sonin.mn

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэр сайн ажиллаж байна үзэж байгаа вэ? 


-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ямар ажиллаж байгаа вэ гэж дүгнэхийн өмнө хоёр Засгийн газрын тухай ярих хэрэгтэй болно. Нэг нь 2021 оноос хойшхи Засгийн газар, нөгөөх нь УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар. Хамтарсан Засгийн газарт гурван намын төлөөлөл орсон. Боломжоороо ажиллах гээд хичээж байгаа гэж харж байгаа. 


Хэд хэдэн том төслүүдийг хөдөлгөх алхам хийсэн. Хил холболт, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц, уран зэрэг төслүүдийг хөдөлгөх алхам хийсэн. Удаан хугацаанд тодорхойгүй байсан эдгээр төслүүд явж эхэлж байгаа нь сайн тал гэж үзэж байна. 


Нөгөө талдаа хоёр асуудал байгаа. Эхнийх нь Л.Оюун-Эрдэнийн өмнөх Засгийн Газрын үед төсөв маш их тэлсэн. Ковидын үед болон түүний дараа маш их хэмжээний мөнгө зарцуулагдсан. Тэгэхээр энэ дээр яригдах ёстой асуудлууд байгаа. Хоёрдугаар асуудал нь хил холболт бол мэдээж чухал. Түүнийг дагаж орж ирсэн нүүрсний худалдааны гэрээний заалтууд дунд манай талд их алдагдалтай зүйлс орсон.


Сая Оросын “Роснефть” компанитай байгуулахаар ярьж байсан онгоцны түлшний хэлэлцээр буцаагдлаа. Мэдээж түлш бол манайд хэрэгтэй. Тэртээ тэргүй бид нар Оросоос л түлшээ авч байгаа. 


Гэхдээ тэр гэрээний дагуу Монголд их хохиролтой урт хугацааны тийм тулгасан нөхцөлүүд орж ирсэн. Тэгэхээр эндээс харвал хурдтай хөгжлийн төлөө хамтарч ажиллах нь зөв боловч Монголын эрх ашгийг хамгаалах тал дээр сул, бүх юмаа яаралтай гэж оруулж ирээд байгаа нь хамтарсан Засгийн газрын шийдвэрт эргэлзэх шалтгаан харагдаж байна. 


-Та Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?


-Монгол Улсын эдийн засаг өнөөдөр төсвөөс улам хамааралтай болж байна. Эдийн засаг дахь төрийн оролцоо ойролцоогоор 80 хувь, төсөв нь 35 хувь, бараг 40 рүү дөхөж байна. Тэгэхээр үүнийг бид нар багасгах бодлогыг явуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол 80 хувь чинь 90 хувь гараад явах нь. Уул уурхайн салбар ялангуяа стратегийн томоохон ордууд бүгд төрийн оролцоотой байх ёстой гэсэн тийм зарчмын хандлага яваад эхэлсэн. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгахдаа төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувьд барина гэсэн зорилтыг тавьсан. Энэ биелэгдэхгүй байна. Тэгэхээр төрийн оролцоог бууруулах, төсвийг багасгах, хувийн хэвшил, хүмүүс ажил хийгээд мөнгөө илүү их өөртөө үлдээх, эдийн засгийн хөдөлгөгч хүч нь Засгийн газар биш бизнес байх энэ тал руугаа явмаар байна. Энэ бол бүх намуудын мөрийн хөтөлбөрт туссан зүйл. Эдгээр алхамуудыг хийхгүй бол манай улсын эдийн засаг төвлөрсөн төлөвлөгөөт бараг 1990 оноос өмнөх шигээ болох нь. Түүний дараа эдийн засгаа дагаад нийгэм, улс төрийн харилцаа өөрчлөгдөнө. Бид нар тийм улс төрийн харилцаа руу ормооргүй байна. 


-Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй 14 мега төслийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ? 


-Эрчим хүчний төсөл, төмөр зам гэх мэт эдгээр төслүүдийг боломжоор нь явуулах нь зүйтэй. Харин бусдыг нь энэ хүнд үед хойшлуулах хэрэгтэй. Ялангуяа тэр Богд уулыг нүхэлж, төрийн том ордон байгуулах, Хөшгийн хөндийн хоосон тал газарт шинэ хот байгуулах, Хархорум хотын бэлтгэл гэж мөнгө зарцуулах гэх зэрэг зүйлүүдийг хойшлуулах хэрэгтэй. Бэлэг тэмдгийн үндэсний сэдэл үүсгэж байгаа гоё юмыг гоё гэдэг байдлаар нь л эхлүүлээд явмаар байна. Тийшээ мөнгө цутгах хэрэггүй. Тэгэхээр одоо энэ хүнд байгаа нөхцөлд зөвхөн хамгийн чухал цөөн төслүүд болох түлш, эрчим хүч, дэд бүтэц зэрэг төслүүдээ явуулах хэрэгтэй. Тэгээд л болоо. Бусад нь бол шаардлагаггүй бөгөөд царцаах хэрэгтэй гэж бодож байна. 


-Та “Хархорум гэдэг орчин үеийн шинэ хот байгуулахыг дэмждэггүй. UNESCO соёлын өвд бүртгэлтэй Орхоны хөндийгөө түмэн амьтан шавалдсан бохир хот болгомооргүй байна.Харин эртний нүүдэлчдийн төрийн төв хуучны хотуудаа ойролцоо талбайд нь уг төрхөөр нь сэргээн босгож жуулчны төв болговол сайнсан” гэж бичсэн байсан. Энэ талаараа тайлбарлаж ярихгүй юу?  


-Хархорум хотыг шинээр байгуулах санааг би анх үндэсний ой санамжийг сэргээх, хамтдаа нэг зүйлийг бүтээнэ гэсэн тийм уриа үзэл санааг нэгтгэх зорилготой юм болов уу гэж ойлгосон. Гэхдээ тэр хотын үзэл баримтлал нь жуулчин татах юмуу, үндэсний бэлэг тэмдэг юмуу эсвэл тээврийн дэд бүтэц, эдийн засгийн төв юмуу гэдэг нь огт ойлгомжгүй бүх юмыг нь хольчихсон байна лээ. Уул нь тус тусдаа ойлгомжтой байх ёстой. 


Миний бодлоор энэ бол үндэсний бэлэг тэмдэг болсон тийм гоё хот байх нь зүйтэй болов уу гэж боддог. Түүнээс биш тээврийн дэд бүтэц, эдийн засгийн төвлөрөл биш.  Ер нь Орхоны хөндий бол нүүдэлчдийн түүхийн хувьд бол бараг ариун газар. 


Монголчуудын өвөг дээдэс болох Хүн гүрэн, Түрэг, Уйгурийн төрт улс, Их Монгол улс гээд бүгд тэнд төвлөрч үүсэж бий болсон. Тэгэхээр тэнд онцгой бөгөөд маш гоё эртний хотуудын үлдэгдлүүд байгаа. Мөнгөтэй болоод үндэсний үзэл санаагаа сэргээе гэх юм бол эртний хотуудаа тэр төрхөөр нь байгуулмаар байна. Тэгэхээр энэ бол нэг тийм хамаагүй хөндөж болохгүй газар. Тэр утгаараа тэр газарт нэг их том айхтар том хот мот байгуулна гээд л шил толь болсон байшин барилга бариад л түүнийг дагаад баахан гэр хороолол үүсээд л зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй баахан айл хүрч ирж буухыг зөвшөөрч болохгүй. Одоо бол гоё төлөвлөчихнө гэж бодож л байгаа байх. Гэхдээ амьдрал бол хэцүү. Тийм болохоор үзэл санааны хувьд Хархорум хотыг жоохон тодорхой бөгөөд үндэсний уламжлалаа сэргээсэн үзэл санааны соёлын түүхэн төв маягийн чиглэл рүү хөгжүүлэх нь зөв болов уу гэж боддог.  


-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш үйл ажиллагаа, тэр дундаа гадаад бодлогынх нь үйл ажиллагаа нилээн дуулиан тарьж байна. Энэ талаарх таны байр суурийг сонсоё?


-Харамсалтай нь дэлхий даяараа их ойртсон ийм глобалчлагдсан чөлөөт худалдааг дэмжсэн энэ үе ингээд өнгөрч байх шиг байна. Тэгэхээр том гүрнүүд өөр өөрсдийнхөө хаяаг манасан ийм байдал руу орж байна. Тэгэхээр энэ бол Монголд мэдээжийн хэрэг сөрөг нөлөө үзүүлнэ. Гэхдээ бид нарт нэг их шууд айхтар нөлөөлөхгүй.  


Одоо Хятад болон АНУ зэрэг энэ том гүрнүүдийн хооронд маш том асуудлууд гарч байгаа. Бид нарт дамаар нүүрс, түүхий эдийн үнэ хямдарч нөлөөлөх байх.    


Нөгөө талаар олон улсын худалдаа далайн тээвэр багасаад бүс нутгийн хэмжээнд ороод ирэхээр манай түүхий эдийн ач холбогдол Хятадын зах зээлд нэмэгдэж таарна. Тэгэхээр нэг талаасаа бид хоёрхон хөрштэй учраас эдгээр хөршүүдтэйгээ хамтарч ажиллах нь гарцаа байхгүй. Тэр утгаараа тэр хөршийнхөө нүүрс, эрчим хүчний найдвартай түнш байх нь Монголын ашиг сонирхол мөн. Гэхдээ энэ нөхцөлд дэлхий ингээд хаагдаж байгаа учраас өөр худалдан авагч байхгүй шүү гээд үнээ унагаагаад ямар ч алдагдалтай нөхцлийг хүлээж авахад бэлэн их л хэмжээгээр авч байвал боллоо, болохгүй бол бартердаад ингээд төслүүдээ хэрэгжүүлье гэдэг хандлага бол буруу. Бид нар энэ дээр өөртөө таарсан хэмжээнд яриа хэлэлцээ хийхдээ өөрсдийнхөө ашиг сонирхлыг бодож л байх ёстой. Түүнээс биш манай улс нэг их учиргүй Трампын бодлого шууд нөлөөлөх хэмжээний том улс биш. 


-АНУ саяхан Хятадад маш өндөр худалдааны татвар ноогдуулсан. Тэр үүднээсээ зарим хүмүүс манайд орж ирдэг Хятадын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ цаашид өсөх магадлалтай гэж үзэж байгаа. Энэ талаар ямар бодолтой байна? 


-Ер нь дэлхий нийтээрээ худалдаа арилжаа жоохон эвгүй тийшээгээ болж байгаа. Тэр үүднээсээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх байх. Гэхдээ нөгөө талаар зах зээл нь бас хумигдаж байна. Өөрөөр хэлбэл худалдааны тарифаас болоод Хятадад үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний зах зээл багасна гэсэн үг. Тэр утгаараа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нэг их айхтар үнэд орохгүй байх л гэж бодож байна. 


-Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хийн хоолойн төсөл олон жил яригдсан. Таны бодож байгаагаар энэ төсөл үнэхээр хэрэгжих боломжтой юу? Хэрвээ хэрэгжихээр болвол энэ төсөл манай улсад ямар ашигтай вэ?  


-2017 онд Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх Орост айлчлаад 20 гаруй жил яригдсан энэ байгалийн хий дамжуулах хоолойг барихаар боллоо гэж мэдэгдсэн. Тэгээд тэр үед би энэ төсөл өнөө маргаашдаа хэрэгжихгүй, дор хаяж 10 жилийн дараа хэрэгжинэ гэж хэлж байсан. 


Хоёрдугаарт Монголчууд яагаад энэ төслийг ингэж их хүсч хүлээгээд байгаа юм шиг пиардаад байдгийг би ерөөөсөө ойлгодоггүй. Пиардана гэдэг чинь хүнд таалагдсан юмыг сурталчилахыг хэлдэг. Гэтэл би үүн дээр тэр таалагдсан зүйлийг нь олж харахгүй байгаа. 


Хийн хоолойн хувьд бол Орос, Хятад хоёрын хоорондох тохирооны асуудал. Тэгэхээр Хятадын өмнөөс бид нар ярих утгагүй. Өөрөөр хэлбэл Орос бол нийлүүлэгч нь харин Хятад улс худалдан авагч нь. Худалдагч худалдан авагч хоёр хоорондоо тохирчих юм бол бид нар нутгаараа дамжуулаад өөрт ашигтай байдлаар дамжуулах эсэхээ ярих ёстой. Тийм болохоор эхлээд Хятадын талаас хариуг нь сонсох хэрэгтэй. Түүнээс биш тэр улсын өмнүүр нь ороод л нэг их яриад байх сонирхол ч алга. 


-Сүүлийн үед урантай холбоотой асуудлууд нэлээн их яригдах боллоо. Үүнтэй холбоотойгоор зарим иргэдийн зүгээс ураныг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлэх боллоо. Ер нь Монгол Улс цаашдаа атомын цахилгаан станцтай болох нь зөв үү? Та энэ талаар ямар байр суурьтай байна?   


-Ураны хаягдлыг Монголд булшлах гэдэг асуудал бол байхгүй. Би бол түүний эсрэг байр суурьтай байдаг. Харин ураныг олборлож, шар нунтаг үйлдвэрлээд экспортонд гаргахыг би дэмждэг. Ялангуяа гуравдагч хөрш улс Монголд үйл ажиллагаа явуулах нь чухал байна. Байгалиасаа, мөн олон улсын нөхцөл байдлаас үүдээд газар зүйн хувьд бид нар тусгаарлагдмал. Одоо олон улсын нөхцөл байдал эвгүй болж байна. Тэгэхээр Монгол улс аль болохоор нээлттэй байдлаа хадгалж үлдэхийн тулд өөр улсуудын оролцоог нэмэх шаардлагатай. Тэр бол манай үндэсний эрх ашиг. Тийм болохоор би үүнд итгэл үнэмшилтэй байгаа. Ураны хор хөнөөлийн хувьд бол ер нь уран ч бай ямар ч уул уурхай хор хөнөөлтэй. Түүнийг зөвшөөрөгдөх хэмжээнд нь барих хянах ажил нь төрийн үүрэг. Тэр ажлаа төр хийх хэрэгтэй. Нөлөөллийн үнэлгээ тэгээд олборлолтын явцад яаж нөлөөлж байгаа юм гэдгийг хянах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тойруулаад хяналтын цооногууд өрөмдөөд дээж аваад байнга хэмжиж байх ёстой. Бас түүн дээр нь олон нийт нь хяналтаа тавьж байх ёстой. Түүнээс биш бид нар хийсвэр ойлголтоор Монголд хэрэгтэй зүйлийг нурааж огт болохгүй. 


-Атомын цахилгаан станцын тухайд яривал? 


-Атомын цахилгаан станц барина гэдэг бол ер нь техникийн хувьд их том асуудал. Гэхдээ яахав жижиг дунд хэмжээний цөмийн цахилгаан станцууд бол бортого шиг түлшийг нь авчирч хийгээд тэгээд түлш нь шатаад дуусахаар буцаагаад авч яваад сольдог ийм зүйл. Тэгээд энэ нь иймэрхүү байдлаар л Монголд хэрэгжих магадлалтай болов уу. Түүнээс биш бид нар цөмийн ураныг баяжуулаад цөмийн түлш гаргаж авна гэдэг бол бараг л боломжгүй зүйл.  


Одоо Оросын хойд туйлын бүсэд том цөмийн хөдөлгүүртэй усан онгоцнууд эрэг дээр зогсчихоод жижиг хот, тосгодын сүлжээнд холбогдоод цахилгаанаар хангаад байж байдаг.


Өөрөөр хэлбэл энэ бол зөөврийн цахилгаан станц гэсэн үг. Яг тиймэрхүү хэмжээний юмыг суурин байдлаар барихад техникийн хувьд шийдэл бол байгаа. Монголчууд түүнийг ажиллуулж сурна гэдэг бол их л зүйлийг сурна гэсэн үг. Ялангуяа инженер техникийн түвшинд нэг шат ахина. Ер нь бол манайд ийм төрлийн эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй. Тэгээд түүнийг Монголчууд ойлгодог, ажиллуулж чаддаг байх нь манай технологийн түвшинг өөр шатанд аваачина. 


-Уран гэснээс энэ ураныг эсэргүүцээд байгаа хүмүүсийн ард гадны улсын тусгай албад байгаа юм биш үү гэсэн хардлага зарим иргэдийн дунд байна. Энэ талаар ямар бодолтой байна?


 -Энэ талаар надад тодорхой мэдээлэл байхгүй байна. Яахав хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэх эрхтэй. Эсэргүүцсэн хүн болгоны ард заавал зохион байгуулалттай гадны хатгаас байгаа гэж хэлэх нь нэг тийм зохимжтой зүйл биш байх. Үнэхээр дургүй хүмүүс байж болно. Үнэхээр зохион байгуулалттай гадны хатгаас байгаа бол түүнийг Монголчууд ажиллаж илрүүлэх ёстой. Тэгээд эцсийн дүндээ Монголд аль нь хэрэгтэй байна. Монголын үндэсний эрх ашигт ийм эрчим хүчний эх үүсвэрийг ажиллуулсан нь зөв юмуу, үгүй юу гэдэгт бид дүгнэлт хийх хэрэгтэй. Бүх юм эерэг сөрөг талтай. Баланслаад л дүгнэлтээ гаргах ёстой. Миний хувьд үүнийг дүгнэж үзээд энэ гэрээ хэлэцээрийг дэмжих нь зүйтэй гээд саналаа өгсөн.

 

-Зарим судлаачид Орос Украины хооронд өрнөж байгаа энэ дайн Монгол Улсад маш том сургамж болох ёстой гэж үзэж байна. Та үүнийг юу гэж харж байна? Хэрвээ тийм бол бид яг ямар сургамж авах ёстой вэ?


-Хорин нэгдүгээр зуунд ертөнц шал өөр боллоо, дайн дажингүй боллоо, зэвсэгт хүчинд мөнгө төгрөг зарах шаардлаггүй боллоо гэж бид нар бодож байсан чинь амьдрал дээр шал өөр байдгийг одоо бид нар харж байна. Тэгэхээр энэ үүднээсээ бид нарт нэгдүгээрт суурь аж үйлдвэр хэрэгтэй. Хүнс хэрэгтэй. Мөн хүнс, эрчим хүч, дэд бүтэц, материалын тусгаар тогтнол хэрэгтэй. Тэгэхээр бид нар тийм айхтар нарийн төвөгтэй бүтээгдэхүүн биш масс металл хийц, эрчим хүч химийн суурь бүтээгдэхүүн, түлш шатахуун, ган, цемент, хүнс зэрэг эдгээр зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэдэг байх нь чухал. Тэр утгаараа бид нар эдгээр зүйлсийг бий болгохын тулд төрийн бодлогыг боловсруулах ёстой.  Үүн дээр төрийн бодлого яаж явах ёстой вэ гэхээр төрийн зүгээс энэ бүсэд, тэнд ийм үйлдвэр байгуулна гэж зурж төлөвлөхөөс илүүтэйгээр яавал түүнийг Монголын хол алслагдмал газар нутгийг эдийн засгийн үр ашиг багатай нөхцөлийг саармагжуулж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлж, татварын хөнгөлөлтийг нь багасгах вэ гэдэг дээр анхаарах шаардлагатай. Энэ чиглэлээр би УИХ-ын гишүүнийхээ хувьд ажиллаж байна.      


Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсанд танд баярлалаа. Таны цаашдын ажил үйлст амжилт хүсье. 



Ярилцсан Ж.Батдорж