
БУХАРЕСТ, 2025 оны тавдугаар сарын 5 /Anadolu/. Румын улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хэт барууны үзэл баримтлагч нэр дэвшигч Жорж Симион тэргүүлж байгааг тус улсын сонгуулийн хорооноос ням гаргийн орой танилцуулсан дүн харуулжээ.
Нийт саналын хуудсын 70 гаруй хувийг тоолсны дараах байдлаар “Румынчуудын нэгдлийн төлөөх эвсэл” намаас нэр дэвшигч Ж.Симион 41 гаруй хувийн санал авсан бол төвч үзэлт нэр дэвшигчид болох Крин Антонеску 21.5 хувь, Никусор Дан 17.8 хувийн саналыг тус тус аваад байна гэж Сонгуулийн хорооноос мэдээлсэн байна.
Румыний ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат 2024 оны 11 дүгээр сарын 24-нд болж, Оросын талыг баримтлагч, хэт барууны үзэлтэй нэр дэвшигч Кэлин Жоржеску ялсан юм. Гэвч тус улсын Үндсэн хуулийн цэц Оросын дэмжлэгтэй кампанит ажил сонгуулийн үйл явцыг К.Жоржескугийн талд эргүүлсэн гэж үзэн 2024 оны 12 дугаар сарын 8-нд явуулахаар товлосон ерөнхийлөгчийн хоёр дахь шатны санал хураалт, мөн 11 дүгээр сарын 24-нд болсон сонгуулийн эхний шатны дүнг хүчингүй болгожээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0