарал хайрласан, амьдралын мөн чанарыг таньсан ном уншуулахыг хичээдэг. Ном их уншдаг, номын утга учрыг тунгааж уншдаг, сууж сурсан, суурь хүмүүжил сайтай хүүхдүүд амьдралд цаашдаа алзахгүй. Номоос өөрт хэрэгтэй  олон зүйлийг сурч мэдэж авна. Ном уншдаг хүүхдүүдийн хэлж ярих, бодож сэтгэх  нь хүртэл бусдаас өөр байдаг. Ярих яриа нь хүртэл цэгцтэй байдаг. Номоос авах, амьдралдаа хэрэгжүүлэх зүйл олон бий гэж номоо олонтаа магтах ажээ.
 
“НОМОО ХАЙРЛАЖ УНШААРАЙ. НАМАЙГ БИТГИЙ УРЖ ТАСДААРАЙ”
 
Ном уншихад учир бий. Ном уншуулах гэж бүхнээ зориулж суухад, номыг нь урж, тасдаад хаях, авч яваад алга болгох дэггүй нөхөд олон бий. Тэдэн бас ухаарал хайрлахаа мартаагүй. Түмний хүүхдийг өөрийнхөө хүүхэд шиг санах энэ бүсгүй номыг ариг гамтай уншуулахын тулд  хүүхдүүдэд бас бяцхан ухуулга сурталчилгаа хийж, янз бүрийн арга хэмжээ зохиодог аж. . Дунд сургуулиудаар явж, номын аян зохион байгуулна.
 
 Номын баг хийгээд ангиудаар явж, хүүхдүүдтэй ярилцана. “Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ. Би та нарын найз байна. Номоо хайрлаж уншаарай. Намайг битгий урж тасдаарай” гээд номтой нь яриулна. Номын сандаа хүүхдүүдийг  дагуулж ирээд, номтой зөв харьцах, номыг ариг гамтай эдлэх талаар зааж, сургана гээд түүний ажил бас тоймгүй  их. Энэ их ажлынхаа хажуугаар ээжүүдийг ч бас мартахгүй, тэдэнд бас цаг зарцуулна. 
 
Ялангуяа, бага насны хүүхдээ хараад гэртээ суудаг ээжүүд  хүүхэд харах  их ажлынхаа хажуугаар өөртөө цаг зав гаргах, шинэ зүйл сурах нь ховор байдаг. Үүнд зарим ээжүүд санаа сэтгэлээр унах, гуньж гутрах  явдал ч байдаг. Тэгвэл бага насны хүүхдээ хүүхдийн өрөөнд тоглож байх хооронд ээжүүдийн дугуйланд хамрагдаж, шүр сувдаар юм хэлхэж, шинийг сурах, гар урлал хийх боломжоор хангаж өгсөн байна. Энд сурсан хийсэн бүтээлээ гэртээ өөртөө ашиглах,  шинэ юм сурах, сурсан хийсэн зүйлсээрээ үзэсгэлэнд оролцох, зарж борлуулаад өөрсдийгөө урамшуулаад, бага ч гэсэн орлого олоосоой гэж бодож, энэ дугуйланг хичээллүүлдэг юм гэж байв.
 
Урланд явдаг бүсгүйчүүд маань өнгөрсөн жил нэг үзэсгэлэнд өөрсдийн хийсэн бүтээлээрээ оролцсон. Шүр сувдаар хийсэн бүтээлүүдээ зарж борлуулсан гэж байв. Харин энд нүүж ирсэнээс хойш, ээжүүд маань холоос зорьж ирэх нь багасчээ. Өмнө нь 10 гаруй ээж тогтмол энэ дугуйланд явдаг байсан.Дугуйлан маань зуны гурван сард ажилладаг. Дугуйлангийн багш Алтанцэцэг янз бүрийн шинэ сонин зүйлсийг зааж сургадаг учир залуу ээжүүд маань сэтгэгдэл их өндөр оролцдог байлаа гэв.
 
НОМ БОЛ ЭРДЭМТНИЙГ ТӨРҮҮЛДЭГ ИХ БАГШ
 
Эцэст нь “Ном бол их мэдэгч. Тэр бүхнийг чамд зааж өгнө” хэмээн сэтгэлгээний орон зайд сэлүүрдэж яваа залуухан бүсгүйгээс хувийн амьдралдаа баримталдаг дүрэм, журам хийгээд хүүхдүүддээ зарцуулдаг цаг, завыг нь асууж сонирхлоо.
 
-Хүүхдүүд маань тэрс­хэн өсч яваа хөдөлгөөнтэй, сэргэлэн. Нэг хэсэг гэртээ суугаад хүүхдүүдээ хардаг байхад мөн ч хэцүүхэн байсан шүү. Хийгээд л байгаа хэрнээ өдөржин завгүй байдаг байлаа. Хүүхэд бүрийнхээ онцлогт тохируулж харьцах, тэднийгээ зөв хүмүүжүүлэх гэж хичээх, ар гэрийнхээ ажлыг зохицуулахаас эхлээд ээж хүний ажил тоймгүй их. Тэгээд гэрт сууж байх хугацаандаа би нэг зүйлийг их сайн ойлгосон. Хүн цагийг маш зөв хуваарилах хэрэгтэй юм байна. Өөрт хэрэгтэй зүйлд цагаа зөв зарцуулах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Жишээ нь, өдрийн 24 цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд, шөнийн найман цагт нь маш сайн унтаж амрах хэрэгтэй юм байна. Өдрийн найман цагт нь маш сайн ажил хийх, ажиллах, суралцах ёстой юм байна. Оройн найман цагийг гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах ёстой юм байна гэдгийг  ойлгосон. Өөрийнхөө хувийн амьдралдаа энэ бүх дүрмээ ажил хэрэг болгож хэвшүүлсэн.
 
Жишээ нь, би өглөө 07:00 цагт босоод, өөртөө цаг гаргаж  фитнесст явдаг. Буцаж ирээд өглөө 1-2 цагийг гэр бүлдээ зарцуулдаг. 11:00 цагаас эхлээд хүүхдүүдтэйгээ хичээлд нь явна. Өдөр 15:00 цагаас ажлаа зохицуулаад  хүүхдүүдээ авна.  Ажлын цагтаа яг таг номын сангаар үйлчлүүлж буй хүүхдүүддээ анхаарал тавина.  Хүүхдүүдийнхээ хичээл, гэрийн даалгаврыг нь дугуйлангийнхаа багш нартай хамтарч заана. Манай номын санд гэрийн даалгавраа хийх, хичээлээ давтах гэж олон хүүхэд ирдэг. Тэдэнд тусална. Мэдэхгүй зүйлийг нь зааж өгнө. Номын сангийнхаа хуваарийн дагуу зохион байгуулах ажлаа уншигч хүүхдүүдтэйгээ хамтарч хийнэ гэх мэтчилэн өдөр тутмын ажил маань амсхийх завгүй  өнгөрдөг.
 
Орой 18:00 цагт бүх ажлаа дуусгана. Оройн хоолоо 19:00 цагт идээд, 20:00- 21:00 цагийн хооронд хүүхдүүддээ үлгэр уншиж өгдөг. Ядарч байна гэж нэг ч өдөр цааргалж байгаагүй. Хүүхдүүддээ үлгэр уншиж өгөх нь миний хамгийн дуртай ажлуудын нэг. Гэр бүлээрээ үлгэрээ сонсоно.
 
Тэгээд  22:00 цагт бүгд  унтана даа. Гэр бүлдээ цагийн хуваарьтай байх нь ажил, амралт хоёроо зөв зохицуулахад их тусалдаг гэв. Ингээд ярианыхаа төгсгөлд номыг шимтэн уншигч хэн бүхэнд орой нь үл харагдах их номын оргил руу үргэлж өгсөж, тэмүүлж амьдраарай гэж захив.
 
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин