sonin.mn

БЕРЛИН, 2025 оны тавдугаар сарын 6 /Reuters/. Германы консерватив үзэлтэн Фридрих Мерц Европын хамгийн том эдийн засгийг шинэчлэхийн тулд шуурхай ажиллахаа амлажээ. Тэрбээр канцлерын тангараг өргөж, зүүний төвийн үзэл баримтлал бүхий Социал-Демократ намтай /SPD/ байгуулсан эвслийн тэргүүнээр ажиллахаас нэг өдрийн өмнө ийнхүү мэдэгдсэн байна. Энэ оны хоёрдугаар сард болсон сонгуульд Христийн ардчилсан холбоо/Христийн нийгмийн холбоо /CDU/CSU/ консерватив эвслийг удирдан ялалт байгуулсан Ф.Мерц болон Социал-Демократ намын удирдагчид ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөгөө тодорхойлсон эвслийн гэрээнд даваа гарагт гарын үсэг зуржээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын ногдуулсан татвараас үүдэлтэй дэлхийн худалдааны дайн нь хямралын эрсдэлийг үүсгэж буй энэ үед хоёр нам Германы эдийн засгийн өсөлтийг сэргээх, батлан ​​хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх зорилго тавьсан байна.


“Шинэчлэл, хөрөнгө оруулалтын тусламжтайгаар Германыг урагшлуулан хөгжүүлж чадах засгийн газар маргааш бүрдэнэ. Шинэ засгийн газрын дуу хоолой Европт төдийгүй дэлхий дахинд сонсогдох болно” гэж Ф.Мерц хэлжээ. Өнгөрсөн 11 дүгээр сард Канцлер О.Шольцын гурван талт эвсэл задарсны дараа ийнхүү түүний засгийн газар байгуулагдаж байгаа юм. Даваа гаргийн өглөө Социал-Демократ нам шинэ болон олонд танигдсан хүмүүсээс бүрдсэн Засгийн газрын гишүүдээ танилцуулжээ. Тус нам өнгөрсөн долоо хоногт 47 настай Ларс Клингбайль Сангийн яамыг удирдана гэдгийг мэдэгдсэн байна. Хоёрдугаар сарын 23-нд болсон сонгуульд Социал-Демократ нам тун тааруу оролцсоны дараа албан тушаалдаа хэвээр үлдэх цорын ганц сайд нь 65 настай Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус юм.


2023 оны нэгдүгээр сараас хойш сайдаар ажиллаж байгаа Б.Писториус үндэсний аюулгүй байдлын асуудлаар хатуу байр суурь баримталдаг гэдгээрээ алдартай. Тэрбээр Оросын зүгээс учрах аюулыг сөрөн зогсохын тулд Герман улс 2029 он гэхэд дайнд бэлэн байх ёстой гэж хэлсэн юм. 


Мөн Социал-Демократ намаас Бундестагийн ерөнхийлөгч асан, 57 настай Бербель Басыг Хөдөлмөрийн сайдаар, Зүүн Германы асуудал эрхэлсэн комиссар асан, 49 настай Карстен Шнайдерыг Байгаль орчин, уур амьсгалыг хамгаалах шинэ яамыг удирдуулахаар, мөн Интеграцийн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга асан, 35 настай Рим Алабали-Радованыг Хөгжлийн сайдаар тус тус томилжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг