sonin.mn

Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Уул уурхайн зохистой хэрэглээ – Иргэдийн оролцоог дэмжих зөвлөл”-өөс “Уул уурхайн зохистой хэрэглээ – Иргэдийн оролцоог дэмжих зөвлөл”-ийн тэргүүн Б.Цэрэндорж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ төлөөлөгч А.Бүддорж нар төлөөлж... хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “Оюут-Улаан” ХХК-ийн ашиглаж буй “Хармагтай” ордын үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны доройтол, ус, газар ашиглалтын маргаан, гадаадын хөрөнгө оруулалтын хэт хамаарлаас үүдэн үүсч болзошгүй үндэсний аюулгүй байдлын эрсдлийн талаар байр сууриа илэрхийллээ.


Тус зөвлөлөөс Монгол Улсын Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудын хүрээнд стратегийн ордод төрийн хяналт, зохицуулалт зайлшгүй шаардлагатайг онцолж, “Хармагтай” ордыг стратегийн ордын жагсаалтад нэн яаралтай хамруулах, гадаадын хөрөнгө оруулалтад хэт хамааралтай байдалд бодит зохицуулалт хийхийг шаардаж байна.


Одоогийн байдлаар “Хармагтай” ордын гол хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын төрийн дэмжлэгтэй “Zijin Mining Group” бөгөөд уг компанийн хөрөнгө оруулалтын давамгайлал нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг санууллаа.


Зөвлөлөөс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох төрийн байгууллагуудад хандан дараах шаардлагыг хүргүүлж байгааг мэдээлэв. Үүнд:


“Хармагтай” ордыг стратегийн ордод яаралтай хамруулах;


Төрийн хяналт, оролцоог бодитоор хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;


Гадаадын хөрөнгө оруулалтад хэт хамаарал үүсгэхгүй байх бодлогын шийдвэр гаргах.


Тус зөвлөл нь байгаль орчны тэнцвэртэй байдал, нийгмийн хариуцлагатай уул уурхай, иргэдийн оролцоог хангах зарчмуудыг баримтлан цаашид энэ асуудлаар олон нийтийн мэдээлэл, хэлэлцүүлгийг зохион байгуулахаа илэрхийлэв.


Энэ үеэрээ тэд: "Хармагтайн ордыг “Занаду майнз” гэдэг Австралийн хөрөнгө оруулалттай компани 50 сая ам.доллараар зарахаар төлөвлөж байгаа гэдэг мэдээлэл бий.Улаанбаатар хотоос 680 орчим км, Оюутолгойн ордоос хойш зүгт 120 км-т , Дундговь аймгийн Өлзийт, Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумын зааг нутагт нийтдээ 6882 га талбайг хамарч оршдог ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй орд. Энэ ордыг сүүлийн үед Хятадын компанид зарах гэж байгаа. Иймээс энэ ордыг стратегийн орд болгох ажлаа улс эхлүүлэх хэрэгтэй. Энэ орчимд Хятадууд судалгааны чиглэл гэх нэрээр газар аваад байгаа.


Хамартайг ордыг тойрсон газруудыг Хятадууд аваад байгаа. Үүнийг хуулийн байгууллага шалгах хэрэгтэй. 47-р өргөрөгийн бүрэн бүтэн байдал алдагдаж, гадны компаниудад очоод байна.


Оюутолгойн ордоос 15 дахин том, алт, зэсийн орд Хармагтайн ордыг Хятадын “Зизи Жин” компанид 50 сая доллараар зарах гэж байна. Энэ компани нь Хятадын төрийн өмчийн оролцоотой юм билээ. “Занаду майнз” компаний захирал нь н.Ганбаяр гэж хүн бий. Ард нь УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг байдаг гэлцдэг. Ц.Цэрэнпунцагийн ард Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди байгаа болов уу? Энэ ордыг стратегийн ордын жагсаалтад оруулах хэрэгтэй” гэв.


Н.Отгон